sonin.mn

Нийслэлийн мал эмнэлгийн газраас лхагва гарагт Гандантэгчилэн хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Нийслэл дэх хамгийн эртний бөгөөд хүндэтгэлтэй түүхийн дурсгалт энэхүү хийдийн ойр орчимд тагтаа шувуу олноор цуглаж, сангас, үс ноосоо их хэмжээгээр хаяж байгаагаас зайлшгүй ариутгах шаардлага гарчээ.

Энэ байдал нь  нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул мал амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн бичил орчны нян, вирус, бактерийн халдвараас урьдчилан сэргийлж ийнхүү ариутгал хийсэн байна.

Улаанбаатар хотын түүхэн барилга байгууламж болох Гандантэгчилэн хийдийг ариутган халдваргүйжүүлэх ажлыг  тус хийдээс гадна “Таны буянд даган баясъя” төв, БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр  хэлтэс зэрэг байгууллагууд  хамтран ажиллажээ

. Ганданг ариутгахдаа БНСУ-д үйлдвэрлэсэн "Хай-күф" халдваргүйжүүлэгч бодисыг хэрэглэсэн бөгөөд уг бодис нь хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй гэж мэдэгдсэн байна.

Гандантэгчилэн хийд орчимд олноор цугласан тагтаа цахилгааны утас дээр сууж, нисэх үед нь цахилгааны утас савлахад нь цахилгааны утас гэмтэж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Иймд Монголын ард түмний соёлын өв болсон Гандантэгчилэн хийдийг галын аюулаас хамгаалах үүднээс тагтаа хооллохгүй байхыг сүсэгтэн олноос хүсч байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газар