sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын нөлөө бүхий хууль тогтоогч Жан Дөзян даваа гарагт Бээжин хотноо Монгол Улсын парламентын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талуудын аль аль нь амлалаа.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жан хоёр талын харилцаа хөгжиж байгааг сайшааж, дээд түвшний айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл нэмэгдэж, практик хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг цохон тэмдэглэв.

Өнгөрсөн есдүгээр сард болсон Хятад-Орос-Монголын анхны дээд хэмжээний уулзалт нь Хятад болон Монголын хооронд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болсныг тэрбээр онцлов.

Мөн хөрш улсуудтайгаа БНХАУ харилцахдаа “найрсаг, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх” зарчмуудыг баримталдаг гэж хууль тогтоогч хэллээ.

Хоёр улсын парламентын хооронд хамтын ажиллагааны байнгын механизмыг бий болгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болон Монголын УИХ гарын үсэг зуржээ.

Харин стратегийн иж бүрэн түншлэлийг бий болгосноор Монгол-Хятадын харилцааны шинэ хуудас нээснийг З.Энхболд тэмдэглээд, хоёр улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү хувь нэмэр оруулахын тулд УИХ Хятадын талтай илүү нягт хамтран ажиллана гэлээ.

З.Энхболд нь Жаны урилгаар даваа, мягмар гарагт Хятадад айлчилж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: