sonin.mn

Монголоос дэлхийн сонгодог философтой “тэмцэгчид” төрөн гарах болов. “Дараагийн орчуулган дээр чинь энэ Фейербахын “шашны” төөрөгдлийг бүр ул үндэстэй нь няцаах болно” гэж тэд амлаж байна. Зүгээр нэг няцаах биш, харин “таны Фейербахын орчуулга ер бусын “зүйлүүдтэй” учрах болно.” гэж сүрдүүлж байна. Энэ одоо хараал юм уу, ерөөл юм уу ?! Тэгвэл би “ер бусын” хурдан ажиллаж суут Фейербахын “Шашны мөн чанар”-ыг орчуулж дууссанаа мэдэгдэж байна. Үүгээрээ надад саад болох ямар ч боломжгүйг батлан харуулж байна. Ингээд 33-44 дэх тезис буюу удаах 11 тезисийг толилуулж байна. Одоо тун жаахан үлдсэн…

34.
Шашны цорын ганц зорилго, зорилт бол (ямар ч тохиолдолд толгойд хамгийн түрүүнд байгальд харьцах харьцаа орж ирнэ) байгалийн тодорхойгүй, аймшигт амьтныг танил, ойр дотно амьтан болгон хувиргах, өөрөө өөртөө зөөлөршгүй, төмөр мэт хатуу болсон зүрхний галыг зөөллөж, байгалийг хүний тусад хувиргах явдал болно, өөрөөр хэлбэл, шашин өөртөө гэгээрэл буюу соёл шиг тийм зорилго тавьдаг; тэдгээрийн эрмэлзэл нь байгалийг онолын харилцаанд ойлгомжтой болгохтой нийцнэ, практик талаасаа бол хүний хэрэгцээнд хийцсэн өгөөжтэй байх явдал бөгөөд ялгаа нь гэвэл соёл бол өөрийн зорилгодоо хэрэгслийн тусламжтайгаар, чухамхүү байгалиас зээлдэн авсан хэрэгслийн тусламжтайгаар хүрдэг бол шашин нь хэрэгсэлгүйгээр, өөрөөр хэлбэл, залбирал, итгэл үнэмшил, нууцлаг байдал, ид шид гэх мэт жам ёсноос хэтийдсэн хэрэгслийн тусламжтайгаар зорилгодоо хүрдэг.

Ийм учраас хүмүүн төрөлхтний соёлын хөгжил дэх анхандаа шашин хийгээд теологийн хэрэг байсан бүх зүйлс одоо боловсрол, өөрийн үйл ажиллагаа, антропологийн ажил хэрэг болсон юм; жишээлбэл, эрх (ордалии, цусны шинжилгээ, германы шүүхийн мэргэд), улс төр (грекийн мэргэд), манай үед ч гэсэн соёлгүй ард түмнүүдэд буй домнох зэрэг нь шашны функци байсан юм.

Ийм учраас шашин хатуу ширүүн цаг үед, зэрлэг ард түмнүүдэд хүн төрөлхтнийг гэгээрүүлэх хэрэгсэл болж байсан, гэхдээ соён гэгээрлийн эрин үед шашин зэрлэг, хуучинсаг шинжээ өөгшүүлсэн юм; шашин бол соён гэгээрлийн дайсан мөн.

Соёл ямагт шашны хүслээс хоцорч ирсэн нь үнэн юм; соёл хүний мөн чанарт суурилсан хүний хязгаарлагдмал чанарыг устгаж чадахгүй байлаа. Ухаандаа соёл бидэнд удаан амьдралын хэрэгслийг зааж өгч чаддаг, гэхдээ мөнх наслалтыг өгч чаддаггүй. Яг энэ бол шашны хязгааргүй, мөн хэрэгждэггүй хүсэлд үлддэг юм.

35.
Жам ёсны шашинд хүн шашны жинхэнэ эрмэлзэл хийгээд утга санаанд шууд зөрчилдөх объектод ханддаг. Үнэндээ бол хүн өөрөө бол мэдрэмжгүй мөн чанарын тулд өөрийн мэдрэхүйг золиослон, өөрийн ухаан, оюун бодолд харш түүнд өгч, өөрийн дор байлгах гэж хүссэн тэр зүйлээ өөрийн дээр тавьж, захирахыг хүссэн тэр зүйлдээ үйлчилж, мөн чанартаа үзэн яддаг тэр зүйлдээ хүндэтгэлтэй хандаж, хамгаалалт эрсэн тэр зүйлээсээ тусламж гуйдаг. Эртний грекүүд уур хилэнг нь тайтгаруулах гэж Титаны салхинд золиос өргөдөг; римчүүд чичрэг өвчнийг хоргүй болгох гэж чичрэг өвчний сүм босгодог; тунгусууд тахлын үеэр гэрээсээ өвчин холдуулах гэж өвчнийг аргадан сүслэл, баясгалантай мөргөл (Паллас) үйлддэг; Гвинейн оршин суугчид тэнгисийг тайвшруулах, загас барихад саад болгохгүй гэж догшин тэнгист золиос өргөдөг; индианчууд бүхий л аюул заналыг зайлуулахын тулд догшин салхи, аянга ойртоход агаарын манитод (сүнс, бурхан, амьтан), аялан явах үедээ усны манитод ханддаг; ерөөсөө олон ард түмэн байгалийн сайн зүйлийг биш, муу амьтдыг шүтдэг, ямар ч тохиолдолд тэр нь тэдэнд муу мэт төсөөлөгддөг.

Энд хортой амьтдыг шүтэх явдлыг оруулж болно. Жам ёсны шашинд хүмүүс баримал, шарилд хайрын үгээ хэлдэг; ийм учраас тэрээр сонсгосон байхын тулд хамгийн тэсэн ядсан, ухаангүй хэрэгсэлд хандаж байгаад гайхалтай зүйл юу ч байхгүй, байгалийг хүнжүүлэхийн тулд тэр хүмүүнлэг бус болж байгаад гайхалтай зүйл юу ч байхгүй, тэрээр байгальд хүний мэдрэхүйг албадан оруулахын тулд хүний цусыг хүртэл урсгадаг юм. Умард германчууд “цусан өргөл хийсэн модон бурхад хүний хэлээр ярьж, хүн шиг ойлгож чаддаг, түүнчлэн цусан өргөл хийсэн байшинд мөргөсөн чулууг ярьж, бошиг лүндэн үзүүлж чадна” гэж тодорхой итгэдэг байв. Үхмэл байгалийг амьжуулах эдгээр бүх оролдлогууд үр дүнгүй байсан юм: байгал хүний гомдол, асуултад таг дуугайгаар хариулж байв; тэрээр хүнийг хайр найргүй өөр рүү нь буцаан шидэж байлаа.

36.
Хүн хэдийгээр шашны үзлийн үүднээс өөрийгөө хязгаарлагдмал хэмээн мэдэрч, төсөөлдөг боловч үнэн хэрэг дээрээ зөвхөн төсөөлөл, уран сэтгэмжийнхээ хил заагаар л ийм байдаг, бодит байдал дээр бол энэ нь хүний тавилант (роковый-Орч:Х.Д.Г.) хязгаарлагдмал байдлын нотолгоо хэрхэвч болдоггүй, ийм учраас тэд байгалийн юмсад суурилан байдаг ажил хэргийн мөн чанараар зайлшгүй тодорхойлогддог; жишээлбэл, хүн ирээдүйгээ мэдэхгүй, хүн мөнх биш, тэр тасралтгүй ба гутаагдаагүй аз жаргалыг амсдаггүй, түүний бие хүнд ачаанд дарагдсан, тэр бурхад шиг нисэж чадахгүй, Иегово шиг аянга илгээж чадахгүй, өөрийн санаачилгаар дүр төрхөө өөрчилж, харагдахгүй болж чадахгүй, сахиусан тэнгэрүүд шиг мэдрэмжгүй хэрэгцээ, дур хүслээрээ амьдарч чадахгүй гэх мэтийн ийм ийм хязгаарлалтууд байдаг, өөрөөр хэлбэл тэрээр авахуй буюу хүссэн тэр бүх зүйлдээ хүрэх чадвар байдаггүй, Энэ нь энэхүү хязгаараар хязгаарлагдаагүй хязгааргүй бурханлаг амьтан нь ердөө л уран сэтгэмжийн мэдэлд оршин буй бидний төсөөлөл, бидний уран сэтгэмж, бидний сэтгэл санааны байдал буюу мэдрэмжийн мөн чанар төдий зүйл гэдэгтэй яг адил юм.
Ийм учраас шашны зүйл юу ч байсан гэсэн, энэ нь хавчны дун буюу цахиур чулуу байсан ч гэсэн мөн чанарын хувьд мэдрэмж, төсөөлөл, дүрслэн бодохуйгаар тодорхойлогдох шашны зүйл болно. Хүмүүс чулууг биш, ан амьтдыг биш, модыг биш, голыг яг байгаа байдлаар нь биш, харин тэдгээрт оршин буй бурханлаг чанар, манито, сүнсийг шүтэж байгаа гэж батлах үндсийг бүрдүүлдэг юм.

Харин байгалийн амьтдын сүнс нь тэдгээрийн тусгал, төсөөллөөс өөр зүйл биш буюу: энэ бол эдгээр амьтдаас ялгаатай нь төсөөлөн буй амьтан, дүрслэн бодож буй тэр амьтан юм, гэхдээ ямар нэг мэдрэмжтэй, жинхэнэ мэт гүйцээн авч үзэж буй амьтан юм.

Үхэгсдийн сүнс бол бидний ой санамжаас алга болоогүй байгаа үхэгсдийн төсөөлөл болон дүрээс (образ-Орч.Х.Д.Г.) өөр зүйл биш, харин одоо л зөвхөн ийм байдлаар төсөөлөгдөж байгаа; шашны, өөрөөр хэлбэл боловсролгүй хүн юмс болон энэ юмсын төсөөлөл хоёрыг ялгадаггүй, яагаад энэ амьтад бодитой хийгээд бие даасан мэт байдгийг мэддэггүй.

Хэрэв энэ нь жам ёсны шашинд илрэн гарч байвал шүтлэгт хүний гэнэн шударга, санаандгүй хийсэн өөрийгөө хуурсан явдал болох нь нэн ойлгомжтой бөгөөд илт юм, учир нь энд хүн өөрийн шашны объектыг мэд, сонс гэж гэж нүд, чих хийж өгдөг, энэхүү чулуугаар буюу модоор хийж өгсөн нүд, чих бол үнэхээр нүд, чих гэж тэр итгэж байдаг. Ингээд шүтлэгтэй хүн зөвхөн харахгүй байхын тулд, таг сохор байхын тулд нүдтэй байдаг, тэр зөвхөн сэтгэхгүй байхын тулд, бүр усан тэнэг байхын тулд оюун ухаантай байдаг. Жам ёсны шашин бол төсөөлөл хийгээд бодит байдал, уран сэтгэмж хийгээд үнэний хоорондын илт зөрчил юм. Үхмэл чулуу буюу тайрдас үнэн хэрэг дээрээ юу юм гэвэл энэ нь жам ёсны шашны ойлголтоор харсаар байтал амьд амьтан, гэхдээ ямар нэг өөр юм, шүтлэгийн дагуу үл харагдах болохоороо бурхан юм. Ийм учраас жам ёсны шашин ихээхэн сэтгэл гонсойхын байнгын аюул дунд байдаг. Үнэндээ бол жишээлбэл сүхээр ганц цохиод л шашны энэхүү модноос ямар ч цус урсахгүй байгааг, улмаар түүнд ямар ч амьд бурханлаг амьтан байхгүйг илрүүлж болно.

Өнөөдөр шашин өөрийгөө байгалийг шүтэхэд хүргэж буй эдгээр бүдүүлэг зөрчил, сэтгэл гонсролоос гулган зугтаж байгаа юу ? Шашин өөрийн зүйлийг ямар нэг үл үзэгдэх, ерөөсөө үл мэдрэх амьтан болгон хувиргаж, зөвхөн итгэл шүтлэг, төсөөлөл, дүрслэн бодохуй, үг, сүнсний зүйл болгож, өөрөө өөртөө энэ сүнсний амьтан болсноор л ингэж (гулган зугтаж-Орч.Х.Д.Г.) байгаа.

37.
Хүн цэвэр биет амьтнаас улс төрийн амьтан, ерөөс тэр байгалиас ялгаатай, өөртөө төвлөрсөн ямар нэгэн болсон юм; түүний бурхан үүнтэй яг адил цэвэр биет амьтнаас байгалиас ялгаатай улс төрийн амьтан болсон юм.

Зөвхөн нийтлэгт буй (община-Орч.Х.Д.Г.) бусад хүмүүстэй нэгдэж баймаажин өөрийн мөн чанарыг байгалиас зааглаж, улмаар байгалиас ялгаатай бурханд хүрч болно; энэ нийтлэгт түүний ухамсар, хамаарлын мэдрэмж нь хуулийн, олон нийтийн санал бодол, нэр төр, сайн үйлийн хүч болно, өөрөөр хэлбэл жам ёсны хүчнээс ялгаатай, бодол санаа болон төсөөлөлд л өгөгдсөн улс төрийн, ёс суртахууны, хийсвэр хүч байдаг; нийтлэгт бол хүний биет ахуй түүний хүний, иргэний буюу ёс суртахууны оршихуйд захирагдана; нийтлэгт үхэл амьдралыг эрхшээсэн жам ёсны хүч улс төр, ёс суртахууны засгийн (власть-Орч.Х.Д.Г.) шинж бэлэгдэл (атрибут-Орч.Х.Д.Г.) хийгээд зэвсэг болдог.

Гезиод-д шууд л ингэж хэлдэг: цуурхал ч гэсэн (хадны цуурай, цуурхал, олон нийтийн санал бодол) бас л бурхан. Зевс бол аянга цахилгааны бурхан, гэхдээ тэрээр хууль зөрчигсөд, тангаргаасаа няцагсад, хүч хэрэглэгсдийг номхруулахын тулд л энэ догшин зэвсгээ гартаа барьдаг. Зевс бол хаадын эцэг бөгөөд “бүх хаад Зевсээс гарсан”. Ингэж Зевсийн аянга, цахилгаанаар засаг хийгээд хаадын эрхэм чанарыг (достоинство-Орч.Х.Д.Г.) дэмжин тэтгэдэг. Дашрамд дурдахад анхдагч хаадуудыг хуулийн хаадаас ялгавал зохино. Хэрэв онцгой тохиолдлыг эс тооцвол сүүлчийнх нь энгийн, өөрөө бол өчүүхэн хүмүүс байдаг бол эхнийх нь ер бусын, түүхэнд алдаршсан бие хүмүүс байдаг. Ийм учраас онцгой хүмүүсийг нас барсных нь дараа бурханчлах нь хэвийн үзэгдэл бөгөөд хэдийгээр энэхүү бурханчлал нь байгалийг шүтэхтэй зэрэгцэн уулзаж болох боловч үгийн яг утгаар бол жам ёсны шашнаас домгийн хийгээд антропологийн шашинд хүрэх шилжилтийн шат юм.

Алдарт хүмүүсийг бурхан мэт шүтэх нь ямар ч хэмжээгээр зөвхөн үлгэрийн цаг үеийн зүйл биш; христианы эрин үед шведүүд өөрийн хаан Эрихийг бурханчилж, түүнийг нас барсны дараа өргөл өргөдөг байсан. Ману-гийн хуульд: “Хаан бол нар адил нүд, сэтгэл төөнөдөг, ийм учраас газрын нэг ч хүн амьтан түүн рүү харж ч болохгүй. Тэр бол гал хийгээд агаар, тэр бол бурхны шүүгч. Гал бол түүнд хамаагүй ойртсон зарим хүмүүсийг залгидаг, хааны гал хэрэв ууртай байвал бүхэл бүтэн гэр бүлийг бүх мал, хөрөнгөтэй нь шатааж болно…Түүний эр зоригт ялалт байдаг, түүний уур хилэнд үхэл байдаг…” Яг үүн шиг израилийн бурхан аянга, цахилгаанаараа албатуудаа өөрийн заасан бүх замаар явахыг заадаг ба тэдэнд “улс орондоо амьдарч, сайн үйл бүтээж, удаан жаргахыг” ерөөдөг.

Ингээд байгалийн яг байгаа засаг, хамааралт мэдрэмж улс төрийн буюу ёс суртахууны засагтай нүүр тулаад ирэхээрээ түүнээс алга болдог. Байгалийн боол нарны цацрагаас гялбаж сохордог, иймээс качиний татаар өдөр болгон “намайг битгий алаач” гэж түүнд мөргөдөг; тэгвэл улс төрийн боол хааныхаа нэр алдарт гялбаж, түүний өмнө амьдрал үхэл нь хамаардаг бурхны өмнө мэт нам унах хүртлээ гялбадаг. Тэр ч байтугай христчүүдийн дунд ч гэсэн римийн эзэн хаадыг “Бурхан Та”, “Мөнх Та” гэж цоллодог байсан. Өнөөдөр манай өдрүүдэд ч гэсэн христчүүдийн дунд “ариун гэгээн”, “өндөр дээд” гэсэн бурханлаг цол, бэлэгдлүүд хаад ноёдын цол, бэлэгдэл болсоор л байна.

Христчүүд улс төрийн энэхүү онгод шүтлэгээ хаан бол ердөө л газар дээр буй бурхны орлогч, бурхан бол хаадын хаан гэж л тайлбарладаг, гэхдээ энэ цагаатгал бол зүгээр л өөрийгөө хуурсан хэрэг мөн. Хааны засаг бол дээд зэргээр мэдрэгддэг (ощутительный-Орч.Х.Д.Г.), шууд, мэдрэмжтэй, өөртэй хангалттай гэдгийг ярихгүй байлаа гэхэд хааны засаг бол зөвхөн дам, зөвхөн төсөөлөн бодсон зүйл, бурханг орчлонг захирагч байдлаар тодорхойлж, авч үздэг, харин хааны буюу ерөөс улс төрийн засгийн байдлаар бол хаан болсон бие хүн хүнийг дүүргэх, тодорхойлох, түүнийг эзэмдэх тийм хэмжээнд хүрч, хүн хааныг дээд амьтан гэж үзэх болсон үед л хааны засаг байна.

Ману: “Брамын үеийн эхэнд өөрөө хэрэглэх гэж биеэ зовоон цэвэр гэрлээс өөрийн хүү байдлаар суу ухаан (гения-Орч.Х.Д.Г.) гарган авсан ба тэр нь эрүүгийн хуулийг үндэслэгч, хийсэн бүтээснийг нь хамгаалагч байлаа. Энэхүү шийтгэлийн өмнөх айдсаас үүдсэн аз жаргалаараа энэ орчлон баясаж болно” гэж хэлж байна. Ингэж хүн өөрийн эрүүгийн эрхийг хүртэл дэлхийг эзэгнэсэн бурханлаг хүч болгон хувиргаж, хатуу ширүүн эрүүгийн дэг журмыг орчлонгийн байгуулал, эрүүгийн хуулийг байгалийн хууль болгон хувиргаж байна. Үүнтэй ойролцоо маягаар тэр байгалийг өөрийн улс төрийн гай зовлон (злоключение-Орч.Х.Д.Г.) хийгээд хүсэл тачъяалд нэгтгэж, тэр ч байтугай байгалийг өөрийн хааны титэм буюу папын сэнтийн байгууламжаас хамааралтай болговол гайхах зүйл огт байхгүй. Түүний хувьд чухал зүйл бусад амьтдын хувьд чухал нь ойлгомжтой; түүний нүдийг харанхуйлж байгаа тэр зүйл нар гийхийг харайхуйлж байгаа; түүний зүрхийг дарж буй тэр зүйл тэнгэр, газрыг хүртэл хөдөлгөөнд оруулж байгаа; түүний хувьд түүний мөн чанар бол түгээмэл мөн чанар, орчлонгийн мөн чанар, мөн чанарын мөн чанар болой.

38.
Дорнодод Баруун шиг амьд хөгжсөн түүх байхгүйн шалтгаан хаана байна вэ ? Тэр нь Дорнодод хүн хүний төлөө байгалийг мартахгүй байгаад, хүний нүдний гял цал байдлын төлөө одод хийгээд үнэт чулууны гял цалыг мартахгүй байгаад, ёс болгосон “аянга цахилгааны” төлөө цаг агаарын аянга, цахилгааныг мартахгүй байгаад, өдөр тутмын үйл явдлын урсгалд нар оддын явдлыг мартахгүй байгаад, моод солихийн тулд жилийн дөрвөн улирал солигдохыг мартахгүй байгаад оршдог юм.

Дорнын хүн хааны улс төрийн засаг, хэргэмийн гял цалын өмнө нам унадаг нь үнэн, гэхдээ энэхүү гял цал байдал нь нар, сарны гял цал байдал өөрөө юм; түүний хувьд хаан бол газрын амьтан, хүний объект биш, харин бурханлаг амьтан юм. Бурхантай нүүр тулаад хүн алга болдог. Газар дэлхийг бурханчилсан тэр газарт бурхад тэнгэр рүү өгсөж, бодит амьтнаас төсөөлөн бодсон амьтан болон хувирдаг; зөвхөн хүмүүсийн үйл ажиллагаанд өргөн талбар нээгдсэн тэр газарт, зөвхөн хүмүүс байдлаар л тэр өөрийгөө харуулж, тодорхой дүрд тоглож чадна.

Дорнын хүн барууны хүнтэй хөдөөгийн хүн хотын хүнтэй байдаг шиг тийм харьцаанд байдаг. Эхнийх нь байгалиас хамаарна, хоёр дахь нь хүнээс хамаарна; эхнийх нь барометрээр амьдарна, хоёр дахь нь үнэт цаасны ханшийг удирдлага болгоно; эхнийх нь оддын ордын хувиршгүй тэмдгийг баримжаална, хоёр дахь нь нэр төр, моод, олон нийтийн санал бодол зэрэг байнга хувирах шинж тэмдгээр баримжаална. Ийм учраас зөвхөн хотын хүнд л түүх байдаг. Зөвхөн хүний нэрэлхүү зан л түүхийн удирдах шугам болдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Байгалийн хүчинд үзэл бодлынхоо эрх мэдлийг золиослож чадах тэр хүн л, өөрийн амьдралыг өөрийн нэрийн төлөө золиослож чадах тэр хүн л, биеийн ахуйгаа ирээдүйн алдар, хойч үеийн үзэл бодлын төлөө золиослож чадах тэр хүн л түүхэн үйлс бүтээх чадвартай байдаг.

39.
Атенейн хэлснээр грекийн шогч Анаксандрит египетчүүдэд дараах зүйлийг хэлжээ:”Би танай нийгэмд тохирохгүй, танай ёс болон хууль адилхан биш байна: миний бурханд өргөл болгодог буханд та нар мөргөж байна; та нарын хувьд могой загас агуу бурханлаг зүйл, миний хувьд бол энэ нь зүгээр л амтат хоол; та нар гахайнаас зугтаж байна, би бол түүнийг амтархан иддэг; танайд нохой хүндэлж байна, харин би бол надаас нэг л хэрчим авах юм бол би түүнийг зодно; хэрэв хулгай хийсэн муурны арьсыг дуртайяа хуулбал та нар надаас айна; та нар газар ухахыг их сүртэй болгож байна, миний хувьд энэ бол юу ч биш” гэжээ.

Энэ үг чөлөөт бус хийгээд бие даасан хоёрын зөрчлийг, өөрөөр хэлбэл шашны болон шашны эсрэг үзлийг, байгалийг үзэх чөлөөт хүний үзэл бодлыг үнэн сайхан тодорхойлж байна. Байгал байгаа газар шүтэх зүйл байна, энд сэтгэл баясах зүйл байна; энд байгалийн тулд хүн байна, энд хүний тулд байгал байна; энд зорилго байна, энд хэрэгсэл байна; энд байгал хүний дээр оршиж, энд тэр хүнд захирагдаж байна.

Энэ мөрүүдэд би грекүүд болон израилчуудын үзэл бодлыг адилтгаж байна, тэгвэл “Христианы мөн чанар”-таа би тэдгээрийг сөргүүлэн тавьсан. Ямар зөрчил байна ! Ямар ч зөрчил байхгүй; хэрэв өөр хооронд нь харьцуулах юм бол юмс янз бүр байдаг, гэхдээ ямар нэг гуравдахь зүйлд сөргүүлэн үзвэл давхцдаг. Дашрамд байгалиас сэтгэл ханах нь юуны өмнө гоо зүйн, онолын сэтгэл ханамжид хамаарна.

Ийм учраас хүн түүнд зөвхөн өөрийг нь зааж байдаг өөрийн хүрээнээс гарч, өөрийн тодорхой хүрээнээс гадна байгаа бол аминч (эксцентрист-Орч.Х.Д.Г.); харин гэртээ, бүрэн ухамсартай байхдаа урвуугаар үнэлэн цэгнэдэг, тайван болдог. Эхний байдалд хүн өөрийн жам ёсны шашны эвлэрлийн баталгаа болгож бүрэн дэс дараатайгаар амьтны бөөгнөрөл болтлоо доош ордог (Геродот); удаахад нь урвуугаар хүн өөрийн хүч чадал хийгээд бурхантай холилдсон эрхэм чанараараа бахархсан амьтан болон дээш хөөрдөг. Энэ нь зөвхөн хүний цус урсгадаг тэнгэрийн бурхдад ч бас батлагдах ёстой, гэхдээ бурхдын онцгой, агаарын (эфир-Орч.Х.Д.Г.) цус бол бодит байдал дээр ч, практик дээр шүүмжлэл даахгүй ердөө л яруу найргийн дүр мөн.

40.
Байгал, орчлон хүний хувьд ямар байдлаар илэрдэг гэвэл хүний төсөөлснөөр түүний хувьд илэрдэг нь ойлгомжтой юм. Түүний мэдрэхүй, түүний төсөөлөл шууд бөгөөд ухамсаргүйгээр, тэр өөрөө ямар байгаа тэр байдлаар хүнд санагдах үнэн хийгээд бодит байдлын хэмжүүр болж түүнд үйлчилнэ. Хүн ухамсар сууж ирэхэд түүний амьдралд нар болон сар, тэнгэр болон газар, гал болон ус, ургамал болон амьтдаас гадна өөр хавсарга зайлшгүй хэрэгтэй, чухамхүү өөрийн хүчийг зөв хэрэглэх явдал хэрэгтэй; “нүгэлт хүмүүс өөрийн хувь заяанд тэрсэлж, бүх юманд бурхдыг буруутгадаг, өөрийн тэнэглэлээр гай зовлон дууддаг”; муу үйл хийгээд тэнэглэл нь өвчин, гай зовлон, үхэл зэрэг үр дагавартай байдаг бол сайн үйл хийгээд мэргэн цэцэн бол эрүүл мэнд, амьдрал, аз жаргалыг дагуулдаг; улмаар оюун ухаан, хүсэл зориг бол хүний хувь заяаг тодорхойлогч хүчнүүд болно; зэрлэг хүн тохиолдлын түр зуурын сэтгэгдэл хийгээд догдолдоо автан хийдэг тэр зүйлд захирагдахаа больж хүн сэтгэдэг, ухаантай амьтан болсон үед зарчим, эрүүл ухаан, эрүүл хуулийг удирдлага болгосон тэр үед байгал хийгээд орчлон түүний хувьд оюун ухаан, хүсэл зоригоос хамаарах тодорхой амьтан байдаг бөгөөд болдог юм.

41.
Хэрэв хүсэл зориг, оюун ухаан бүхий хүн байгалийн дээр байгаа бол хэт байгальч (супранатуралист-Орч.Х.Д.Г.) болно, ингэвэл бурхан ч гэсэн жам ёсноос хэтийдсэн амьтан болно. Хэрэв хүн “далай дахь загас, тэнгэр дэх шувуу, газар дээрх мал хийгээд газар дээрх бүх хэвлээр явагчдыг” эзэгнэгч болох ахул түүний хувьд байгалийг захирах нь дээд төсөөлөл болж, хүн дээд амьтан болно; улмаар түүний шүтлэгийн объект нь шашин болж, хүн байгалийг бүтээгч мэт болно, учир нь ийм эзэгнэлийн гарцаагүй үр дагавар буюу ер нь бол урьдач нөхцөл нь бүтээл (творение-Орч.Х.Д.Г.) болно. Хэрэв байгалийг эзэгнэгч үүнийхээ хамт түүний түшиг тулгууртай (зиждитель-Орч.Х.Д.Г.) хамт биш байвал тэр өөрийн үүсэл болон ахуйгаар түүнээс хамаарахгүй, улмаар түүний эрх мэдэл хязгаарлагдмал бөгөөд хангалтгүй байна; үнэн хэрэг дээрээ хэрэв тэр байгалийг бүтээж чадах байсан юм бол яагаад тэр түүнийг бүтээгээгүй юм ?

Байгалийн дээрх хүний засаг булаагдсан, төрмөл биш, зөв зүйтэй биш юм. Зөвхөн миний бүтээж буй тэр зүйл, миний хийж буй тэр зүйл л миний бүрэн эрх мэдэлд байна; өмчийн эрх бол зөвхөн миний хийж бүтээсэн зүйлд л хамаатай. Би эцэг нь учраас хүүхэд минийх байгаа юм. Эзэгнэл бол зөвхөн бүтээлээр цагаатгагдаж, хэрэгжиж, шавхагдаж байдаг. Онгод шүтлэгтний бурхад жинхэнэ байгалийг эзэгнэгчид байсан, харин түүнийг бүтээгчид биш юм, ийм учраас тэд байгалийн үндсэн хуулийн, хязгаарлагдмал, тодорхой хүрээнд оруулсан, байгалийн абсолют биш хаад юм, өөрөөр хэлбэл онгод шүтлэгтнүүд бүх жам ёсны зүйлсийн туйлын, гарцаагүй, эрс талынхан хараахан байгаагүй билээ.

42.
Теистууд бурхны үүсэл гарлын сургаалийн нээлтэд үндэслэн бурхны хэт мэдрэмжийн нэгдлийн тухай сургаалиа зарласан, гэхдээ бурхны нэгдэл бол хүний ухамсар хийгээд сүнсний нэгдэл гэдэгт суурилж байдаг монетизмын эх сурвалж нь хүн байдгийг харгалзаагүй юм.

Ертөнц миний хараанд хязгааргүй олон янз хийгээд олон төрөл байдалд нээгдэн байдаг, гэхдээ түүний хамт миний сүнс, миний толгой: нар, сар хийгээд одод, тэнгэр ба одод, ойр ба хол, байгаа болон байхгүй энэхүү хязгааргүй олон янз хийгээд олон төрөл байдлыг хамран авдаг. Монотеизм, хүний сүнс буюу ухамсрын мөн чанар болсон энэхүү мөн чанарын шалтгааныг ертөнцийн голд тавьж, зарлан тунхагладаг, өөрөөр хэлбэл энэ нь шашны хувьд ч, тодорхой төрлийн юмстай цаг хугацаа хийгээд орон зайн ямар ч хязгаартай холбогдоогүй, өөртөө бүх зүйлийг агуулсан, бүх амьтан түүнгүйгээр өөрөө зүйл болох буюу үл харагдах амьтан болж чаддаггүй хэт жам ёсны бус, соёлгүй хүний мөн чанар, соёлгүй хүнд ч тун гайхалтай байдаг.

Бурхан нэрлэж, бурхан ертөнцийг сэтгэдэг, ингээд ертөнц оршин байдаг. Бурхан түүний үл ахуйг ивгээж болно, бурхан түүний ахуйг сэтгэхгүй, хүсэхгүй байж болно; өөрөөр хэлбэл: би өөрийн сэтгэлгээ, өөрийн төсөөлөл хийгээд дүрслэн бодохуйн хүчээр бүх юмыг чадна, улмаар бүх ертөнцийг өөрийн дур зоргоор дуудаж болон устгаж, бүтээж болон сөнөөж чадна.

Ертөнцийг оргүйгээс бүтээсэн бурхан, ахиад л өөрийн дур зоргоор түүнийг юу ч бишид хувиргагч бурхан бол хүсэл зориг, төсөөллөө хийсвэрлэх хүний чадварын мөн чанараас өөр зүйл биш юм; энэ дагуу би өөрийн хүслээр ертөнцийг оршин буй буюу үл оршин буй гэж өөртөө төсөөлж чадна, түүний ахуйг устгаж ч чадна, баталж ч чадна.

Энэхүү үл ахуй, энэхүү төсөөлөл дэх ертөнц алга байгаа нь монотеизмын объектив, бодит үл ахуй болон хувирдаг юм. Политеизм, ерөөс жам ёсны шашин бодит амьтныг төсөөлсөн, дүрсэлсэн амьтан болгон хувиргадаг; монотеизм болохоор төсөөллийн амьтдыг зохиогдохуун (вымыслы-Орч.Х.Д.Г.) болгон, жинхэнэ амьтны бодол санаа буюу үнэндээ бол төсөөлөл, сэтгэлгээ, дүрслэн бодохуйн хүчийг бодитой, туйлын, дээд мөн чанар болгон хувиргадаг.

Шашны нэгэн номлогч бурхны эрх мэдэл хүний төсөөллийн чадвар хэр дэлгэгдэж чаднав, тэр хэмжээгээр дэлгэгддэг гэж хэлсэн. Гэхдээ төсөөлөх чадварын хил зааг хаана байдаг вэ ? Хүний дүрслэн бодохуй чадварт ямар нэг боломжгүй зүйл гэж байдаг гэж үү ? Би бүх бодит зүйлийг ямар нэг үл орших зүйл мэтээр, бүх бодит бус зүйлийг бодитой оршигч зүйл мэтээр сэтгэх хүчтэй; ингээд би “энэ” ертөнцийг өөртөө үл оршин буй гэж, тоо томшгүй бусад ертөнцийг оршин буй мэтээр төсөөлж чадна. Бодит гэж төсөөлөгдөж байгаа тэр зүйл боломжтой зүйл юм. Бурхан бол боломжгүй зүйл юу ч байхгүй тийм амьтан юм; тэр өөрийн хүчээр бүхий л боломж, төсөөлж болох бүх юмны төвлөрөл, тоо томшгүй ертөнцийг бүтээгч юм; өөрөөр хэлбэл тэр хүний дүрслэх, сэтгэх, төсөөлөх чадвараас өөр юм биш, бодитой, тэр ч байтугай хамгийн их бодит, туйлын амьтны байдлаар хүний бодол хийгээд төсөөллийн бодит, зүйлт, объект болон үйлчлэх болсон мөн чанараас өөр зүйл биш юм.

43.
Хүн байгалийг зөвхөн өөртөө л хандуулж, энэ харилцаагаа түүний мөн чанар болгон хувиргаж, улмаар өөрийгөө зорилго хэмээн үзэж, өөрөөрөө байгалийн төв хийгээд нэгтгэгч цэг хийсэн зөвхөн тэр үед л жинхэнэ теизм буюу монотеизм үүсдэг; энэ нь дур зоргийн бус, ухамсаргүй зүйл болсон байгалийг хүмүүс зөвхөн зайлшгүй, органик, амьдралын илгээлт мэтээр ашигласан төдийгүй, түүнчлэн түүнийг зорилго, үйлдэл хийгээд таашаал авахдаа дур зоргоороо, ухамсартайгаар хэрэглэдэг учраас болдог юм.

Сүм хийдийн нэгэн эцэг хүнийг бүх юмсын холбоос (связь-Орч.Х.Д.Г.) гэж тодорхой нэрлэсэн, учир нь бурхан хүний дотор бүх ертөнцийг нэгдмэл төвлөрүүлэхийг хүсч байдаг, ийм учраас хүнд бүх юм зорилго байдлаар түүний ашиг тусын төлөө нэгдэж байдаг. Ямар ч тохиолдолд хүн бол байгалийн хамгийн хувьч (индивидуал) амьтан бөгөөд мөн түүний төгсгөл мөн, гэхдээ телеологийн болон теологийн супранатуралист хийгээд жам ёсны эсрэг утгаар биш.

Хэрэв байгал өөрийн зорилго өөрийнх нь гадна байвал түүний үндэс суурь хийгээд эхлэл зайлшгүй байдлаар бас л түүний гадна байна; хэрэв тэр зөвхөн өөр амьтны тулд оршдог ахул тэр зайлшгүй өөр амьтнаас үүсэн гарсан байх ёстой, чухамхүү байгалиас сэтгэл нь ханадаг, түүнийг өөрийн ашиг тусын төлөө ашигладаг, бүтээх үед нь эрмэлзэл буюу зорилготой байдаг хүн мэтийн чухам тийм амьтнаас гарсан байх ёстой.

Байгалийн төгсгөл зөвхөн хүнд байгаа зөвхөн тэр тохиолдолд л байгалийн эхлэл бурханд ногдож болно; өөр үгээр бол: бурхан бол ертөнцийг бүтээгч, түүний үндэслэл, түүний утга санаа сургаальд л буй: хүн бол бүтээлийн зорилго мөн. Хэрэв та ертөнц хүний тулд бүтээгдсэн, хийгдсэн гэж итгэхээс ичиж байвал, уучлаарай, ерөөсөө ертөнц бүтээгдсэн, хийгдсэн гэдэг сургаалиас бас л ичиж байна, тэнд бүр ингээд: “бурхан хоёр том дэнлүү бүтээсэн, түүнчлэн оддыг бүтээж, газар дэлхийг гийгүүлж, өдөр шөнийг удирдаж байлгах гэж тэднийг тэнгэрийн хатууд байрлуулсан” гэж биччихсэн байгаа. Хэрэв та хүнийг байгалийн зорилго гэсэн итгэлийг хүний их зан гэж нэрлэж байвал, уучлаарай, та бас байгалийг бүтээгчид итгэсэн хүний итгэлийг хүний их зан гэж нэрлэж байна. Хүний төлөө гэрэлтэж буй зөвхөн тэр гэрэл л теологийн гэрэл юм; хараа бүхий амьтны тусын төлөө байгаа зөвхөн тэр гэрэл л хардаг амьтны шалтгаан байдлаар байж болно.

44.
Байгалийг тунхаглагч, үндэслэгч, бүтээгч амьтан байдлаар хүнээс байгальд урьдчилан илгээдэг “сүнслэг амьтан” бол үнэн хэрэг дээрээ хүний өөрийнх нь сүнслэг амьтан юм; гэхдээ энэ амьтан ямар нэг бие даасан, хүнээс ялгаатай, түүнтэй харьцуулшгүй амьтан юм, ийм учраас хүн түүнийг байгалийн шалтгаан, хүний сүнс, хүний хүсэл зориг хийгээд ухаанаар өдөөгдөж чадахгүй үйлдлийн амьтан болгон хувиргадаг, улмаар хүн энэхүү сүнслэг, хүмүүн амьтнаа хүний мөн чанараас ялгаатай байгалийн мөн чанартай нэгэн зэрэг холбож өгдөг.

“Ёс суртахууны” болон “биет” амьтад, хүмүүн болон хүмүүн бус амьтанд ийн холбогдох буюу холилдох нь байгаль ч биш , хүн ч биш, гэхдээ аль алинд нь хамаарах хуягт амьтан шиг гурав дахь амьтныг төрүүлдэг; сфинксийн энэхүү мөн чанарын ачаар тэр нь ид шид болон далд билэгдлийн шүтээн болж байдаг. Бурханлаг сүнсний ачаар өвс ногоо ургаж, түүний ачаар эхийн биенд дээр үр хүүхэд өсөн торниж, түүний ачаар нар тойргоосоо гаралгүй, мөнхөд хөдөлж, түүний ачаар уул сүндэрлэж, салхи шуугиж, тэнгис далай савандаа байдаг. Энэ сүнстэй харьцуулахад хүний сүнс юу билээ ! Тэр бол жижигхэн, тэр бол хязгаарлагдмал, тэр бол өчүүхэн !

Ийм учраас хэрэв рационалист хүн бурхныг хүнжүүлэх тухай бодлоо орхиж, бурханлаг хийгээд хүмүүнлэг чанарыг нэгтгэх тухай бодож байгаа бол энэ нь голдуу түүний ард байгаа бурхны цаанаас байгал үзэгдэх шиг болдгоос голлон болдог, чухамхүү байгал хүний нүдэнд астраномын дуранбайгаар харсан мэт тэр байдлаараа харагдах ажгуу.

Ингээд тэр: “яаж энэ аварга том, төгсгөлгүй, бүхнийг хамарсан амьтан зөвхөн агуу их, төгсгөлгүй орчлонд таарсан илэрхийлэл болон үйлдлээ олж чадаж байна аа, яаж тэр хүний төлөө газар бууж, дэлхийн бүхэллэгийн агуу суу, бүрэн бүтний өмнө юу ч үгүйд хувирч чаддаг байна аа гэж дуун алддаг ! Үнэ хүндгүй, өчүүхэн, цэвэр “хүмүүн” харцны төлөө !

Газар дээр бурхан төвлөрч, бурхан хүн хүртэл доош буух нь дусал дотор далайг, бөгжин дотор Ангарагийн цагирагийг багтаах гэсэн хүсэлтэй адил юм. Дэлхийн мөн чанар дэлхий буюу хүнээр хязгаарлагдана, байгаль зөвхөн хүний тулд оршин байдаг, нар зөвхөн хүний нүдний тулд гэрэлтдэг гэх нь гэнэн төсөөлөл нь мэдээж хэрэг.
Гэхдээ харалган рационалист чи бурхныг хүнтэй нэгдсэнийг дотроо эсэргүүцэж байгаа, утгагүй зөрчлийн энэ нэгдлийг хүлээн зөвшөөрөхөд чамайг албадаж байгаа чинь бурхны тухай төсөөлөл биш, харин байгаль буюу ертөнцийн тухай төсөөлөл гэдгийг харахгүй байгаа; чи бурхан хүн хоёрын хооронд ойрхон гуравдах нэгтгэгч цэг бол бол чи байгалийн хүч хийгээд үйлдлийг шууд ба шууд бусаар өгч байгаа амьтан биш, харин хараа болон сонсгол бүхий амьтан гэдгийг харахгүй байна, ийм учраас чи ухамсар, оюун ухаан, хүсэл зоригийг эзэмшин харж сонсож байдаг, ийм учраас чи тэдгээрийг эзэмшиж байдаг; ингээд энэ бол чи байгалиас ялгаж чадахгүй байгаа тэр амьтан мөн, учир нь чи түүнийг өөрөөсөө ялгаж чадахгүй байгаа.

Ингээд хэрэв эцсийн эцэст энэ нь хүмүүн амьтан юм бол миний харж байхад жинхэнэ хүний дүрээр үзэгдэх ёстой гэж чи татгалзаж болох уу ? Хэрэв чи энэ гаргалгааны үндсийг хүлээн зөвшөөрч байвал уг гаргалгаанаас чи татгалзаж чадна гэж үү ? Чи эцэг нь гэж хүлээн зөвшөөрч байж хүүгээ үгүйсгэж болно гэж ?

Хэрэв чиний хувьд бурхан хүн бол хүний уран сэтгэмж хийгээд өөрийгөө бурханчлахын үр шим мөн юм бол байгалийг бүтээгчид хүний уран сэтгэмжийн бүтээл, байгалийг ноёрхох гэсэн хүний хүслийг харж болно. Хэрэв чи хүний аливаа шинжийг нэмж оруулаагүй, хүний дүр төрхийн аливаа шинж өгөгдөөгүй амьтныг эзэмдэхийг хүсвэл оюун ухаан, зүрх сэтгэл буюу дүрслэн бодохуй ч бай, ямар ч шийдэмгий хийгээд дэс дараатай бай хамаагүй ерөөс бурхнаас татгалзахын тулд, цэвэр, өө сэвгүй, бурханлаг мөн чанарыг өөрийн ахуйн сүүлчийн үндэс гэж зарлаж, тулгуурлах ёстой болно.

Чи бурхныг байгалиас ялган үзэж байгаа үед, чи хүний ялгааг байлгаж байгаа үед, чи энэхүү анхдагч амьтанд өөрийн мөн чанарыг бурханчилж байгаа үед үнэн хэрэг дээрээ: байгалиас өөр хүмүүн амьтнаас ялгах өөр амьтан чамд байхгүй, чи өөр амьтан мэдэхгүй; үүнтэй яг адил урвуугаар: хүмүүн амьтнаас өөр байгалиас ялгах ямар ч амьтан чамд байхгүй, чи тийм амьтан мэдэхгүй.

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?