sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. БНАСАУ-ын хүний эрхийн байдлын талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа Пхеньяны эрх баригчид харуулж эхэллээ. Энэ тухай НҮБ-ын Умард Солонгосын хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгч Марзуки Дарусман НҮБ-ын Ерөнхий Ассемблейн гуравдугаар хороонд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Түүний үзэж буйгаар, НҮБ-ын дэргэд байгуулагдсан Умард Солонгост хүний эрхийг зөрчсөн хэргийг мөрдөн шалгах комиссын сүүлийн илтгэл нь тус улсын эрх баригчдын хандлагад нөлөөлж болох юм. Уг илтгэлд тус улсын удирдлагыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө хариуцлагад татах хангалттай үндэслэл байгаа аж.

Дарусманы хэлснээр, тэрбээр 10 дугаар сарын 28-нд АНУ-ын Нью-Йорк хотод Умард Солонгосын дипломатуудтай анх удаа уулзсан байна. Тэд түүнийг тус улсад айлчлахыг зөвшөөрсөн боловч хариу шаардлага тавьжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ыны талаар дурдсан хэсгийг тус улсын хүний эрхийн байдлын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслөөс хасах, мөн Умардад хүний эрх зөрчсөн хэргийг Гаагын Олон улсын эрүүгийн шүүхээр /ОУЭШ/ хянан хэлэлцүүлэхээр шилжүүлэн өгөхгүй байхыг Пхеньяны эрх баригчид шаардаж байна гэж НҮБ-ын тусгай илтгэгч мэдээлжээ. Уг тогтоолын төслийг 11 дүгээр сарын 18-нд хянан хэлэлцэх юм.

Д.Жаргал

Эх сурвалж: