sonin.mn

Монгол Улсад уул уурхайн боловсруулах салбар хэрхэн хөгжиж буй, техник технологийн дэвшил ямар түвшинд байгааг сонирхож МАК-ийн Технологи, судалгаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Манай улс экспортолж байгаа нийт нүүрснийхээ хэчнээн хувийг нь баяжуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Энержи ресурс”, “Монголын алт компани”-ийн хуурай бая­жуулах үйлдвэр гээд хэдхэн компани нүүрсийг баяжуулж байгаа. Гэхдээ зарим нь зогсчихсон байгаа. Нүүрсийг баяжуулна гэдэг нь ямар ч химийн технологи ашиглахгүйгээр механик аргаар тэнд байгаа чулууг зайлуулах гэсэн арга.

Үнэхээр чулуу багатай, сайн чанарын нүүрсийг баяжуулах шаардлагагүй шүү дээ. Тиймээс нүүрс бая­жуулна гэдэг нь маш эн­гийнээр гүн боловс­руулалт биш. Энэ нь зөвхөн тэнд байгаа чулууг багасгаад, тээ­вэрлэлтийн болоод цааш­дын үйл ажиллагааны зар­дал хэмнэх асуудал юм. Монгол Улс одоо жилдээ 18-20 сая тонн нүүрс олборлон экспортолж бай­гаа.

Үүний ихэнх хэсэг буюу бараг 100 хувийг бо­ловс­руулалтгүй гадагшаа гаргаж байна. Яагаад гэвэл болосруулах зарим үйлдвэр нь зогсчихсон шүү дээ. Цаашдаа боловсруулах асууд­лыг зөвхөн баяжуулах тө­­дийгүй баяжмалаа цааш хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудлыг ярих нь зүй­тэй болов уу. Дэлхий дээрх нүүрсний ердөө 30-40 хувь нь л баяжуулагдаж байгаа.

-Монголд 100 гаруй баяжуулах үйлдвэр байгаа гэдэг. Энэ үйлдвэрүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Техник технологи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж бай­гаа юу?

-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах үйлдвэрүүд ажил­­лаж байна.

Хамгийн олон хүн ажиллуулдаг хам­­гийн том, өндөр техно­логи­­тойд “Эрдэнэт” үйлд­­вэр, “Оюутолгой”, “Энер­жи ресурс”-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гээд гарын таван хуруунд баг­тахаарыг нэрлэж болно. Ха­рин төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж чанар­тай, технологийн хувьд өм­нөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж байна.

-Цаашдаа төр засгаас энэ салбарын юун дээр нь анхаарах ёстой вэ. Эрх­­зүйн болон хөрөнгө оруу­лалтын орчин гээд байнга хөн­дөгддөг сэдвүүд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ олон баяжуулах үйлд­вэрийг ядахдаа тех­нологи болон мэдээл­лээр хангах тал дээр Мон­голын ашигт малтмал бая­жуу­лагчдын холбоо болон бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Эрдэс боловсруулалт-2014” хур­лын үеэр зарим ком­панийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл хомс байдгийг харж болохоор байна.

Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэл­хийн жишигт нийцүүлэх, ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлд­вэрүүдэд аудитын шинжилгээ хийх ёстой.

Технологи, автомат­жуу­лалтын түвшин, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хувьд хөнд­лөнгийн хя­налт тавих ёстой. Тэгж байж энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөө­жийг улам сайжруулах, цаа­шилбал, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

-Зөвхөн баяжуулах үйлдвэр төдийгүй, бо­ловс­руулах үйлдвэрийг ба­рихад юу шаардлагатай бай­на вэ. Мөн боловсруулах үйлдвэрийн тоног төхөө­рөмжийн хувьд ямар түв­шинд байдаг юм бэ?

-Боловсруулах үйлд­вэрийн тухайд төр засгаас ойрын 10-20 жилд Монгол Улсын боловсруулах салбар ямар түвшинд хөгжих ёстой вэ гэдэгт нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зэс, төмөрлөг, хар металлург, нүүрс гэх зэргээр ангилсан бодлого үгүйлэгдэж байна.

Манайд салбар хоо­рондын уялдаа тийм ч сайн биш байдаг. Тухайлбал, химийн аж үйлдвэрийн салбар манайд хөгжөөгүй. Энэ төрлийн асуудлыг хариуцах яам ч байдаггүй. Уул уурхайн яам нь жилээс жилд өөр яамдын бөөрөнд наалддаг энэ байдал нь боловсруулах салбарын хөгжилд тушаа болж байна.

Тиймээс ирээдүйд зэс, хайгуулын асуудал чухлаар яригдаж байгаа энэ үед бусад томоохон боловсруулах үйлдвэрийн хувьд төр засгийн бодлого маш тогтвортой, залгамжтай, ойлгомжтой байх хэрэгтэй.

Ялангуяа манайх шиг улс төрийн амьдрал нь дөрвөн жилийн давтамжтай өөрчлөгддөг мөртлөө то­моохон төсөл хөтөлбөрүүд нь 5-10 жилд хэрэгждэг. Гэтэл энэ хооронд залгамж байдал, бодлого нь алдагдаад байгаа юм шүү дээ.

Иймэрхүү байдлаас үүдэн уул уурхайн бодлого цогц байж чадахгүй бай­на уу гэж би хувьдаа дүг­нэж байна. Хоёрдугаарт, томоохон үйлд­­вэрүүд, уул уурхайн бо­ловсруулах сал­барт төрийн оролцоо хэтэрхий их байна. Огт байхгүй байна гэж үгүй л дээ.

Төрийн оролцоо болбол менежмент нь буруудаж, үр ашиг нь багасч, зо­хицуулалт хийх чадвар нь багасчихдаг. Тиймээс олон улсын бизнесийн зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайлбал, бүх төр­лийн татвар байдлаар улс орондоо ашгаа өгч, тэр нь ард түмэндээ хүрэлцэж байх ёстой.

М.Уянга

Эх сурвалж: