sonin.mn

Хүмүүс ер нь нэг нэгнийхээ мууд дуртай байдаг. Магтаалыг зөвхөн магтуулж байгаа хүн л сонирхдог юм. Харин хэн нэгнийг муулаад байвал бүх хүн анхаарлаа хандуулдаг. Тиймээс мэдээллийн байгууллагууд олны анхаарлыг татахын тулд элдэв хар мэдээлэл цацах нь бий.

Нөгөө талаар гэрэл гэгээтэй, сайн үйлийн тухай мэдээллүүдийг төлбөртэй гэж харах хандлага үүсчихжээ. Гэхдээ мэдээллийн мэргэжлийн байгууллагууд юуг ямар түвшинд барих ёстойгоо ухамсарлаж ямагт гуравдугаар биеэс асуудлыг ил гаргадаг.

Харин интернэт орчин аль болох л хар мэдээллээр хучаастай байдаг болжээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв мэдээллийг цахим хуудсуудаар цацаж нэгэндээ харуулжбайна. Аливаа нэг хүний мэдээлэл дор түүнийг хамгийн адгийн нэгэн болохыг нотлох гэсэн сэтгэгдлүүд хөврөөстэй.

За тэгээд аав нь хүүгээ хэрцгийгээр зодсон, нөхөр нь эхнэрээ хөнөөсөн, халуун усанд шалзарсан гэх зэрэг сэртхийм мэдээлэл хамгийн олон хандагчтай харагддаг. Цөөн боловч дөрвөн ихэр хүүхэд гаргасан, дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн хүмүүсийн аж амьдралын талаар гэгээтэй мэдээлэл цацаж амьдралд нь амжилт хүсэх нь бий.

Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг хүүг хамжаад баатар болголоо шүү дээ сошиал ертөнц. Тэгэхээр хэрэв мэдээлэлд зөв хандаж чадвал нийгмээрээ баяр баясгалантай болж болох мэт.

Хүн бүрийн амьдралд цахим ертөнц нэгэнт байр сууриа олчихжээ. Фэйсбүүк хуудас л гэхэд эхэндээ найз нөхдөө олох хэрэгсэл байлаа. Одоо бол түүгээр дамжуулан элдэв янзын мэдээлэл л авдаг болсон.

Энэ талбарт зохион байгуулалттайгаар ажилладаг хүмүүс ч бий. Улстөрийнхөн тогооны хэдэн хүн өнөөдөр муу, маргааш сайн хүн болоод нөгөөдөр нь эргээд адгийн амьтнаараа дуудуулж байна. Тэдний зүг бүгд л хараагаа чиглүүлж муулж, маггаж харагддаг.

Энэ бүхнээс асар их стресс мэдрээд түүнийгээ дагаад амьдрал гандуу саарал мэт төсөөлөлтэй болчихсон хэсэг хүмүүс байгаад байх шиг байгаа юм. Тиймээс сайн мэдээг л бусаддаа түгээж хар бараан зүйлийг зүгээр л хараад өнгөрч байвал ямар вэ. “Сайн уу гэвэл сайн гэнэ ээ. Муугийн ёс биш монголын ёс" хэмээх мөртэй “Номин талст” хамтлагийн дуу байсандаа.

Ж.Энх

Эх сурвалж: