sonin.mn

Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын 30 минут уулзалт” өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Түүний өгсөн мэдээллээр онцгой байдлын албаны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж байгаа бөгөөд 90 хувьтай байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд энэ жил 50 гаруй сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарсан бөгөөд нэг сая гаруй тонн өвс тэжээл бэлтгэжээ.

Ингээд улсы онцгой комиссын дарга Д.Тэрбишдагваас цөөн асуултад хариулт авлаа.

-Онцгой байдлынхан өвөлжилтийн бэлтгэлийг хэр хангасан бэ. Мөн дэлхий нийтэд тархаад байгаа эбола вирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-ҮХАА-н дэд сайдаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг ихэнх суманд ажилласан. Өвс тэжээлийн бэлтгэл болон, улсын нөөц 90 орчим хувьтай хангагдаад байна. Харин аюулгүйн фондыг хангах асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан, аймаг орон нутаг өөрсдөө нөөцөө бэлтгэх ёстой гэж үзэж байна. Үүнээс гадна ОБЕГ ын Өвс тэжээлийн нөөцийн газраас хангалт хийсэн байгаа.

Эбола вирусээс хамгаалахын тулд миний бие Онцгой комиссын даргын хувьд тушаал гаргасан. Үүнд ЭМЯ, МХЕГ гэх мэт газруудад үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, гадаадаас ирж байгаа хүмүүсийн халууныг үзэх аппаратыг буруу газар байрлуулсан байсныг зөв байрлууллаа.

Мөн ЭМЯ-наас тусгай төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. -Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Шадар сайдын харьяа байгууллагуудын төсөвт ямар өөрчлөлт гарсан бэ. Хэр хүрэлцээтэй байгаа бол? -2000-2004 оны үеийг бодвол манай салбарын төсөв маш сайн нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Өнгөрсөн жилийн төсөв өндөр байсан. Харин энэ жилийнх “Хэмнэлтийх” гэсэн тодотголтой бид ямар нэгэн байдлаар барилга байшин барих болон бусад үргүй зардлыг хэмнэх чиглэлээр ажиллаж байна.

Ер нь шүүмжлэл байнга л байдаг. Гэхдээ шаардлагатай газруудад төсвийг нь битгий бууруулаач гэдэг хүсэлт хүргүүлсэн. Энэ дагуу ОБЕГ-т энэ жил найман тэрбум төгрөг тавьсан байна лээ.

 -Энэ төсөв ирэх жил хүрэх үү. Тухайлбал, “Шангрила-2”-т гарсан галын үеэр ОБЕГ-т өндөр шат дутагдалтай нь харагдсан шүү дээ?

-ОБЕГ-ын энэ жилийн төсвийн хувьд ирэх жилийнхээс буураагүй орж ирсэн. Түүнчлэн Австриас таван сая еврогийн тоног төхөөрөмж орж ирэхээр байгаа. Энэ дээр нэмээд 3-4 шатны захиалга өгсөн байгаа. Цаашдаа ОБЕГ-т нисдэг тэрэгний асуудлыг шийдүүлэх бодолтой байгаа.

-Ойрын өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал олны анхааралд байна. Үүнд “Шударга ёс” эвслийн бүлэг болон таны байр суурь ямар байгаа вэ?

 Ерөнхий сайдтай нэг баг болж хоёр жил ажилласны хувьд Ерөнхий сайдыг огцруулахыг зөвшөөрөхгүй. Ингэж болохгүй, үүнээс болж засагт бужигнаан үүсэх учиргүй. Засаглал тогтвортой, тууштай ажиллах ёстой. Үүнд эргэлзэх зүйлгүй. “Шударга ёс” эвслийн зүгээс ч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэх үеэр таныг намын дэд даргын ажлаа өгөхийг шаардсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

 -Тийм зүйл болоогүй. Өнөөдрийг хүртэл намайг “Ажлаа өг” гэж албан ёсоор шаардаагүй. Хэрвээ надад ажлаа өгөх хангалттай үндэслэл бүхий шаардлага тавьбал Шадар сайдын суудал болон намын дэд даргын албан тушаалд хоргодоод байх зүйлгүй.

М.Өнөржаргал

Эх сурвалж: