sonin.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналтын асуудлаар 2014 онд Эрүүл мэндийн сайдын томоохон 2 тушаал гарсан байна.  Эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт хяналтын тогтолцоо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, хийгдэх үйл ажиллагааны жагсаалт, мэдээ, мэдээллийн журмыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 тоот тушаалаар, харин Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй хобоотой халдвараас сэргийлэх чиглэлээр 12 зааврыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалаар тус тус баталсан байна.

 Эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын талаарх тушаал шийдвэрээ шинэчилснээр нийт төрийн болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагууд, түүнчлэн зарим төрлийн гоо сайхны үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хэрэгжүүлэхэд ойлгомжтой дагаж мөрдөх заалтуудыг оруулж өгчээ.

 Түүнчлэн 2014 оны 6 дугаар сард энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулан ЭМЯ-наас олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын хэмжээний симпозиумыг зохион байгуулжээ. Тус хуралд аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллагуудаас төлөөлөгчид оролцож, тэдэнд батлагдан гарсан дээрхи хоёр тушаалыг бүрэн танилцуулжээ. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас нийт аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тушаалыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр албан бичгийг хүргүүлжээ.

 Өнөөдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 29-нд Халдварын сэргийлэлт хяналтын зохицуулах зөвлөл хуралдав. Энэхүү хурлаар зарим асуудлыг хэлэлцлээ. Эмнэлгээс шалтгаалсан халдвараас яаж сэргийлэх вэ гэдэг асуудал маш чухал, сүүлийн жилүүдэд эмнэлгээс шалтгаалсан халдварын тоо буурч байгаа ч гэсэн бүрэн мөсөн алга болохгүй байгаа гэдгийг дурдаж байв. Мөн дээрхи тушаалуудын хэрэгжилтийг орон нутагт сайжруулахад хэрхэн анхаарах талаар ярилцсан юм. Түүнчлэн телемедициний сүлжээг ашиглан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад цахим хурлыг зохион байгуулах нь зөв гэлээ.

Халдварын сэргийлэлт, хяналтын зохицуулах зөвлөлийн хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг, ЦССҮТ-ийн дэд захирал Т.Алимаа, ЭМЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ нарын хүмүүс оролцлоо.