sonin.mn

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах өдөрлөгийн нээлт Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдаж, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, БХЯ, ЗХЖШ-ын зарим хэлтсийн дарга нар, Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ: “Сүүлийн жилүүдэд орон нутагт батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр хүнд, цэргийн алба хаагчдын дадлага, мэргэжлийн ур чадвар ихээхэн өсч байна. Тус аймагт БХЯ-ны харьяа олон байгууллага, бие бүрэлдэхүүнийг хамарсан ажлын хэсэг ажиллаж, батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг өндөр зохион байгуулалттай явуулж байгаад талархлаа илэрхийлье” гэдгийг онцолж байлаа.

Ховд аймагт Монгол цэргийн музейн үзэсгэлэнг дэлгэж, иргэдийн хүсэлтээр архивын лавлагаа, эмнэлгийн үзлэг, оношлогоогоор үнэ төлбөргүй үйлчилж, гэрээт цэргийн албыг сурталчлан, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн. Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байнгын бие бүрэлдэхүүний жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, үлээвэр найрал хөгжимчдийн мэндчилгээг хүргэж, бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал боллоо.