sonin.mn

Тамын тогооны үлгэр гэж ярьдаг. Монголчуу­дад байгаа тамын тогоо манаачгүй байдаг. Яагаад гэсэн чинь өөрсдөө өөрсдийгөө татаад унагаачихдаг тул гэх. Тамын тогооны үлгэрийг бид байнга ярьдаг хэлдэг атлаа мөнөөх үлгэрийг үнэн болгож хэрэгжүүлсээр л.

Ялангуяа энэ талаар улстөрчид бол гарамгай. Одоо улстөр олон янзаар өрнөж байна. Өрнөхдөө сайн биш муу тал руугаа илүү холбироод байх болж. Яг л тамын тогооны үлгэр мэт өрнөж байна.

Өнөөгийн нөхцөлд бол Монгол Улсад улстөрийн “дайн” болж байна гэж харж болохоор. Намууд нь хоорондоо, нам нь дотроо бүлэглэл фракц хэтэвч түрийвчээрээ, төрийн гурван өндөрлөг нь ч өвөр зуураа түнжин сайнгүй харагдана. Буу шийдэм, үймээн самуунгүй л болохоос биш засаглалын тогтвортой, оновчтой тогтолцооны хувьд дайны байдалтай өдрүүд үргэлжилж байна.

Гурван сая хүрэхгүй хүнтэй ч 300 сая хүний санаа бодолтой дүйхээр хоорондоо зөрчилддөг муухай монгол зангийн илэрхийлэл манай улстөрийн нам, бүлэглэлүүдийн хооронд байсаар ирснийг АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээний үйл явц ил гаргаж ирлээ. Агуулга, зорилго талаас нь харвал энэ гэрээ хоёр улстөрийн хүчин хамтран ажиллах зорилготой эв нэгдлийг эрхэмлэсэн баримт бичиг байв.

Харин үүнийг бүлэг­лэлийн эрх ашгийг эрхэм­лэдэг хэсэг нь хэлбэр талаас нь хэмлэж хэзээ ч болж бүтэхгүй зүйл болчихсон мэт хэрүүл шуугиан тарьж, нэг намын хүмүүс бие биенээ хэмлэв. Үүгээр ч зогсохгүй гэрээг муухай харагдуулах бүх талын арга хэмжээг авч, ирээдүйгээ бус зөвхөн өнөөг харсан ахархан бодлоор засаглалыг тогтворгүй болгож харагдуулах бүх зүйлийг хийлээ.

Ингэхэд АН, МАХН-ын хийсэн гэрээ яг ямар зорилготой байсан бэ. Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Ийм гэрээ байгуулагдсанд гайхах хэрэг юу байна. Яагаад хоёр нам хамтарч ажиллаж болохгүй гэж.

Түрүүчийн дөрвөн жилд АН, МАН хоёр хамтарсан. Энэ дөрвөн жилд АН, МАХН хоёр хамтран ажиллаж байна.

Цаашид аль ч намууд хамтран ажиллаж болно шүү дээ. Эх орон, ард түмнийхээ төлөө монголчууд аль болох хамтран ажиллах нь чухал шүү дээ.

Улстөрийн намуудын байнгын хэрүүл тэмцэл, хагарсан бутарсан, эв эегүй байдал улс орны хөгжилд саад болж байна. Хамтран ажиллахын эс­рэг байгаа хүмүүсийн са­наагаар бол монголчууд байнга улстөржөөд л, нам эвслээрээ эцэс төгсгөлгүй талцаж, эв эегүй байж, байнга тэмцэлдэж байх нь хэрэгтэй байж л дээ” хэмээн ярилцлага өгсөн байв.

Өнгөн дээрээ засаг төр нь тогтвортой, улстөрчид нь эвтэй байхын ашиг тусыг эрхэмлэн ярьдаг хүн олон. Гэвч бодит байдалд эв нэгдлийг эрхэмлэх бус хүрээллийнхээ эрх ашигийг эрхэмлэдэг хүмүүс манай төрд олон байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан нэгэн ярилцлагадаа “Аль ч нам, ямар ч улстөрч хүн өөр хоорондоо тэмцэлдэж байхдаа бидний дунд нэг эх орон байгаа гэж бодно биз дээ.

Хэрүүл маргаан нь хэмжээ хязгаартай, Монгол төр гэсэн нэг хайрцганд байгаагаа мэдрэх явдал чухал. Монгол төрийг ардчилсан хэв хэмжээгээр хүчирхэгжүүлэх замаар бидний монголчууд ирээ­дүйгээ баталгаажуулна. Төрийн доройтлоор Монголын тусгаар тогтнол хэврэгшинэ. Үүнийг нийтлэг эрх ашиг гэж бодоод байгаа” хэмээжээ.

Харамсалтай нь ийм нийтлэг эрх ашгийг үзэл бодлоо болгосон эх оронч улстөрч цөөн байна. Тэд байнга баг зүүж төр засгийг тогтворгүй байлгаж, дундаас нь ашиг хонжоо харах юм.

АН одоо хамтран засаг барьж байгаа МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь АН доторх тамын тогооны татаж унагадаг хэсэгт идэвхтэй ажилладаг зарим хүнийг ажилгүй болгочих шахсан бололтой.

МАХН-ын дарга Н.Энх­баярыг агаар салхинд байх гэж ирчихээд улс төрийг “самраад” явлаа гэдэг сөрөг пиар хүчтэй тарж эхэллээ. Ганц хүнд самруулчихаад байгаа нь л үнэн бол АН эрийн цээнд хүрч төрийн эрх барих зангарагтай улс төрийн хүчин боллоо гэсэн чинь худлаа болж таарч байна.

Хамтран ажиллах гэрээ хийснээрээ Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар эе эвийг эрхэмлэсэн бодитой алхам хийсэн. Хоёр намын хамтран байгуулсан гэрээ АН-ыг самарсан уу, эсвэл жинхэнэ самрагчдад саад болсон уу гэдэг асуулт ч гарч байгаа юм.

Самарлаа гэж бачуураад байгаа хэсэг нь харин жин­хэнэ самрагчид биш гэж үү.

С.Цээл

Эх сурвалж: