sonin.mn

  Ардчилсан намын хувьд хамгийн тогтвортой засаг огцрох эсэх нь шийгдэгдэх үе дээрээ явж байна. Үнэндээ 1996 оноос 2000 оны хооронд хамгийн их хор найруулж одоогийн МАН-тай хамтарч засгаа огцруулж байсан фракц энэ засгийг голлон удирдаж байгаа тул тогтвортой байж ч болох юм. 1996 онд хамгийн хувьсгалч, хамгийн реформистууд засгийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн, М.Энхсайхан, Да.Ганболд тэргүүтнүүд. Тэдний хийсэн зоригтой өөрчлөлтүүдийн үр дүнд одоо энэхүү зах зээлийн эдийн засгийн суурь тавигдсан. Тухайн үедээ хүнд байсан ч ирээдүйд, урт хугацаанд үр дүнгээ өгдөг аж. Харин соцдекүүд тухайн үед зүгээр суусангүй, тэд угийн муу нэртэй л дээ, зүүний опортунистууд гэж. Өөрөөр хэлбэл суусан газараасаа шороо заавал атгадаг хүмүүс. Тэд одоогийн МАН-тай ил далдаар хуйвалдаж олон засгийг унагав. Элдэв нэр  хоч зүүв.


              Гэхдээ энэ бол хувьсгалын онол. Хувьсгалчид цоорхой оймстойгоо засгаа байгуулж, засгаа удирдаад, мөн л цоорхой оймстойгоо огцорч мэдэх л улс. Харин зүүний опортунистууд бол одоогийнхоор арай л зах зээлжсэн хүмүүс юмуу даа. Тэд мөнгийг, бизнесийг, эдийн засгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл яс маханд нь шингэсэн зангаараа яавал эндээс Монгол улс ашиг олж болох вэ гэдгийг сайн ойлгоно. Яавал нэр хүндтэй болох вэ гэдгийг ч мэднэ. Тэр ч зангаараа халамжийн бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг. Ийнхүү Монгол улс 90 оны хувьсгалаас хойш Ардчилал зах зээлийн замаар 20 гаран жил явж ирхэд хувьсгалын чанартай бүх өөрчлөлтүүд хийгдсэн, бараг бүгд хийгдэж дууссан.


              Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Э.Бат-Үүлийг баатар цолоор шагнах гэхэд, угийн хувьсгалч хүн дургүйцэж гэнэ, тэгэхээр нь энэ том хувьсгалыг хийсэн олон мянган хувьсгалчидыг төлөөлж чамайг шагнаж байгаа юм гэсэн байдаг. Хэрэв зүүний опортунист нэг нөхрийг шагнах гэсэн бол яах бол? 

Гоёлын дээл бүстэйгээ хөнжил дотроо шөнөжин  нойргүй хонох биз. Ийм ялгаатай хүмүүс юм. Хувьсгалчид аливаа зүйлд хандахдаа үргэлж хувьсгалч аргаар ханддаг юм.

Энэ бол тэдний үндсэн арга, амьдралын философи. Эрх мэдэлд очвол дайснуудаа шууд буудан хорооно, зайлуулна, хэлмэгдүүлэн цөлнө. Коммунист хувьсгалчид тийм л байсныг түүх гэрчилнэ.
              Одоо харин бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Э.Бат-Үүл эрх мэдэлд хүрч, хотын дарга болсоны дараа эхлээд газрын наймаачид гэж нэрлэгдсэн барилгынхантай тэмцсэн. Улмаар ардчилсан хувьсгал ялаад 20 жил болчихоод байхад коммунист Лениний хөшөөтэй хотын дарга болсондоо ихэд гайхаж, хөшөөг авч хаяв. Ардчилал ялсан шүү хэмээх бэлэг тэмдгийн чанартай үзэл сурталын ажил.

