sonin.mn

Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас аж ахуй нэгжүүд олноор татан буугдаж байгаа тухай мэдээллүүд цацагдах боллоо. Тэр тусмаа энэ оны байдлаар 50 мянга гаруй хуулийн этгээд татан буугдсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гаргасан мэдээллээр 2014 оны 9 сарын байдлаар 609 аж ахуй нэгж татан буугдсан байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасны болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг Улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2010-2014 оны гуравдугаар улирлын байдлаар 136949 хуулийн этгээд бүртгэсэн байна. Үүнээс зөвхөн татан буугдсаныг 2089 бүртгэжээ.


Тухайлбал, 2010 онд 561, 2011 онд 202, 2012 онд 204, 2013 онд 513, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 609 аж ахуй нэгж татан буугдсаныг бүртгэсэн байна. Сүүлийн 5 жилийн дунджаас үзэхэд жилд 500-600 орчим компани татан буугддаг нь судалгаагаар харагдаж байгаа юм.
Компанийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсан тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ”, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн цахим хуудсаар дамжуулан тоон мэдээллийг олон нийтэд сар тутам тогтмол хүргэн мэдээлж байна.


Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь татан буулгасныг бүртгэхдээ дээрх холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр, шүүхийн шийдвэрээр, хуульд заасан бусад үндэслэлээр бүртгэж, нийтэд мэдээлдэг юм.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР