sonin.mn

Мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

   Тус хөгжлийн төвүүдэд орон тооны зохицуулагч, нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран хөгжлийн төвийн ажилтнууд болон орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /төв/-үүдийн дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 гаруй ажилтнуудыг хамарсан чадавхижуулах 5 өдрийн сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

   Энэхүү 5 өдрийн сургалтанд хамрагдсанаар Залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төслийн цаашдын тогтвортой байдал, талуудын оролцоо, болон хөгжлийн төвүүдээр үзүүлэх үйл ажиллагаа, өсвөлр үе, залуучуудтай хамтран ажиллах арга зүй, холбогдох мэдлэг мэдээллийг олж авхыг зорилго болгож байна.

Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудын чадавхижуулах сургалтыг нээж ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгий дарга Б.Отгонжаргалын хэлсэн үг:
 

2014.10.27

   Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье!
   Залуучуудын хөгжлийн төвийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтанд оролцож буй Та бүхэнд ХАХНХЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье!
   Уг сургалтыг хамтран зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа НҮБ-ын Хүн амын санд талархлаа илэрхийлье.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудал тэр дундаа залуучуудын хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна. Хүн амын дийлэнх хувийг эзэлдэг, улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлж байдаг залуучуудад чиглэсэн төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт, эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм. Иймээс бид Монгол Улсын төрөөс өсвөр үе, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого болон “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна.

   Мөн мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай залуучуудыг төлөвшүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийг хэрэгжүүлж байна.

   Төслийн хүрээнд сонгосон аймаг, дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдийг шинээр байгуулан төвөөр өсвөр үе, залуучуудад чиглэсэн хөгжлийн бүхий л төрлийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын ажилтнууд болон бусад талуудтай хамтран зохион байгуулах юм.

   Уг төслийн хүрээнд нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд үүний эхлэл нь өнөөдрийн энэхүү сургалт юм.   

Та бидэнд өсвөр үе, залуучуудтай хэрхэн ажиллах талын мэдлэг, ур чадвар арга барилд суралцах шаардлагатай байна.

   Энэ ч утгаараа энэ 5 өдрийн сургалт, семинарын гол зорилго, үр дүн нь орон нутгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэрэгжилтнүүд, Залуучуудын хөгжлийн төвд ажиллах ажилтнуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, мөн талуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэн энэ ажлыг гардан хариуцаж ажиллаж байгаа, ажиллахаар томилогдож байгаа хүмүүсийн төлөөлөл учраас энэхүү сургалтаас мэдлэгээ тэлж, мэдээллээ бусадтайгаа хуваалцаарай гэж хэлэх байна.    
   Ингээд сургалт, семинарын үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.

   Анхаарал тавьсанд баярлалаа.