Хувьсгалчдын өөр жишээ мундахгүй, сүүлийн үеийн хувьсгалч баатар бол хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газрын дарга О.Магнай. Хэрэглэгчид нь хувьсгалын онолоор бол ажилчин пролетарууд буюу дарлагдагч анги, нөгөө талд мөлжигч анги буюу үйлдвэлэгчид, худалдаачид, бизнесийнхэн байгаа. Тэгэхээр дарлагч ангийг дарж, тэдний үйл ажиллагааг хорьж, торгууль тавьж, бизнесийн нэр хүндэд нь халдаж хэрэглэгчидээ, пролетаруудаа хамгаалах нь хувьсгалч хүний ариун үүрэг мөн. Энэ үүргээ маш сайн биелүүлж байгаа учир О.Магнайн нэр хүнд ард түмний дунд сайн байгаа гэсэн.


             Нөгөө талаас сүгсэлзүүр гэх ойлголт бий. Баабарын тайлбарлаж хэлснээр сүгсэлзүүрүүд гэдэг нь юм хийж байгаа, засгийн газар, хүмүүсийг юм хийлгэхгүй дарамталж, шүүмжилж хэвлэл мэдээллээр ярилцлага өгөн, багахан жагсаал цуглаан зохион байгуулан огцруулна хэмээн сүрдүүлэгчдийг хэлдэг аж. Энэ нь цаашлаад явбал маш том ойлголт болох шинжтэй юм билээ.


             Н.Алтанхуягийг дэмжигч, эсвэл түүний бөгсийг долоогчдийн нэг би бол биш. Гэвч энэ удаад тэр юм хийж байгаа хүн юм байна. Э.Бат-Үүлд уул нь ард иргэд нийслэлийг хариуц гэж үүрэг өгсөн. Энэ үүрэг бол түүний хамгийн гол үүрэг. Тэрнээс Н.Алтанхуягийг огцруул гэж УИХ-ын гишүүд рүү утасдах үүрэг байхгүй. Улмаар сүгсэлзүүрүүдийн хамгийн түрүүнд сонгодог зам, арга хэрэгсэл болох ТВ-ээр ярилцлага өгөх болов. Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг, Энхбаяртай гэрээ хийлээ гэж эсэргүүцэж байх үед нь би түүнийг дэмжиж байна гэж жиргэсэн.(Хэдийгээр Э.Бат-Үүлийг би шүүхэд өгчихсөн байгаа ч)


              Гишүүд, олон нийт болон Ардчилсан намын лидерүүдийн эсэргүүцэл их байсан тул тэр даруйд нь Н.Алтанхуяг алдаагаа засаад гэрээг хүчингүй гээд зарлачихлаа шүү дээ. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг гэгч хүн засгаа л тогтвортой байлгах гээд, өөрөөр хэлбэл ажлаа л хийх гэж ядаад байгаа хүн юм байна шүү дээ гэж харагдаж байна. Харин Э.Бат Үүл Н.Алтанхуягийг огцруулах нь Ардчилсан намын гишүүдийн ариун үүрэг мөн хэмээн зарлаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл түүнийг огцруулах үйл ажиллагааг хувьсгалч үзэл суртлаар тэжээх гэж оролдож байх юм. За тэр Түгжил энэ тэр гэсэн толгой эргүүлсэн тэнэглэл ч яахав.

Э.Бат-Үүл бол зоригтой хувьсгалч хүн, түүнд Түгжил хэмээх хулчгар, бэртэгчин нэрийг нийгмийн зүгээс оноох гэж байгаа бол их л гунигтай хэрэг. Харин үргэлж Алтанхуягийг огцруулна хэмээн сүгсэлзэж явдаг сүгсэлзүүрүүдтэй хөтлөлцөөд хөшигний цаанаас гараад ирж байгаа нь буруу газраа буруу байршил эзлэх нь хичнээн эмгэнэлтэйг харуулна. Ийнхүү тэр Манай сүгсэлзүүрүүдийн эгнээнд хүч түрэн орж ирэв. Тавтай морил.


Т.Мөнх-Оргил