sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2014.10.28/ хуралдаан 11 цаг 56 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

  Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танилцуулав.

 Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр (далайн гэж нэрлэдэг) чуулганаар далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн тухай конвенцийг хүлээн зөвшөөрч баталжээ. Тус конвенци нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын 37 гэрээ, конвенцид агуулагдаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн хэм хэмжээг нэгтгэн сайжруулж дахин боловсруулсан баримт бичиг аж.

 Уг конвенци нь худалдааны хөлөг онгоцуудын бүртгэлийн бохир тоннын нийт багтаамж нь дэлхийн худалдааны хөлөг онгоцуудын нийт багтаамжийн 33 хувийг бүрдүүлж байгаа Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн 30-аас доошгүй улс нэгдэн орсон тухай баримт бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болохоор хуульчлагджээ. Иймээс ОХУ, Филиппин улс энэхүү конвенцид нэгдэн орсон 29, 30 дахь улс болсноор уг конвенци 2013 оны 8 дугаар сард хүчин төгөлдөр болсон байна.

 Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд энэ конвенцид нэгдэн орж, заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг аж. Манай улс уг конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбааг мандуулан гадаад далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрах юм байна.

 Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

 Дараа нь Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны танилцуулгыг сонсов.

 Далай, тэнгист осолдсон хөлөг онгоц, хүмүүс болон эд хөрөнгийг аврах нь далайн тээврийн салбарын онцгой асуудал юм. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцид нэгдэн орсон улс орнууд нь далай тэнгист осолдож живэх аюулд орсон аливаа этгээдийг олж илрүүлсэн, тусламж шаардлагатай гэсэн хүсэлтээ мэдээлсэн, түүнчлэн живж байгаа болон мөргөлдсөн хөлөг онгоц, багийн гишүүд, зорчигчдод аль болох боломжтой хэлбэрээр тусламж үзүүлэх, осол аюулд орсон хөлөг онгоцонд өөрийн хөлөг онгоцны нэр, бүртгэгдсэн боомт, очих хамгийн ойрын боомтоо мэдээлж байхыг өөрийнх нь далбааг мандуулан хөвж яваа дурын хөлөг онгоцны ахмадад үүрэг болгох тухай шаардлагыг улс бүр хангаж ажиллах үүрэг хүлээдэг байна.

 Харин Аврах ажиллагааны тухай 1989 оны конвенцийн зорилго нь аврах ажиллагааны гэрээ байгуулах бүрэн эрхийг хязгаарласан үндэсний хууль тогтоомжид тусгасан тодорхой хэмжээний хязгаарлалттай холбогдон тэдгээр гэрээг байгуулахад үүсдэг саад бэрхшээлийг арилгах, ингэснээр аюул осолд өртсөн хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг тухайн цаг мөчид нь цаг алдалгүй явуулахыг хөхиүлэн дэмжих, аврагчдын нөхцөл байдлыг сайжруулах нэгдсэн дүрэм тогтооход чиглэгджээ. Аврах ажиллагааны гэрээг хөлөг онгоц, эсвэл бусад эд хөрөнгө далай, тэнгист осол аюулд орсон үед байгуулдаг байна. Ийм эрсдэл үүсэхээс өмнө байгуулсан гэрээг аврах ажиллагааны гэрээ гэж үздэггүй аж.

 Манай улс уг конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй. Харин Монгол Улсын далбааг мандуулан хөвж буй далайн хөлгүүдэд осол аюул тохиолдох, тэдний зүгээс далай тэнгист осолд орсон хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсний шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс хувьд зохицуулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгааг салбарын сайд танилцуулсан юм.

 Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь уг конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

  Дараа нь ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглан “Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно” хэмээн заасан хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг Тусгай хяналтын дэд хороонд үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгажээ.

 Уг тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаан хаалттай горимоор асуудлыг хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.