sonin.mn

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулган АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөхийг хүлээсээр бараг л бүтэн өдөржин “сул зогсолт” хийсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаа З.Энхболд даргад өргөн бариад хуулийн хугацаа нь дууссан тул УИХ-ын хуралдааны танхимын үүдээр эргэлдэж АН-ын бүлгийн хурал өндөрлөхийг тэсч ядан хүлээцгээж байна. Энэ үеэр бүлгийн даргынхаа өрөөгөөр эргэлдэж явсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах ярилцлагыг авсан юм.

-Өчигдөр /уржигдар/ төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд уул­заж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн юм бай­на. Тэдний уулзалтаар Н.Алтанхуяг сайд нэг бол Ерөнхий сайдаас сайн ду­раараа огцрох, эсвэл АН-ын даргын суудлаа өөр хүнд шилжүүлэх хувилбар яригдсан сурагтай. Хэрвээ энэ зарчмаар асуудлыг шийдвэл хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-Яах аргагүй хууль зөрч­сөн үйлдэл болно. Хэрвээ Н.Алтануяг АН-ын даргаас татгалзвал хууль зүйн хувьд Ерөнхий сай­даас огцорлоо л гэсэн үг.

Улстөрийн намуудын тухай хуульд “Ялсан на­мын дарга нь Ерөнхий сайд байна” гээд маш то­дорхой заачихсан байгаа. Энэ бол Монголын улстөрд нэгэнт тогтчихсон хэвшил. Тэгэхээр энэ удаа ч мань эр “ЭЗЭН-100” гэдэг шиг жонхуурсан арга залиа хэ­рэглэж цаг хугацаа хожих гэсэн л явуургүй үйлдлээ давтах гэж байна.

Үнэндээ энэ Н.Алтанхуяг гэдэг хариуцлагагүй этгээд өнөөдөр л энэ суудал дээрээ тэсч үлдэхийн тулд юу ч хийж, хэнтэй ч эвсэхээс буцахгүй болж. Энэ нөхөр өнөөдөр л аргалаад суудлаа хадгалж чад­вал түүний дараа намынх нь хурал хуралдана уу байна уу, ҮЗХ нь бүрдээ ч үү үгүй ч үү огтхон ч падлийгүй гэж маш хорлонтой тооцоо хийгээд л гүйгээд байна.

Та бүхэн мэдэж л байгаа. Эрх баригч АН сүүлийн үед ҮЗХ-гоо үнэндээ хуралдуулж чадахаа больсон шүү дээ. Ирц нь бүрдэхгүй шахаж шаардаж бөөн юм болж ирц нь жаахан дөхвөл фракц хоорондынх нь тэмцэл бараг л бага шиг мөргөлдөөн болдог гэх юм билээ.

Гэхдээ энэ нь бидэнд огтхон ч падлийгүй, энэ бол АН доторх л асуудал. Гол нь бид Ерөнхий сайдын асуудлыг л хөндөж тавьсан. Намын даргаараа Арвин нь болно уу, Алтанхуяг нь үлдэнэ үү ямар ч ялгаагүй, огтхон ч сонирхолтой асуудал биш.

Өнөөдөр бидний тавьж бай­гаа гол асуудал бол Монгол Улсын эдийн засаг, банк санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, үндэс­ний цөөхөн үйлдвэрлэгчид гээд бүх салбар, чиглэлийг элгээр нь хэвтүүлж ноцтой хямралд оруул­сан энэ Н.Алтанхуяг гэдэг нөхөрт улстөрийн хариуцлага хүлээлгэн Ерөнхий сайдаас нэн даруй огцруулахыг л шаардаж байгаа. Монгол Улсын эдийн засаг өнөө­дөр хямрал биш үндсэндээ нурж, сүйрч байна.

Валютын цэвэр нөөцөө шавхаад яг дуусч байгаа. Төсвийн өнөөгийн байдал 2015 оны дүр зураг үнэхээр аймшигтай ангалын өмнө зогсож байгаа. Бид нэн яаралтай маш онцгой арга хэмжээ авах шаардлагатай болчихоод байна.

-Өнгөрсөн 16-нд Ерөнхий сайдын хоёр дахь удагаа өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төсөл амьдралаас хэтэрхий та­сар­сан төсөв болсон гэж МАН-ын бүлгийн олон гишүүн ярьж байгаа. Энэ талаар та ч мэдээж шүүмжлэлтэй хандаж байгаа нь тодорхой. Харин яг ямар үндэс­лэлээр шүүмжилж байгаа вэ?

-Маш ойлгомжтой хэдхэн тоо хэлье. Н.Алтанхуягийн хоёр дахь удаа оруулж ирсэн төсвийн төсөлд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.1 их наяд, харин зардлыг 7.6 их наяд төгрөг, алдагд­лыг 478.4 тэрбум төгрөг бай­хаар тооцсон байсан.

Энэ бол ямар ч боломжгүй, амьдралаас дэндүү тасарсан харалган тоо мөн. Өнөөдөр эхний 10 сарын байдлаар төсвийн алдагдал 800 тэрбум төгрөг болчихоод явж байгаа.

Орлогын төлөвлөгөө биелэх ямар ч найдваргүй болчихсон болохоор энэ оны эцэст төсвийн алдагдал нэг их наяд төгрөгийг бараг давах нь тодорхой болоод байна. Бодит байдал ийм байхад 2015 оны төсвийг 478 тэрбум төгрөг байхаар тооцоолон оруулж ирж байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл гэхээс өөр үг олдохгүй байна.

Ирэх оны төсөвт төрийн гурван өндөрлөгийн бүтцээс бусад байгууллагын гадаад, дотоод томилолтын зардлыг 50 хувиар, төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зардлыг 15 хувь бууруулахаар тооцсон байсан.

Хэдийгээр “Бүсээ чангална, төсөв хэмнэнэ” гэж ярьж байгаа ч дээрх хэмнэлтээс төсөвт эзлэх хувь нь үнэхээр өчүүхэн бага шүү дээ. Төсвөө хэмнэе, зардлаа бууруулъя гэж үнэхээр л зорьж байгаа бол сайд тус бүрийн төсвийн зардлыг 50 хувиар бууруулах ёстой.

Эд хогшил, тавилга хэрэгслийн зард­лыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах бүрэн боломжтой.

Ер нь төсөв, мөнгөний бодлого хоёр маш сайн уялдаж, дээд зэр­гийн хэмнэлттэй, үр ашигтай байх ёстой. Ирэх 2015 онд Монгол Улс зөвхөн зээлийн хүүд 708 тэрбум төгрөг төлөх ёстой. Харин үндсэн зээлээс нэг их наяд төгрөг төлөх учиртай.

Эдгээрийг төлөх эдийн засгийн бодит чадавхаа алдчихсан. Ирэх жил улсын төсвөөр нэг ширхэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх бололцоо байхгүй. Давын өмнө хоолой дээр тээглэчихээд байгаа энэ их өрөөс хэрхэн мултран гарах вэ гэдэг л хамгийн ноцтой асуудал болчихоод байна. Эдгээрийг да­гаад валютын маш огцом уналт үүсэх гэж байна.

Түүнчлэн банк санхүүгийн хямрал, үл хөдлөх салбарын ноцтой доройтол үүсэх нь ч тодорхой. Бид энэ бүх хүн­д­рэл, хямрал, уналтад ард түм­нийхээ сэтгэл зүйг бэлтгэх цаг болсон. Товчхондоо Монгол Улс айм­­шигтай том, харанхуй ан­галын өмнө ирчихээд байна. Энэ Н.Алтанхуяг гэдэг нөхөр албан тушаалаасаа огцрох л юм бол шал өөр газар хүлээж байгааг сайн мэдэж байгаа болохоор сандал ши­рээтэйгээ үхэн хатан зууралдаж байгаа.

Шулуухан хэлэхэд идсэн уусан, ашигласан, авлига ав­сан, тойрон хүрээлэгчид нь улсын төсвийн мөнгөнөөс хэдэн тэр­бу­маар нь хулгайлсан гээд маш ноц­­той асуудлууд түүнийг хүлээж байгаа.

-Өчигдөр /уржигдар/ Төрийн байгуулалтын байнгын хороо хой­­шилсон. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын нэгдсэн чуулган хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Энэ бүхэн Ерөнхий сайдын асууд­лаас болоод гацаад байна уу?

-Мэдээж шүү дээ. Энэ хүн Монголын эдийн засгийг сүйт­гэсэн бол одоо төрийн бүх ажлыг зогсоо­чихоод байна. Эдийн зас­гийн хямрал, уналт нь одоо улс­төрийн хямрал, төрийн албаны дам­пуурал болон хувирч байна. Одоо та бүхэн харж л байгаа. Гадаа цас ороод эхэллээ. Өвөлжилтийн бэлтгэл юу болж байгаа юм бүү мэд. Зүүн нутаг тэр аяараа түй­мэрт хуйхлагдаж байна.

Улс орны бүх систем, яам тамгын газрууд задарч сүйрч дуусч байна. Тэдгээр газруудад дур зоргоороо авирлах, төсвийн хөрөнгө санхүүг энэ бужигнааныг далимдуулан онцгой ихээр идэж шамшигдуулах, хулгайлах явдал хэрээс хэтэрсэн.

Өнөөдөр төрийн байгууллагууд ямар ч чадваргүй болж эрх ба­ригчдын фракц хоорондын тэмц­лийг гүйцэлдүүлдэг анхан шатны нэгж болж хувирсан. Энд тэндгүй хараа хяналтгүй баяр ёслол тэмдэглэх, төсвийн хөрөнгөөр нэг нэгнийгээ шагнаж урам­шуу­лах, гадаад, дотоодод аялж зу­гаалах гээд хулгайлж болох бүх л аргаар савируулж байна. Гэтэл нөгөө талд эрүүл мэнд, боловс­ролын салбар ямархуу уналтын байдалтай байгааг олон нийт харж л байгаа. Одоо удахгүй төс­вийн байгууллагууд тэр ч байтугай хувийн хэвшлийнхэн ч цалингаа тавьж дийлэхгүй болно.

Мөнгө нь байхгүй юм чинь яах юм. Шаардлагатай бол МАН-ын бүлгийн зүгээс ард түмэндээ ханд­сан сэрэмжлүүлэг, мэдэгдлийг удах­гүй гаргана гэж бодож байгаа. “Монгол Улсын эдийн засаг, банк санхүү бүрэн уналтад орлоо шүү, онцгой сонор сэрэмж­тэй байцгаа. Энэ уналтаас яаж хохирол багатай гарахаа бо­дож бэлтгэлтэй бай” гэсэн сэрэмж­лүүлэг гаргахад буруудах зүйлгүй болчихоод байна.

-2015 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд батлах бо­ломж, бололцоо бий юу?

-Ирэх сарын 15-нд 2015 оны төсвийн тухай хууль бат­лагдах ёстой. Гэтэл одоо гурван хэлэл­цүүлэг дутуу бай­гаа. Уржигдар хуралдсан Төсвийн байнгын хо­рооны хурал дээр Засгийн газ­рын төсвийг дагаж орж ирсэн төс­вийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар боловсрол, соёл, анхан шат­ны эрүүл мэнд, биеийн тамир гэсэн үйлчилгээнүүдийг орон нутагт шилжүүлэх эрх мэд­лийг тусгасан хууль нь уначихсан.

Мөн хөрөнгө оруулалтын эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл бас л уначихсан. Нийгмийн сал­барт хийгдэж байгаа хувийн хэвш­лийнхний хөрөнгө оруулалтыг хааж боох тухай заалтыг оруулж ирсэн Боловсролын тухай хуулийн өөрчлөлт нь мөн л уначихсан. Тэгэхээр одоогийн хоёрдугаар хэ­лэлцүүлэг ихээхэн цаг хугацаа шаардсан нарийн тоо баримт дээр ажиллах ёстой болчихоод байгаа юм.

Гэтэл ийм их ачаалалтай байхад үндсэндээ 14 хоног л үлд­лээ. Тэгэхээр төсвийн бодлогыг үндсээр нь өөрчилж, мөнгөний бодлоготой нь уялдуулаад гар­гахад энэ хугацаа бараг л хү­рэл­цэхгүй.

Оруулж ирсэн төсөв нь мөн­гөний бодлоготойгоо огтхон ч авцал­дахгүй байгаа. Энэ оны төсөвт валютын ханшийг 1384 буюу шал худлаа, ямар ч баримжаагүй оруулж ирж байсан нь 2015 оны төсөвт бас л дахин давтагдах гэж байна. Н.Алтанхуягийн асуудал яаж ч шийдэгдэх нь хамаагүй, ирэх оны улсын тө­сөвт л анхаарах нь чухал.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: