sonin.mn

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хууль, тогтоол тус бүрээр санал хурааж шийдвэрлэв. Ингэхдээ зарим хууль, тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Үүнд:

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Уг хуулийн төсөлд орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бодлогын хүрээнд орон нутагт тусгай зориулалтын шилжүүлгээр төлөөлүүлэн хэрэгжүүлж байгаа чиг үүргээс сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, соёлын үйлчилгээ, нийтийн биеийн тамир гэсэн чиг үүргийг орон нутгийн бие даан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгт шилжүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байсныг дэмжээгүй.

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөс олгох хувьсах зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан ялгавартай тогтоож байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг дэмжээгүй.

    Дээрх хуулийн төслүүд олонхийн санал аваагүйгээс шалтгаалан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хууль санаачлагчид буцаахаар тогтов.

Харин Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны нийт хүүдэд сар бүр 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэх нь зөв хэмээн шийдвэрлэв.

Дараагийн хэлэлцэх асуудал нь Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байсан ч хурал даргалагчийн зүгээс энэхүү төсөл доллараар тогтоосон татварыг төгрөгт шилжүүлэх тухай асуудал болохыг сануулаад Төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад дахин нягталж оруулж ирэх шаардлагатай юм. Түр хойшлуулах саналтай байна гэв. Энэхүү саналыг гишүүдийн олонх дэмжиж хэлэлцэхийг түр хойшлуулсан.

Үүний дараа Засгийн газар /борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай/ болон Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн /1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай/ “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх болоход гишүүд 100 хувь дэмжиж хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн.

Түүнчлэн, иргэний агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлөх тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн санал нэгтэй дэмжив.

Хуралдааны төгсгөлд тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өннөдрийн хэлэлцсэн асуудлуудаар ажлын хэсэг гаргаж цаашдын хэлэлцүүлэгт бэлтгүүлэх шаардлагатай тухай дурьдаад Ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Болорыг томиллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.