sonin.mn

Гурван төрлийн шувуунаас жилд 30 сая төгрөгийн ашиг олдог

Намрын шаргал өдрүүд үргэлжилсээр. Навчсаа гөвөх моддын чимээ нэг л гунигтай. Насан багын дурсамж сэтгэл зүрхэнд нялхарч, чилийсэн урт өдөр дуусч өгөхгүй шаргалтана. Налгар намрын энэ л цагт их хотын дуу чимээнээс хэсэгхэн ч болов холдож, аяны жолоог хурдхан шиг л хөдөө тийш залах их хүсэл сэтгэл эзэмдэнэ.

Эрчилсэн их хүсэл минь надад Булган аймгийн Сэлэнгэ сумын зүг салхи татуулан давхих шалтгаан өгч, сэтгэл нийлсэн хэсэг нөхөдтэйгээ бартаат замын энхэл донхлыг үл ажран, энэ тэрийг хуучилсаар тус сумын тавдугаар баг “Хараагийн ар” гэх газар нар шингэхийн алдад ирлээ.

Уулын модод халуун галын илчинд түлэгдсэн дээл шиг хормойноосоо шарлаж, голын ус өглөө, оройн жаварт зайрмагтах нь элбэгшээд, зундаа голоо дагаад юутай хээтэйгээ умбаж байдаг айлууд энд тэнд, ганц нэгээрээ үзэгдэх ч биднийг угтаж авсан “Жарамгайн цөөрөм” нөхөрлөлийн захирал Л.Баатар гуайнх л ганцхан голоо бараадан буужээ.

Нутаг усандаа ааш аяг сайтай, хөдөлмөрч хичээнгүйгээрээ алдаршсан түүнтэй илүү гэрт нь элдвийг хөөрөлдсөөр цаг орой болсныг сая л анзаарав. Л.Баатар гуай “Манай энд их хүйтэн шүү. Сайн хучиж унтаарай” гэсээр гарч, бид ч унтаж амрахаар хэвтлээ.

“Хүүхдүүд сайхан амарсан уу, даараагүй биз”

Салхигүй дулаан хоно­сон ч өглөө нь өвсний тол­гойд цагаан хяруу буусан харагдана. “Хүүхдүүд сайхан амарсан уу, даараагүй биз” гэсээр гэрийн эзэн ач охиноо хөтөлсөөр орж ирэв. Хүн хөдөлмөрлөвөл юунд хүрдэг, түүгээрээ хэрхэн сайхан амьдарч болдогийг ажил үйлсээрээ харуулж яваа түүнийг “Эгэл амьдрал” буландаа урьсан юм.

Лундаагийн Баатар гуай 1960 онд Баянхонгор аймгийн Заг суманд төржээ. Долоодугаар ангиа төгсөөд мал дээр гарч, Улсын аварга малчин ижий, аав хоёртоо тус дэм болж байгаад номын мөр хөөж, Хөдөө аж ахуйн их сургуулийг 1985 онд малын их эмч мэргэжлээр төгссөн аж.

Улмаар малчин, малын их эмч, мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, сумын Засаг дарга, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гээд түүнд хийгээгүй ажил гэж үгүй. Харин нас дээр гарч, тэтгэврээ тогтоолгосны дараахан нутгаасаа гарч, хүсэл мөрөөдөл, “хобби”-доо хөтлөгдсөөр эл газар иржээ.

Ард түмэндээ барьж буй түүний бэлэг

Үнэндээ хувь хүний хобби гэж хорьж болдоггүй, хоржоонтой эд юмсанж. Хүн хүний хүсэл сонирхол өөр өөр байх ч тэрхүү зүйл нь хэн нэгэнд сонирхолтой, галзуу юм шиг таалагдаж, нөгөөд нь ямар ч утгагүй хөгийн эд санагдах.

“Эгэл амьдрал”-ын булангийн маань зочин Л.Баатар гуай одоогоос 20 гаруй жилийн өмнө хэдэн найзтайгаа Чулуутын голд загасчилж явахдаа зэвэг гэх загасыг анх үзэж, өөрийн “хобби”-гоо олжээ.

Төд удалгүй төрсөн нутгийнхаа Загийн хөх нуурт зэвэг, хадран үржүүлсэн. Түүний энэхүү гавьяаг нутгийн зон олон болон яам тамгын газраас өндрөөр үнэлж, жуух бичгээр хүртэл шагнасан байна.

Одоо Л.Баатар гуай төрөл бүрийн загас үржүүлж, Сэлэнгэ мөрөнд тавих эгэлгүй мөрөөдлөө биелүүлж явна. “Би Сэлэнгэ суманд ирээд булгийн голдиролд түшиглэн 50 мянган метр.куб устай хиймэл нуур байгуулсан.

Түүндээ алгана, улаан нүдэн, цурхай загас үржүүлж байна. Жилд 20 сая орчим төл загас Сэлэнгэ мөрөнд нийлүүлдэг” гэж ярих тэрбээр үүнээсээ нэг ч төгрөгийн ашиг хардаггүй аж.

Учрыг нь лавлавал “Загас үржүүлэх бол миний хобби. Тиймээс би нэг ч төгрөгийн ашиг хардаггүй. Энэ бол Монголынхоо ард түмэнд барьж байгаа миний бэлэг.

Ийм сайхан орны хүү нь болж төрсний хувьд энэ мэтийн бэлгийг эх орондоо барьж, ирээдүй хойч үедээ үлдээх баялгийг таслахгүй байх хэрэгтэй” хэмээн бахархаж, баярласан өнгөөр хариулсан юм.

Нас ахих тусам ижийгээ л их санадаг

Л.Баатар гуай хар ба­гаасаа л ан амьтан сонир­хох, ан авлах оролдлого хийхийнхээ хэрээр байнга л элдэв инээдтэй, хөгтэй адал явдалтай учирч явдаг хүү байжээ. Тэрбээр “Аав маань хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд би өрх толгойлж үлдсэн айлын том хүү болохоор бүхий л ажил миний толгой дээр буусан. Нар ургахаас жаргах хүртэл зав чөлөөгүй л явдаг байлаа.

Ядаж байхад “Өнчин хүнд ноён олон” гэгчээр дээрэлхэх, доромжлох, үл тоох хүн бишгүй л тааралдана. Тэр бүхнийг шүд зуун тэсээд л гарсан даа” гэж бага залуу насаа дурсав.

Харин “Хүн нас ахих тусам ижийгээ л их санадаг юм байна. Ямар ч том эрдэмтэн, мэргэд байсан ээжийгээ дурсахаар уйлдаг. Дэндүү тэнгэр шиг, уулаар бол өндөр сайхан хайрхан шиг нөмөр нөөлөгтэй, амьдралыг авч яваа нь эцэг хүн хэдий ч тэрхүү амьдралын хамгийн их хатууг туулж байдаг нь ээж. Ээж маань 11 хүүхэд төрүүлж, зөв хүн болгон төлөвшүүлж бүрэн бүтэн төрдөө хүлээлгэж өгсөн.

Өнөөдөр үр хүүхдээ өдий дайтай явааг тэнгэрээс харж байгаа байх. Миний ач, зээгээ тэврээд ингээд сууж байгаа минь тэр хүний л хайр ивээл, буян юм” хэмээн нүдэндээ үл ялиг доголон нулимс, сэтгэлдээ нууцхан гунигтай, санаа алдан өгүүлэх Л.Баатар гуай айлын гурав дахь хүү.

Хар багаасаа л олуулаа бужигнаж өссөн болоод ч тэрүү ганцаараа байх дургүй гэх. Тэрбээр өөрөөс нь салахгүй, өрөөл дээр очихгүй ач охиноо хэзээний л тэвэрч яваа харагдана. Өвөө, ач охин хоёр өдрийг их л хөгжилтэй өнгөрүүлдэг талаар гэрийн эзэгтэй хуучилсан юм. Үнэхээр ч тэр хоёрын үг, үйлдэл бүрийг ажих нь ээ, “Өвөөгийнх нь хөл өвдөөд байна” гэж учирлах ч өнөөх дэггүй шар охин нь хоёр, гуравхан алхчихаад буцаад энгэрт тэмүүлэх нь цаанаа л эгдүүтэй.

Өвөөгөө хаана л явна, тэнд гүйж харагдах энэ бяцхан шар охиныг Н.Марал гэдэг. Саяхан гурван нас хүрчээ. Л.Баатар гуай “Би гурван хүүхдээ загнаж, заримдаа занчдаг л байсан.

Харин ач, зээ нараа загнаж зандрах нь битгий хэл хажууд нь чангахан ч дуугарч чадахгүй юм. Хүн нас ахиад ирэхээр хүүхдэд өвдөг сөхрөөд л унадаг бололтой. Бас ач, зээгээ үр хүүхдүүдээсээ илүү хайрлаж, эрхлүүлдэг юм байна” гэсээр өөрийн эрхэлж буй жижигхэн эрчимжсэн аж ахуйгаа бидэнд танилцуулсан юм.

Богино хугацаанд хямд үнээр өндөр ашиг

Л.Баатар гуай гавьяа­ныхаа амралтад гарсан ч богино хугацаанд хямд өртгөөр өндөр ашиг олж болох эрчимжсэн аж ахуй эрхлээд таван жил болжээ. Тэрбээр цацагт хяруул, галуу, нугас гэсэн гурван төрлийн шувуу тэжээж, түүнээсээ жилд 30 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байна.

“Хамгийн бага орлого оруулж өгдөг шувуу бол галуу. Нэг галуу зургаан сарын хугацаанд сая төгрөгийн ашиг өгдөг. Жилд 40-60 өндөг гаргана. Хамгийн багаар бодоход 60 өндөгнөөс 20 дэгдээхэй бойжуулчихад л нэг дэг­дээхэйг 50 мянган төгрөгөөр зардаг. Цацагт хяруул бас зургаан сарын хугацаанд 60 өндөр гаргадаг. Үүнээс 20 дэгдээхэй бой­жуулаад авчихад нэг дэгдээхэйг 150 мянган төг­рөгөөр зарна.


Тэгэхээр 20 дэгдээхэй гурван сая төгрөг болно. Арван цацагт хяруул, мөн тооны галуутай байхад жилдээ 30 сая төгрөг өлхөн олчихно” гэв.

Түүний хэлж байгаагаар ганцхан өөрөөр нь зогсохгүй Монголын ард түмэн тэр чигээрээ эрчимжсэн аж ахуй руу орох хэрэгтэй гэнэ. Учир нь эрчимжсэн аж ахуй хүнээс нэг их зарлага, ажиллагаа шаарддаггүй ч асар богино хугацаанд хямд үнээр өндөр ашиг өгдөг аж.

Л.Баатар гуай 300 гаруй чоно агнажээ

Өнгөрсөн зун Л.Баатар гуай аавынхаа гэгээн дурсалд зориулж “Их дуудлага” нэртэй ном бичжээ. Энэ тухайгаа “Би 14 настайгаасаа чонотой амьдралаа холбосон. Түүнээс хойш 300 гаруй чоно агнаж, Монгол Улсын тэргүүний анчин болж байлаа. Тэгээд ч чонын амьдралыг дэндүү багаасаа мэдэх юм. Чонотой амьдралаа олон жил холбож, их ч олон чоно агнажээ.

Хүмүүс “Малын дайсан чоныг устгаж өглөө, баярлалаа” гэж надад талархдаг байсан ч дэндүү олон сайхан амьтны хайран амийг бүрэлгэсэндээ харамсаж явдаг. Тэр ч үүднээсээ чонын өрөвдөлтэй амьдралын тухай, чоно хэдийгээр тэнгэрлэг амьтан боловч хүний гарт яаж үгүйрэн дуусч байгааг өрөвдөхдөө энэхүү номыг бичсэн” гэж ярив.

Ийн ярихыг нь сонссон гэрийн эзэгтэй хажуугаас “Нөхөр маань их өрөвч, зөөлөн сэтгэлтэй. Бас их хөдөлмөрч. Тэгсэн атлаа гурван хүүхдээ их хатуу чанга хүмүүжүүлсэн. Ёстой л хайр нь дотроо, хал нь гаднаа хүн дээ” гэв.

Энэ хоёр хөгшин их сургуульд сурч байхдаа танилцжээ. Тэд ханилан суугаад хоёр охин, нэг хүүтэй болсон байна. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарч, ажил амьдралын мөр хөөгөөд явсан ч байнга л эргэж тойрдог аж.

“Дахиад ирээрэй”

Нэг мэдэх нь ээ, цаг орой болжээ. Нар уулын цаагуур орж, бүрэнхий болов. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг хойно бид ч хот руугаа хөдөллөө. Л.Баатар гуай ч “Эр хүний замын хүзүү урт. Дахиж заавал манайхаар ирээрэй. Хөгшин бид хоёр ингээд л угтана шүү” гэсээр үлдэв.

Яагаад ч юм, түүний “Социалист нийгмийн үед төр нь ард түмнээ аваад явдаг байлаа. Одоо үед төр бараг алга болсонтой адил байна.

Монголын ард түмэн олон намд хуваагдаж, бие биетэйгээ дайсагналцаж байна. Харин залуус маань битгий тэрсэлдээсэй. Мөнгө нь өмнөө, хүн нь хойноо байдаг нийгэмд сайхан амьдрахын тулд ах шигээ эрчимжсэн аж ахуй, ногоон эдийг засагт ороорой.

Заа­вал дээд сургууль төг­сөнө гэж зүтгэх хэрэггүй. Аав, ээж нь хэдэн төгрөгөө үрж дөрвөн жил сургахад төр чамд ажил өгөхгүй байгаа нь чамайг хаяж байгаатай адил. Тэгсэн дор тэр хэдэн төгрөгөөрөө шувуу тэжээж, загас үржүүлж асар их мөнгийг өөртөө бий болго” гэж аминчлан захиж хэл­сэн нь байн байн чихэнд сонсогдоно...

Б.Төрбат

Эх сурвалж: