sonin.mn

Хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгаанд нийт 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй 156, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 114, худалдаа үйлчилгээ эрхэлж буй 44, нийт 314 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.

Мэргэжлийн Хяналтын байгууллагын 2014 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсад хэрэглэж буй хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээнд эрсдэлийн 1 үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэхэд зорилгоор ийн тандалт судалгаа хийсэн аж.

Эл судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, лабораторийн шинжээчид хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн юм байна.

Энэхүү тандалт судалгааг хийснээр хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа болон худалдаалж байгаа хүнсний нэмэлт агуулсан түүхий эд, бүтээгдэхүүний судалгааг гарган мэдээллийн сан бүрдүүлсэн байна.

Мөн хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн нэр төрөл, гарал үүсэл, савалгаа, хаяг шошго, үйлдвэрлэлд хэрэглэж буй тоо хэмжээ, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байдал, хэрэглээнд тавьж буй хяналтын талаарх судалгааг гарган бүртгэжээ.

Түүнчлэн хилээр нэвтэрч Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдсан хүнсний нэмэлт, түүнд тавьж байгаа хяналт, баталгаажилтын талаарх судалгааг гаргасан гэнэ.

Үүгээр барахгүй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний нэмэлтийг үндэсний болон бүс нутаг, олон улсын стандарттай харьцуулж, үнэлгээ дүгнэлт өгч зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт, зөвшөөрөгдөөгүй хүнсний нэмэлтийн талаарх жагсаалтыг гаргажээ.

Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдалд хийсэн тандалт судалгаанд сүү, сүүн бүтээгдэхүүний 24 үйлдвэрийн 37, мах, махан бүтээгдэхүүний 39 үйлдвэрийн 45, гурил, гурлин бүтээгдэхүүний 81 үйлдвэрийн 92, ундаа, жүүсний таван үйлдвэрийн 12, нөөшилсөн бүтээгдэхүүний зургаан үйлдвэрийн долоо, чипсний нэг үйлдвэрийн дарав, хоол үйлдвэрлэлийн 114 аж ахуйн нэгжийн 30, нийт 270 үйлдвэрийн 224 нэр төрлийн бүтээгдэхүүн хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан хүнсний нэмэлтийн 33 хувь нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шошготой байгаа ба бүтээгдэхүүний шошгоноос орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтын талаар үйлдвэрлэгч, хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй.

Үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, нэмэлтийг улсын хилээр оруулж ирсний дараа МХЕГ болон НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан дүнгээс үзэхэд химийн үзүүлэлтүүд нь стандартад заасан хэмжээнд, хүнд м^еталл, нян судлал, хөгц, мөөгөнцөр, хор судлал үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд байсан байна.

Хүнсний үйлдвэр, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний нэмэлт, түүхий эд, бүтээгдэхүүний 60 хувь нь лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн гаргасан улсын байцаагчийн дүгнэлттэй, 40 хувь нь бүтээгдэхүүн худалдан авсан падаантай байжээ.

Л.Буд

Эх сурвалж: