sonin.mn

Уул, уурхай эрчим хүчний яам, “ДЦС-4” ТӨХК, Япон улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам, мөн улсын Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоотай хамтран “Эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулах хамтын ажиллагаа”-ны “Эрчим хүчний салбар” хуралдааныг Улаанбаатар хотноо 2014 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Салбар хуралдааны эхний 2 өдрийнхийг “ДЦС-4” ТӨХК-ийг түшиглэн явуулсан бол 3 дахь өдрийн хуралдаан “Блью скай” зочид буудалд боллоо. Энэ хурлаар эрчим хүчний үр ашгийг хэрхэн дээшлүүлэх тухай болон түгээх, дамжуулах сүлжээ ба эх үүсвэрүүд тус бүр дээр авч үзэж ярилцав. Хуралд АНУ, Англи, Вьетнам, Япон улсын төр-хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Хурлыг нээж Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монголчууд бидний ярьдагчилан “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэдэг зүйр үгний дагуу Япон улс нь манай улсын шилжилтийн үеүдэд буюу 1990-ээд оны үеэр Эрчим хүчний системийг ажиллуулахад томоохон дэмжлэг үзүүлж байсан хуучнаар Зөвлөлт холбоот улсын мэргэжилтнүүдийг буцсаны дараах хүнд үеүүдэд Эрчим хүчний салбарт бодитой хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хямралыг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулж бидний сайн анд, гуравдагч хөрш гэдгээ батлан харуулж байсан нь тодхон санагдаж байна.

Тухайн үед хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс дурдвал: “ДЦС-4” ТӨХК-д 1995-2004 оны хооронд 4,5 тэрбум иенийн зээлээр амжилттай хэрэгжсэн станцын I ээлжийн шинэчлэлийн төсөл, 2001-2008оны хооронд 6.1 тэрбум иенийн зээлээр амжилттай хийгдсэн II ээлжийн шинэчлэлийн төсөл, одоо хэрэгжиж эхлээд буй 2014-2018 оны хооронд 4,2 тэрбум иенийн станцын үр ашгийг дээшлүүлэх төслүүдийг дурдаж болно.

Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа нь шинэ түвшинд гаран хөгжиж байгаа бөгөөд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абегийн 2013 оны 03 дугаар сард манай улсад хийсэн албан ёсны айчлалын үеэр дэвшүүлсэн “Эрч” санаачлага, Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 09 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Япон улсап хийсэн албан айлчлалын үеэр байгуулагдсан “Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 07 дугаар сарын  21-24-ний өдрүүдэд Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр “Монгол, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн болон Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан тохиролцоо”-нд гарын үсэг зурсан мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абе болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын санаачлан дэвшүүлсэн “Эрч +” санаачлагуудаар баяжигдаж байна.

Эдгээр баримт бичгүүдийн хүрээнд манай хоёр улсын харилцаа урьд өмнө Япон улсаас үзүүлэх буцалтгүй тусламж дээр голчлон суурилж байсан бол ойрын жилүүдэд хамтарсан бүтээн байгуулалт, техник, технологи нутагшуулах ажлуудыг харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан хийх шинэ хэлбэрт шилжээд байгаа нь Эрчим хүчний салбарт ч мөн адил биелэлээ олж байна.

Тухайлбал ойрын 20 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр баригдаагүйн улмаас бий болсон эрчим хүчний хомсдолыг даван туулах чиглэлээр цахилгаан, дулаан хосолсон 5 дугаар цахилгаан станцыг концессын гэрээнд үндэслэн барьж байгуулах төслийг эзэмшигчдийн нэгээр Япон Улсын “Сожицү корпораци” тодорсон, Өмнийн говийн бүтээн байгуулалттай холбоотой эх үүсвэрийн хомсдлыг шийдэх стратегийн ач холбогдол бүхий “Таван толгойн цахилгаан станц”-ын богиносгосон жагсаалтад “Кансай электрик”, “Марубени” зэрэг компаниуд шалгараад байна.

Мөн бид Япон улсын тэргүүний техник, технологийг нэвтрүүлэхээр Өмнийн говийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах зорилго бүхий 2013 оны 12 дугаар сард байгуулагдсан Монгол, Японы хоёр орны нүүрс хүчил багатай хөгжлийн санаачлагын хүрээнд Япон Улсын Шинэ технологи, аж үйлдвэрийн агентлагт, Хитачи компанитай хамтран “Оюутолгой-Цагаан суврага” чиглэлийн 220/20 кВт-ын ЦДАШ-ыг Япон улсын Хитачи компанийн алдагдал багатай өндөр үр ашиг бүхий цахилгаан дамжуулах утсаар барьж байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Цаашдын Эрчим хүчний салбар хоорондын хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын шинэ бүтцийн дагуу байгуулагдсан Уул, уурхай, Эрчим хүчний яамны зүгээс дэмжиж ажиллах болно” гэв.