sonin.mn

Зэрэгцэн суучихаад ямар нэгэн зүйлд тааламжгүй байгаагаа нүүрнийхээ хувирлаар илэрхийлж байгаа энэ хоёр хүнээс хоёр эрхэм сууж байгаа учир тэдний дохио зангаа, далд үүрэг тушаал, татгалзах аргагүй саналаас АН-ын ҮЗХ-ны өнөөдөр орой эхэлж, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын хувь заяа шийдэгдэх нь тодорхой болоод байна.

Чухамдаа АН-ыг төдийгөөс өдий хүртэл захиран зохицуулсаар ирсэн Алтангадас фракцийн толгой дээр энэ шөнөжин хуралдаж ч болзошгүй хурлын уур амьсгаа, эцсийн үр дүн шууд хамаарна.

Цаана нь суугаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хувьд эхнээсээ л дараагийн Ерөнхий сайдад яригдсан ч эцсийн мөчид АН-ын бусад фракциуд Алтангадасын эсрэг дуртай, дургүй нэгд­сэн тул арга буюу хүчин мөхөсдөж УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ бүлгийн тэр шийдвэрийг АН-ын Хяналтын хороо хууль бус гэдгийг нь зарлачихаад байгаа. Тэгэхээр Ч.Сайхан­билэг өнөөдөр болох ҮЗХ-ныхоо хурлаас дүүхэлзээд гараад ирэхийг хэрхэвч үгүйсгэж болохгүй.

Нө­гөөтэйгүүр наана нь суугаа төлөв түвшин, гэмгүй сайхан царайтай эрхэм өнөөдөртөө АН-ыг атгаж суугаа бо­лохоор дараагийн Ерөнхий сайдын нэрийг ҮЗХ-нд албан ёсоор танилцуулах дүрэмтэй. АН-ын тэрхүү дүрэм хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тэрбээр өөрийнхөө залгамжлагчийг хөтөлж оронгуутаа ҮЗХ-ны олонхыг бүрдүүлдэг Алтангадасчууд руу нухацтайхан шиг ганц л харчихад Ч.Сайханбилэг нүүр дүүрэн мишээх боломжтой болоод явчихна.

Харин ирэх 12 дугаар сарын 8-нд товлогдсон АН-ын их хурал хүртэл Ч.Сайханбилэг, нөгөө нэгэн горилогч Р.Амаржаргал хоёрын асуудал эцэслэн ший­дэгдэхгүй бол байдал хэний ч таамаглаагүйгээр шал өөрөөр эрчлэн хуйл­рахыг ч үгүйсгэхгүй. Учир нь УИХ-ын дарга “хатуу самар” З.Энхболд намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлачихаад байгаа. Дараагийн Ерөнхийлөгч гэгдэж байгаа З.Энхболд олонхын дэмжлэг хүлээн АН-ын дарга болвол зурган дээр наана нь суугаа гэмгүй сайхан царайтай хүний улстөрийн карьерт том цохилт болох нь маргаангүй. Гэхдээ энэ гэмгүй царайтай хүн өширхвөл ч өширхөж чаддаг, тийм ч амархан хоёр гараа өргөчих нэгэн биш гэдгээ өнгөрсөн даваа гарагийн 21:30 цагт гэнэтийн мэдэгдлээрээ но­толсон.

Тэрбээр “Манай на­мын дүрмээр намын дарга, АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй зөвшөлцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Тэгэхээр сая Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, АН-ын дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын ги­шүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин Шинэчлэлийн Зас­гийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би АН-ын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж “Р.Амаржаргалаа чи яагаад ч биш” гэдгийг хэлчихээд байгаа. Ингэхээр өнөө орой хуралдах ҮЗХ-ны хурал тун ширүүн болж, аягүйтвэл нударга зө­рүүлцгээж ч болзошгүй.

Хоёрхон хоногийн өмнө АН-ын Гүйцэтгэх зөв­лөл хуралдаж гаргасан шийд­вэрийнх нь талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ҮЗХ-ны ээлжит бус хурлыг 11 дүгээр сарын 14-ний 17:00 цагт хуралдуулах шийдвэр гаргалаа. Тэгэхээр хоёр хоногийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч тодрох нь ээ” хэмээн жиргэсэн.

УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэ­рийг олонхын саналаар дэв­шүүлж, ҮЗХ-нд АН-ын дарга өргөн барихад бэлэн болоод байгаа. Гэтэл байдал тун эвгүй тийш эргэж, тус намын Хяналтын зөвлөл “Ерөнхий сайдад нэр дэв­шигчийг АН-ын дарга санал болгодог тул АН-ын бүлгийн шийдвэр намын дүрэм зөрчсөн” гэж үзчихээд байгаа.

АН-ын ҮЗХ нь АН-ын их хурлаас бусад үед намын дээд байгууллага бөгөөд нийт 228 гишүүнтэй ч 40-өөд нь төрийн албан хаагч учир хуулийн дагуу өнгөрсөн долоо хоногт болсон ҮЗХ-ны хуралдаанд суугаагүй. Ингэснээр 170 гаруй нь дээрх хуралдаанд оролцсон. Дээрхээс дүгнэлт хийвэл өнөөдөр болох Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг тодруулах энэ удаагийн ҮЗХ-ны ху­ралдааны ирц өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөхгүй.

Хам­гийн гол нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэв­шүүлэх итгэлийг ҮЗХ-ны гишүүд нь хүлээлгэх үү гэдэг нь тун ноцтой, бараг л итгэлгүй шахам асуудал болчихоод байгаа.

АН-ын ҮЗХ-нд Н.Алтан­хуягийн толгойлдог “Алтан гадас” фракц 60 ор­чим гишүүнтэй, гэгддэг ч чимээгүйхэн түүний амыг харагчид 20,30-аар тог­­тохгүй гэх юм билээ. Ингэхээр яах аргагүй нам дотроо өнөөдөртөө хамгийн хүчирхэг, нөлөөтэй байж чадна. Тэгэхээр наана нь суугаа гэмгүй царайтай хүний хүчийг өнөөдөртөө дутуу үнэлж хэрхэвч бо­лохгүй. Гэхдээ түүнийг бу­­руутгах үндэслэлийг эс­рэг фракцийнхан сай­тар цуглуулсан л байж таар­на. Түүнийг буруутгах үндэс­лэлүүдээс дурьдвал Монгол Улс 1990 оноос 2012 оныг хүртэл 2.2 тэрбумын зээл авсан байдаг. Энэ хугацаанд 12 Ерөнхий сайд ажилласан.

Харин гэмгүй сайхан царай­тай хүний толгойлсон Зас­гийн газар хоёр жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн өр тавьж дөнгөсөн. Өнгөрсөн жил зургаан их наяд гаруй төгрөгийн төсөв баталж өгсөн.

Дээр нь үнэ тогтвор­жуулах хөтөлбөрийн хү­рээнд гурван их наяд төгрөг хэвлээд өгсөн.
Мөн дээр нь гаднаас 2.6 тэрбум долларын зээл авчихсан гэж байгаа. Энэ бүхнийг нийлүүлбэл нэг жилийн дотор 13 их наяд төгрөг үрэн таран хийчихээд гэмгүйхэн сууж байгаа нь энэ.

Одоогоор мэдэгдэж байгаа зүйл бол “Алтан­гадас”-ынхан УИХ дахь бүлэгтэйгээ, үнэндээ бол бусад таван фракцтайгаа тулаан зарлачихаад бай­гаа. Хэрэв бүлгээс Ч.Сайхан­билэг дэмжлэг авсан бол бүлгийнхээ алдаа­тай шийдвэрийг тас нуу­гаад өнгөрөх байсан нь ойлгомжтой.

Харин Р.Амар­жаргал тэргүүтэй “эсэргүү” гишүүд цойлоод гараад ирвэл уг хөзрөөрөө дарж авахаар хадгалж байж. Энэ зурган дээр гэмгүйхэн сууж байгаа эрхэм өдий болтол намын бүлгийнхээ алдаатай шийдвэрийн талаар дуу­гарахгүй явсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

Өнөө орой энэ хоёр хүн жинхэнэ “тулаан”-ыг удир­дан баруун солгойгүй гөвөлцөх болно. Ийнхүү АН-ын фракциудын мөнхийн зөрчил, товчхондоо энэ хоёр эрхмээс шалтгаалан Монгол Улс 28 дахь Ерөнхий сайдаа тийм ч амархан тодруулж чадахгүй нь л үнэн юм даг.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: