sonin.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсон

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд Та БНХАУ-д тавтай морилно уу. Тантай дахин уулзах завшаан тохиолдсонд баяртай байна. БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр, БНХАУ, Монгол Улс  стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдлыг болсныг цохон тэмдэглэе.

Хоёр улсын хооронд хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улсууд улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж нөөц бололцоо  асар их буйг нотлон харуулж байна. Бид өнөөдөр хүрсэн арвин их түүхтэй хамтын ажиллагаагаа  цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж,  эрчимжүүлэх хэрэгтэй гэж би боддог.

БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе

Эрхэм УИХ-ын дарга Та энэ удаагийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдахад чухал түлхэц үзүүлэх “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна.

Энэ нь хоёр улсын парламент хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал билээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаанд  улс төрийн харилцан итгэлцэл чухал гэдгийг хэлэхийн сацуу Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе.

БНХАУ-ын дарга Си Зиньпин: Улаанбаатар хотын хэрэгцээг хангах боловсруулах үйлдвэр барих таны саналыг дэмжиж байна

Энэхүү уулзалтын  үеэр таны зүгээс хамтын ажиллагааны олон чухал саналыг дэвшүүлж байна. Таны хэлсэнчлэн, нүүрсийг хийжүүлэх төсөл, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана.

Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь энэ санал бол  Монголын ард түмний төлөө хийх ажил хэмээн дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар  Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын Душанбед хийсэн уулзалт маш чухал ач холбогдолтой болсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт нь улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлцлийг улам нягт болгож, эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад чухал уулзалт болсныг цохон тэмдэглэе.

Сүүлийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын үр дүнд, хоёр улсын транзит тээврийн асуудал, төмөр замын царигийн асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс нааштайгаар шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна.Эрхэм дарга Таны хэлсэнчлэн Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна.

Мөн Монголоос үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа  зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон юм.


Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.