sonin.mn

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай аймгийг хөдөө аж ахуй, газар тариа­лангийн гол бүс нутаг гэд­гийг мэд­нэ. Зуншлага ч их сайхан бол­сон бололтой. Харин өвөл­­жилтийн бэлт­гэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тийм ээ, зуншлага их сайхан болсон. Ургац арвин, мал таван төрөлдөө өссөн. Засгийн газрын тогтоолын дагуу энэ жил бид 1150 орчим тонн өвс, 300-гаад тонн малын тэжээл бэлдэх үүрэг авсан.

Малын тэжээл, өвсөө төлөвлөгөөнийхөө да­гуу хураахаас гадна нөө­цөө бүсчилж хадгалдаг. Өвөл­жилт хүндэрсэн үед Өвөрхангай, Архангай, Дунд­­­­говь, Төв аймгийн мал­­­чид манайх руу их орж ирдэг болохоор ийм арга хэмжээ авч байгаа юм.

Газар тариалангийн хувьд 80 мянган га эргэл­тийн талбайтай. Жилд 32-36 мянган га-д тариалалт хий­дэг. Улаанбуудай нэг га тал­байгаас 20-иос дээш центнер гарлаа. Энэ нь Булган аймгийн түүхэнд сүүлийн хэдэн жил тохио­гоогүй өндөр үзүүлэлт.

-Ургацаа хурааж дуус­сан уу?

-Тийм. Одоо үтрэм дээр сэврээх үйл ажиллагаа яваг­даж байна. Хэдийгээр энэ жил харьцангуй сайхан өнтэй жил болж, ургац ху­раалт сайн байгаа ч нэг бэрхшээл бий.

-Ямар?

-Манайд төмсний бор­луулалт их муу.

-Тийм гэж үү. Гэхдээ танайх дотоодоо төмсөөр хангаад зогсохгүй зэргэл­дээх аймгууддаа хүртэл бор­луулдаг шиг санагдах юм?

-Чиний хэлж байгаа чинь зөв. Гэвч төмсний хадгалалт их хүндрэлтэй байна. Стан­дартын зоорь, агуулах бай­даггүй. Тиймээс намрын цагт борлуулах гэхээр өнөөх компаниуд нь авахгүй юм. Зориулалтын бус саванд хад­галахаар муу­дах, хөлдөх аюултай. Үүнээс болж төмс­ний тариалалт багасах ханд­лагатай болсон.

-Энэ жил Монгол Улсын Засгийн газар анх удаа бү­рэн бүрэлдэхүүнээрээ та­най аймгийн Хутаг-Өндөр суманд ирж хуралдсан. Үүнийг “том боломж” гэж харж байлаа?

-Тийм ээ, бид хэд хэдэн асуудал тавьсан. Үүний үр дүнд Хутаг-Өндөр суманд 30 мянган тонн улаанбуудайн элеватор барихаар болсон. Энэхүү элеватор нь бүсийн хэмжээнд үйл ажил­ла­гаагаа явуулна. Таван том тариалангийн бүс нут­гийн будааг хадгалах зориу­лалт­тай. Суурь, шав нь тавигдаад хөрөнгө, санхүү нь шийдэгдээд явж байна.

Дээр нь төмс, хүнс­ний ногоо хадгалдаг стан­­дартын агуулах ба­рих саналаа Хүнс, хө­дөө аж ахуйн яаманд улам­жилсан. Ингэж нэгдсэн том агуулахтай болохгүй бол төмс, хүнсний ногооны тариалалт, бор­луулалт явахгүй нь. Энэ мэт ахиц­тай ажлуудыг Зас­гийн газ­рын хуралдааны үеэр уламжилж, тэд ч нэг шийд­вэрт хүрсэн.

-Та мөрийн хөтөл­бөртөө Булган аймгийг жишиг хот болгох зорилт дэв­шүүлсэн. Өнгөрсөн ху­­га­цаанд ир­гэдийнхээ нийгмийн амьд­ралыг дээш­­­­лүүлэх, ажил­гүйд­лийг бууруулах тал дээр ямар ажлуудыг хийв?

