sonin.mn

Хотын төв болоод алслагдсан дүүргүүдийн зам дээр тэмдэглэгээ байдаггүй учир иргэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаж, бэртэж гэмтэх нь ихэсч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулсаар ирсэн.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд автомашины ослын улмаас 460 хүн амь насаа алдсаны 37 нь хүүхэд байжээ. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 402 хүн зам тээврийн ослоор амиа алдсаны 34 нь хүүхэд гэсэн албаны мэдээлэл бий.

Энэ нь хүн ам цөөтэй манай улсын хувьд эмгэнэлтэй үзүүлэлт юм. Замын цагдаагийн газрын судалгааны албанд бүртгэгдсэн мэдээллээс үзвэл зам тээврийн осолд өртөгсдийн 86.5 хувийг 0-14 насныхан эзэлдэг байна. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгальмаагаас тодруулахад “Манай улс хэтэрхий материаллаг зүйлсийг шүтэх юм.

Өндөр өндөр барилга л бариад байхаас биш хүүхэд явах, хүн явах зам талбайгаа үлдээхгүй. Ер нь хүнээ бодсон төлөвлөлт алга. Гадаадын улс орон шиг нийт төсвийнхөө 10 хувийг хүүхдийнхээ төлөө зориулдаггүй юм гэхэд нэг хувийг ч гэсэн зориулмаар байна.

Үүнээс гадна манай байгууллага хүүхдийн зам тээврийн осолд өртсөн шалтгааныг судлахад 80 гаруй хувь жолоочийн буруугаас үүдэлтэй үлдсэн нь замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ болон явган зорчигчийн буруугаас болсон байдаг. Мөн жолооч нарт үнэндээ хариуцлага гэж алга.

Жолооны дамжаанд хоёр, гурван сар сууж хэдэн дүрэм цээжилсэн болоод төгсөхөөс биш харилцаа, хандлага, ёс зүй гэж огтхон ч алга. Японд замын хөдөлгөөний “Нэг минут хүлээ” гэдэг дүрэм байдаг гэсэн гэв.

Нээрээ ч нийслэлийн замуудад явган хүний гарц, тэмдэглэгээ бараг л байдаггүй. Үүнээс харахад төв болон туслах замын орох гарах гарц, шугам тэмдэглэгээг байнга сэргээж, шинээр хийх хэрэгтэй байгаа юм.

Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүддээ буруу үлгэр дууриалал үзүүлж, ногоон гэрэл асаагүй байхад мөн гарцгүй газраар зам хөндлөн дагуулж гарч харагддаг. Авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхүүдийг замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй, зөв боловсон оролцох талаар багш нар болон эцэг, эхчүүд зааж сургах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: