sonin.mn
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг  хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд АНУ-ын Азийн сан болон “Мерси Кор Монгол” байгууллагатай хамтран сум, дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
 
Монгол Улсын засаглалын ил тод байдлыг дэмжих зорилгоор  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжсэн Азийн сангийн “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төсөл, “Мерси Кор” байгууллагын “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслүүд хэрэгжиж байна. Нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалын дэмжих чиглэлээр Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой Нээлттэй засгийн түншлэл 2011 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 65 орныг эгнээндээ нэгтгэжээ. Монгол Улсын Засгийн газар уг тунхаглалыг хүлээн зөвшөөрч, элсэн орсон бөгөөд үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөгөө 2014 оны 7 сард батлан гаргасан юм. Сум, дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөлгөөнөөр Монгол Улсад хэрэгжсэн дээрх төслүүдийн үр дүн, туршлагын талаар хэлэлцэж, Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг орон даяар хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 
 
Зөвлөлгөөнийг хааж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Энэ жилийн төсвийн тухай хуулинд цоо шинэ зарчмын шинжтэй өөрчлөлтийг  Засгийн газраас  оруулж байна. Олон жил орон нутагт эрх мэдлийг шилжүүлье гэж ярьж байгаа ч шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Хөрөнгө мөнгө орон нутагт очиж, энэ хөрөнгө мөнгөө захиран зарцуулах эрх мэдэл нь шилжсэн тохиолдолд  эрх мэдэл  жинхэнэ утгаараа шилждэг. Энэ бүхнийг ирэх жилээс эхлэн хэрэгжүүлээд  аймаг, суманд хийх ажлуудаа орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ оролцоотойгоор шийдээд явах бололцоотой” гэдгийг Замын-Үүд суманд нийт иргэдийн саналыг үндэслэн тодруулсан нэн түрүүнд барих шаардлагатай  таван барилгын жагсаалтыг гаргаж санхүүжүүлсэн нь үр дүнд хүрсэн жишээгээр тайлбарлалаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  гүйцэтгэх засаглалын орон нутаг дахь удирдлагын ажил завсарлагагүйгээр үргэлжилж байх ёстой гэдгийг хэлээд сум, дүүргийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.