-Аймгийн Засаг даргаар томилогдоод хийх хамгийн эхний ажил маань мөрийн хөтөлбөрөө батлуулах бай­сан. Мөрийн хөтөлбөртөө Булган аймгийг жишиг хот болгох зорилго тавьсан нь үнэн. Жишиг хот гэдэг нь хүн амьдрах нөхцөлийг л бий болгоно гэсэн үг. Тийм ч учраас Булган аймгийг хот болгох, 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого гаргаад ажиллаж байна.

Манай аймаг бага хүн амтай. Тиймээс хүн амаа өсгөх бодлого барьж байна. Хам­гийн эхэнд аймгийн төв төдийгүй сум­дыг орон сууц­жуулах хөтөл­бөр хэрэг­жүүлж байна. Энэ жил аймагт 120 айлын орон сууц ашиглалтад орсон. Мөн 17 тэрбум төгрөгөөр айм­гийнхаа инженерийн шу­гамыг бүрэн шинэчилсэн. Нийг­мийн чиглэлийн бү­тээн байгуулалтын ажил ч хийж байна.

-Тухайлбал?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зах болон бусад ба­рилга байгууламж ба­рихаар төлөвлөсөн. Би­түү зах барихаар төсөв хө­төлбөр боловсруулаад зургийг нь гаргачихсан. Айм­гаас 500 сая төгрөг гар­гаад ажил нь эхэлчихсэн явна. Нэг ээлжиндээ 25-30 хүн хүлээж авах чадалтай ахмадын сувилал шинээр барьж байна. Ингэж байж л иргэдээ Булган аймагтаа тогтоон барих юм.

-Гэхдээ ир­­гэдэд хам­гийн их тул­гамд­даг асуу­дал бол эм­­нэлэг, сур­гууль, цэцэр­лэг. Гэтэл танай сургууль, цэ­цэр­­лэгийн ба­рилга илт хуу­чирсан нь харагдаж байна?

-Булган аймагт 1990 оноос хойш шинээр нэг ч сургууль, цэцэрлэг бариг­даагүй. Яах вэ, байгааг ба­рил­гаа засч, янзлаад явж байна. Ер нь сургууль, цэ­цэр­лэгийн барилгууд нэ­лээн муудсан байгаа нь үнэн.

Одоогоор 640 хүүхдийн хоёр сургууль, 150 хүүх­­дийн багтаамжтай цэцэр­лэгийн ба­рилга баригдаж байна. Эдгээр барилга ашиг­лалтад орчихоор бид ойрын хэдэн жил санаа зовох зүйлгүй. Харин эмнэлгийн хувьд 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад өгөхөд бэлэн болж байна.

-Өдрөөс өдөрт Эрдэнэт хот хаяагаа тэлж байна. Газар нутгаасаа болж та­най хоёр аймгийг байнга маргадаг гэж сонссон?

-Эрдэнэт, Булган хоёр сүүлийн 10-аад жил үнэ­хээр газар нутгаасаа болж маргаантай байгаа. Сая Орхон аймгийн Засаг дарга­­тай уулзаж, хамтарч ажил­лах гэрээ байгуулсан. Яах аргагүй Эрдэнэт хот тэлж байна. Газар нутаг байх­гүйгээс манайх руу орж ирж байгаа нь үнэн. Үүнээс болж бөөн мар­гаан үүсдэг.

Тэгэхээр айм­гийнхаа хи­лийн заагийг тогтоох хэрэг­тэй. Иргэдэд ямар газар амь­дарч бай­гаагаасаа шалт­гаалж шил­жүүлгээ л хий гэдэг шаард­лагыг тавьж байна. Газар нутгийн байд­лаас болж байгалийн болон малын хулгай их гарч байна.

-Тодруулбал?

-Манайх жилдээ 19 мянган куб.метр мод түлж байхад Эрдэнэт хот 85 мянгыг түлдэг. Түлж байгаа ихэнх мод нь манай аймгийнх байдаг. Үүнийг дагаад модны хулгай их гардаг. Эрдэнэт хот өнөөдөр бүх постоо нээчихсэн. Мод ачсан машин болгоныг чө­лөөтэй оруулж байгаа.

Дээр нь идэшний цаг бол­чихсон байна. Хоёр үхэр нядлаад л ачаатай модныхоо дунд хийгээд постоор ороход хэн ч анзаарахгүй. Иймэрхүү зовлон их байх юм. Үүнд Эрдэнэт хоттой хамтарч л ажиллахаас өөр замгүй. Хамгийн наад зах нь мод, малын захыг нэгдсэн байдлаар байлгаж хоёр талаасаа хяналт тавих хэрэгтэй.

-Ингэхэд Рашаант су­манд пост бариулахаар 85 сая төгрөг төсөвлөсөн гэж сонссон. Харин иргэд мянганы замаа дагаад Баяннуур суманд баривал илүү ашигтай гэж ярих юм билээ?

-Иргэдийн хурлаас Ра­­шаант суманд 85 сая төг­рөгөөр том пост барих шийд­вэр гаргаад явж байтал Өвөрхангай, Архангай, Булган гурван аймгийн зааг дээр улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар пост барих шийдвэр гар­чих­лаа. Тийм байхад бид Рашаант суманд давхар пост барих шаардлага байхгүй. Тэрийг бид шил­жүүлчихсэн. Харин Баян­нуур уу, Дашинчилэн үү. Одоохондоо сонгоогүй байна.

-Аймгаасаа баян Засаг дарга нарын тоонд таны нэр багтжээ. Тухайлбал, таны талаар тэрбум 479 мянга 729 төгрөгийн хөрөнгөтэй. Дээр нь 333 сая төгрөгийн техник хэ­рэгсэлтэй. Мөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэтчилэн тоо баримт дурьдсан байдаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ мэдээллийг эрт гарсанд нь баярлаж байна. Сонгууль дөхөж бай­хад гар­сан бол намайг баа­хан идэж уусан гээд л хардах байсан биз. /Инээв/ Яах вэ, би За­саг дарга болохоосоо өмнө биз­несийн салбарт ажиллаж байсан. Тэр хугацаандаа Булган аймгийнхаа төвд ху­вийнхаа хөрөнгө оруу­лалтаар үйлчилгээний төв барьсан юм. Тэрийгээ л зах зээлийн ханшаар үнэлсэн.

-Зах зээлийн ханш гэдэг нь?

-Нэг тэрбум 100 сая төгрөгөөр.

-Тэгвэл 300 гаруй сая төгрөгийн машин унадаг гэдэг нь үнэн байх нь ээ?

-Арай ч 300 сая төг­рөгийн машин биш ээ. Яах вэ, миний нэр дээр хоёр машин байдаг. Дээр нь ааваас уламжлагдаж ирсэн хөөрөг зэргийг хүмүүс бич­дэггүй юм билээ. Би л биччихсэн юм. Тэр нь л ингээд ийм яриа гаргахад хүргэсэн байх.

-Танд ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол бий юу?

-Яг өнөөдөртөө бол байх­гүй. Ямар ч байсан дөр­вөн жил Засаг даргаар ажил­ласан дүнгээ ард иргэдээрээ үнэлүүлнэ. Тэд надад ямар дүн та­вихаас шалтгаална. Н­э­гэнт улстөрд ороод явж байгаа хүний хувьд юмыг хэрэгжүүлж хийх, улс ор­ныхоо төлөө зүтгэх бодол бол байгаа.

-Тэгэхээр нэр дэвшиж магадгүй гэсэн үг үү?

-Өнөөдөртөө бол тийм бодол байхгүй. Гэхдээ нөхцөл байдал хааш эргэ­хийг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Засаг даргынхаа ажлыг үнэ­лүүлж, дүг­нүүлэхийг л хүсч байна.

Б.Төрбат

Эх сурвалж: