sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоод, ТББ-уудын удирдлага, төлөөллийг 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар Чех улсад байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” төрийн бус байгууллагууд болон зарим хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Зүмбэрэллхам Улаанбаатар хотноо 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан “Бүтээлч хамтын ажиллагаа” нэгдсэн чуулга уулзалтаар үүсгэн байгуулагдсан “Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийн талаар мэдээлж, тус зөвлөлд гишүүнээр элсэж, хамтран ажиллахыг уриалж, эх орныхоо хөгжлийн хандлага, гадаад харилцаа хамтын ажиллагааны талаар танилцуулав.

Мөн энэхүү уулзалтын үеэр ЭСЯ-наас Монгол, Чех Улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтрах ажиллах тухай хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэх шатандаа байгаа талаар болон иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх болон давхар иргэншлийн тухайд анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв.

Монгол Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрхэн хамтарч ажиллах шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, хаврын баяр, улсын баяр наадам зэрэг нийтийн баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, хоорондоо хүч боломжоо нэгтгэн монголчууддаа хүртээмжтэй дэмтэй ажиллах боломж бололцоо зэрэг олон асуудлаар төлөөлөгчдийн санал, сэтгэгдлийг сонсож зөвлөлдөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирлоо.