sonin.mn

    2012 оны УИХ-ын сонгуулиар олонхи иргэд АН-д итгэл хүлээлгэсэн. Нийт 1155823 сонгогчдын 517 707 иргэн санал өгч олонхи болгосон. Үүний үр дүнд 34 суудалтай болсон. "Олонхи болсон улс төрийн хүчин засгийн газраа байгуулна" гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Тэр зарчимаар байгуулсан.  Тиймээс  МАН олонхи иргэдийн сонголтонд хүндэтгэлтэй хандах ёстой. Үндсэн хуулинд хүндэтгэлтэй хандах ёстой.

МАН бол цөөнхийн төлөөлөл. Нийт сонгогчдоос 395413 иргэний санал авсан. Иргэдийн сонголт болон итгэлд аль ч улс төрийн хүчин хариуцлагатай хандах ёстой. н. Батзандан гишүүн Баянзүрх дүүргийн 44390 иргэний итгэлийг хүндэтгэх ёстой. Тойргийнхоо иргэдийн сонголт, итгэлд хариуцлагатай хандах ёстой.

Засгийн газар байгуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж дэмжсэн болохоос ЗГ-аа татан унагаа гэж санал өгөөгүй нь лавтай. ЗГ-ыг огцоруулахаар гарын үсэг зурж буй гишүүд хүртэл иргэдийн олонхийн сонголтонд хариуцлагатай хандах ёстой. Итгэл даах чадвараа харуулах хэрэгтэй.

    2016 оны ээлжит сонгуулиас өмнө Монголын эдийн засаг сэргэсэн байх ёстой. Эдийн засгийг эрчимжүүлж хэрэггүй. Чадах ч үгүй юм байна. 2016 оны 6 сар хүртэл 100 биш 600 гаруй хоногт эдийн засагаа сэргээж хариуцлагаа хүлээ.

Инфляциа 19.5 хувиасаа буулгах хэрэгтэй. Монгол банк бодлогын хүүгээ 12 хувиас буулгах хэрэгтэй. Гадаад вальютын хөөрөгдлийг  буулгах хэрэгтэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгаж алдаагаа засах хэрэгтэй. Эдийн засагаа сэргээж гадаад өрөө төлөх мөнгөө босгох хэрэгтэй.

    Иргэдийн олонхийн сонголтоор баталгаажсан Засгын газарт хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хариуцлагыг нэг мөр тооцох нь зөв. Өнөөдөр засаг бүрдүүлж буй АН-д үүрэх хариуцлагыг нь үүрүүлж, хариуцах хариуцлагыг тооцох хэрэгтэй. Үүний тулд парламентад суудалтай болон суудалгүй намууд засгийн ажлыг хийлгэхгүй гацаа болж суудгаа больмоор байна.

Монгол улс нэг намын тогтолцооноос гарч олон намын тогтолцоонд шилжсэнээр шинэ нийгмийг бий болгосон хэдий ч өнгөрсөн 24 жилийн хугацаанд 4 жилийн хугацаатай 6 удаагийн сонгууль хийсэн боловч үе үеийн эрх баригчид, сөрөг хүчин, бие даагчид 2 жил сонгууль хийж 2 жил улс төр хийж шоудаж ирлээ.

Одоо энэ байдлаасаа гарах ёстой. Тэднийг хэлсэн үгэндээ эзэн болохыг нь харъя. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхийг нь үзье. Бондын хөрөнгө оруулалтын сайн ч, муу ч үр дүнг нь тэд үүрэх ёстой.

    Эрх баригчид 24 жил ард түмний эрх ашгийг уландаа гишгиж намынхаа, бүлгийнхээ,  фракцын, хувийн эрх ашигаа эрхэм зорилгоо болгон өмнө тавьж ирлээ. Тиймээс" улс төрийн соёл" гэдэг ойлголт үгүй болж "Үндэсний язгуур эрх ашиг" хөсөр хаягдлаа. Монголын ард түмний сонголт үнэ цэнэгүй болж, ард түмэнд Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрх баталгаагүй болж байна.

Монгол консерватив нам