sonin.mn
 
Гадаадын хөрөнгө оруулалтыг бурханчилж болохгүй, буг чөтгөр болгох бүр хэрэггүй. Энэ талаарх улс төрийн үзэл суртлыг хэрхэн ойлгодог талаар ойлголт өгөх гэж “Гадаадын хөрөнгө оруулалт ба Прагматик национализм” (http://www.sonin.mn/news/easy-page/32940 ) , “Прагматик национализм (үндэсний үзэл”)-ийн тухай (http://economy.news.mn/content/191812.shtml) , “Гадаадын хөрөнгө оруулалт ба Үйлдвэржилт” ( http://www.sonin.mn/news/politics-economy/33555 ) , “ Гадаадын хөрөнгө оруулалт ба Татвар” (http://www.sonin.mn/news/politics-economy/33555 ) гэсэн хэд хэдэн тэмдэглэл бичсэн билээ. 
 
Гадныхныг “сэлэмдэгч” нь баатарлаг эх орончийн дүрд хувилдаг, тэдэнтэй хэлэлцээ хийгчид нь “эх орноосоо урвагчид” мэт харагдаж байгаа популизмын эрин цагийг Монгол ардаа орхих хэрэгтэй байна. Үүний тулд л бичээд байгаа хэрэг. 
 
Прагматик национализмын баримтлалтай байна гэдэг нь тооцоо судалгаатай, эрх ашгаа зөв хамгаалж, өөрийн болон гадаадынхны эрх ашгийг “тэнцвэржүүлж” чаддаг байх тухай юм.
 
Хэдхэн жилийн өмнөөс хөрөнгө оруулагчид “М-3” буюу Монгол, Мьянмар, Мозамбик гэсэн ижил нөхцөлтэй орнуудад яаж, хэрхэн хөрөнгө оруулах вэ, хэн нь илүү вэ гэж ярилцах болж. Битүү морьдын уралдаанд монгол морь хоцрох янзтай. 
 
Ардчилалд хожуу орж байгаа ч Мьянмар гадаадын хөрөнгө оруулалт татах гэж тун сайн суралцаж байгаа. Сингапур багш нар “Монгол шиг байж болохгүй шүү” гэсэн хичээл зааж байгаа дуулдана.
 
Ойрмогхоны мэдээ харвал Мозамбикт 40 тэрбум долларын хөрөнгө оруулалт орохоор болж байна. Тус улсын Ерөнхийлөгч нь “Бид дэлхийг өөрчлөх төлөвлөгөөгүй, харин улс орноо өөрчлөх төлөвлөгөөтэй” гэж гадаад хөрөнгө оруулалтад хандах хандлагаа тун прагматик маягаар тодорхойлжээ. 
 
Гэтэл манайд эргэн тойрон “дэлхийг байлдан дагуулах” гэсэн сэтгэлгээ. Үүх түүхээрээ, үүцийг нь нээж чадаагүй байгалийн баялагаараа мансууран согтуураад байна уу даа гэж бодогдох юм. 
 
Жил хагас Оюутолгойтой хэлэлцээ хийж. Үр дүн гардаггүй ээ. Өөрийгөө Чингис гэж бодоод өдөөс нь харж суугаа хүнээ Наполеон хэмээн дүрслээд хэлэлцээ хийж байгаа бол хэлэлцээ анхнаасаа бүтэхгүй. 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын тухай ярихаар өөдөөс нь 130 сая долларын татвар ярих, түүнийг нь популистууд олз болгон ярих нь эмгэнэлтэй бус уу. Татвар хууль номын дагуу зөв л байх ёстой. Хэд байхыг татварын ажилтнууд л шийдэх хэрэг. Татвар зөв буруу тогтоосон эсэх нь УИХ, Засгийн газрын гишүүдийн санаа зовох асуудал мөн байх, түүнээс биш 130 гэдэг махан тоо тойрч ярьвал төр маань популизмд бариулсан байна гэхээс өөр арга зам байхгүй. Тэдэнд том хөрөнгө оруулалт татах бодлого л чухал баймаар юм. Том жижиг асуудлыг хутган ярьж байгаагаас улс маань “ядуураад” байна. 
 
Ингэхэд хэлэлцээний ширээний ард суугаа хүмүүст “Trade-Off” гэдэг эдийн засгийн ухагдахуун байгаа эсэхэд эргэлзэж болохоор байгаа юм. “Trade-Off” нь хүмүүний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолддог зүйл.
 
Хоол авч идэх үү, хувцас авч өмсөх үү? Хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөх үү, аль эсвэл улсын цэцэрлэгт өгөх үү? Байрныхаа төлбөрийг хийх үү, интернэтийн төлбөрөө хийх үү? Амьдрал тэр чигээрээ үргэлжийн сонголт хийх асуудал юм. Хүн ямар ч сонголт хийсэн аливааг олж авахын тулд ямар нэг юм аа алдаж өгсөн байдаг. Өгч байгаа бол авна. Авч байгаа бол өгнө. Амьдралын хууль. 
 
“Trade-off” гэдэг ойлголтыг нэг хэлээд ойлгохоор монголчилсон үг эрээд олсонгүй. Хайж хайж “Алтан дундаж” хэмээвэл зохилтой санагдав. Өгөх, авахын алтан дундаж. Хэн хэнийхээ эрх ашгийг бодолцсон тул “дундаж”, хэн хэндээ ашигтай тул “алтан” бизээ. 
 
Алтан дундаж зөвхөн хоёрхон юмны дунд сонголт хийх тухай биш юм. Түмэн хүчин зүйлийн дундаас л сонголт хийх тухай юм. 
 
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд зөвхөн ашиг л хийх зорилготой. Тэдний ашиг хийе гэх хүсэл, бидний улсаа хөгжүүлье гэх хүслийг нэгтгэхийг алтан дундаж гэлтэй.
 
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн монгол ардын маань үг бий. Улс төрчид хөлөөрөө толгой хийчихгүй байхын тулд ойлголтоо жигдлэх шаардлагатай. Тийм нэгэн ойлголтод “Алтан дундаж” орно. 
 
Чамд мөнгө алга. Гаднаас мөнгө олох хэрэгтэй. Ашиг хайж яваа гадны мөнгийг тат. Орж ирсэн мөнгөнд нь ашгийг нь өг. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах анхны нөхцөл. Ингэснээр татвараа ав, чамд дутаад байгаа мөнгө, санхүүгийн бололцоогоо нэм, дотоод хөрөнгө оруулалтаа өсгөх бололцоогоо нэм, хүн ардаа ажилтай амьдралтай байлга, технологи олж ир, үйлдвэрж, хөгж. Хүний болон өөрийн эрх ашгийг тэнцүүлэхийг “Алтан дундаж” гэнэ. Үүнийг л прагматик национализм гээд байгаа. Өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд националист бай, хүний эрх ашгийг бодолцохын тулд прагматик бай.
 
Прагматик национализм хэмээх баримтлалаар нэг удаа боловч Монголын өнөөгийн байдал, гадаад хөрөнгө оруулалт тойрсон асуудлуудаа эргэж харах хэрэгтэй. 
 
Оюутолгойтой хэлэлцээний ширээний ард суухдаа “Алтан дундаж”-аа олж, түүнийгээ ард түмэнд тайлбарлаж чаддаг байх ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулагч нартай хийж буй “эрэлхэг баатарлаг хэрүүл” монголчуудад хэрэггүй. Үр дүн хэрэгтэй байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан