sonin.mn

Нийгмийн хамгаалалын болон Эрүүл мэндийн яам бусад ТББ-уудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа юм. Тус хуулийн талаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянттай ярилцлаа.

-Энэ хууль батлагд­са­наар ямар эерэг үр дүн гарах вэ?

-Бидний хийж буй энэ хуулийн эрх зүйн ши­нэчлэлийн гол зорилго нь нийгэмд байгаа буруу ойл­голтыг өөрчлөх. Ин­гэхийн тулд хү­мүүсийн сэтгэл санаатай ажиллах хэрэг­тэй. Хүнд эхлээд ас­рахуйн сэтгэлгээг үүсгэх хэрэг­тэй.

Ингэхгүй бол ний­­гүү­сэхүйн сэтгэлгээ үүс­­дэггүй. Нийгүүлсэхүйн сэт­­гэлгээг үүсгэсэн бай­вал бус­дад тусалдаг, нэ­гийгээ хам­гаалдаг. Ин­гэж нэгэндээ тусалж, хам­гаалаад ир­вэл ту­хайн хүн өөртөө бая­сахуйн сэт­гэлийг үүсгэж чад­на.

Ингэж бид тэгш ор­шихуй гэдэг зүйлийг бий болгоно. Үүнд мөнгө төгрөг орох­гүй, ямар нэг эдийн засаг шаардагдахгүй. Сис­темийг нь л өөрчлөхөд болох зүйл. Гэхдээ зөвхөн хөл, гар нь болохоо байчихсан хү­мүүсийнх бус бүх ний­тийн асуудал.

Харин бид тэр хүний, тэдний гэр бү­лийн л асуудал гэсэн буруу ойлголттой яваад ир­чихсэн. Одоо арай өөрөөр харах хэрэгтэй. Тэгж байж нийгмийг цэвэрлэж сайхан болгоно. Нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөж, хүн хүндээ хандах хандлага нь өөрч­лөгдөнө.

-Ер нь хуулийн ерөнхий үзэл санаа нь юу юм бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай ижил биш мөртлөө өөрсдөдөө тохирсон чадвартай хүмүүс байдаг. Тэд бидний хийж чаддаг зарим зүйлсийг хийж чаддаггүйтэй адил бидэнд ч бас тэдний хийж чаддаг зүйлсээс чадахгүй зүйл бий.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өрөвдөх бус харин тэдэнд өөрийнхөө төлөө ажиллах сэтгэхүйг нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр та хөдөлмөрийн чадамжийнхаа тэдэн хувийг алдчихаж халамж өгье гээд л байвал “Надад хөдөлмөр эрхлэх боломж байхгүй юм байна” гэсэн сэтгэлгээ арилахгүй. Харин ч тэр хүн сэтгэлээр уначихдаг.

Энэ яав ч зөв бодлого биш. Тиймээс дэлхий нийт сүүлийн үед энэ хандлагыг өөрчлөхийн тулд “ICF” гэдэг ангиллаар явж байна. Үүний гол зорилго нь чадвараа алдсан хүн ямар чадвар үлдсэн байна вэ гэдгийг нь тогтоох.

Тухайлбал бичих чадвараа алдсан бол ярих чадварыг нь хөгжүүлэх тухай зөвлөдөг. Энгийнээр бол оролцоонд тулгуурлаж, хүний эрхийг хангасан хууль гэж ойлгох хэрэгтэй.

-Одоо хэрэгжиж байгаа хууль, дүрмийн юу нь болохгүй байна вэ?

-Одоо хэрэгжиж байгаа Нийгмийн халамжийн тухай хууль 1970-аад оны эхээр хийгдсэн. Сүүлд хамгааллын тухай болгож өөрчлөлт оруулсан юм билээ. Халамж дээр суурилсан нийгмийн хамгааллын хууль байгаа юм. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үүнд шинэчилсэн найруулга хийх ёстой гээд заачихсан байдаг.

Мөн ХАХНХ, болон Эрүүл мэндийн сайдын мөрийн хөтөлбөрт олон улсын “ICF” ангиллыг нэвтрүүлэх гээд ороод ирчихсэн байдаг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх гэхээр хууль нь өөрөө мөнгө төгрөг, халамж яриад явчихдаг.

Тэгэхээр зохицуулалт хийж болохоо байчихаад байна. Үүний улмаас л энэ хуулийг боловсруулах санаа төрсөн. Ер нь одоо байгаа хууль үндсээрээ өөрчлөгдөх юм.

Бид оролцоон дээр тулгуурласан, хүний эрхийг хангасан хууль болгох гэж зорьж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж авдаг хүмүүс гэсэн ойлголт нийгэмд байна.

Түүнээсээ болоод тэднийг өрөвдөж ханддаг нийгмийн сэтгэлгээ ийм болчихож. Үүнийг өөрчлөхийн тулд тэдгээр хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж, нийгэмд юм хийж чаддагыг харуулах нь чухал. Сонсох, харах хоёр огт өөр шүү дээ.

-Аливаа зүйлийг бүхлээр нь өөрчлөх үед саад тотгор их гардаг шүү дээ. Та бүхэнд ч гэсэн ямар нэг хаалт ирж байгаа байх.

-Олон жилийн турш явчихсан системийг өөрчлөх гэж байгаа учраас үүнийг ойлгохгүй албан тушаалтнууд гарч ирж байна. “Тэдэнд зориулсан орчныг яаж бүрдүүлэх юм. Энэ хүн тендэрт оролцож чадах юм уу” зэрэг сөрөг талаас нь харсан олон л юм ирж байна.

Тэр ч гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийнхэн ч гэсэн “Манай энэ юу ч хийж чаддаггүй юм. Бидэнд дарамт болсон нөхөр” гэж ярдаг тул тэдний хандлагыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Энэ мэт олон бэрхшээл бий. Хамгийн хэцүү нь дээр дурьдсан гэр бүлийнхэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ойлгохгүй байх явдал.

-Яг зорилтот бүлгийнхэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ ажилд ямар байдлаар оролцов оо?

-Бид 3000 хүнээс судалгаа авсан. Тэгэхээр нийслэл орон нутаг төдийгүй бүгдийг хамарсан 3000 хүний санаа бодол үүнд тусч байна гэсэн үг. Хоёрдугаарт үндэсний холбоод, гишүүнчлэлтэй байгууллагуудаар дамжуу­лан найман удаагийн уулзалтаар ойролцоогоор 600 хүнтэй нүүр тулж уулзсан. Тэдний санаа бодлыг ч тусгасан. Мөн ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлийн хэлтсийнхэн сар бүр ТТБ-уудтай уулзаж, тэдний саналыг авч байна.

Энэ саналыг бүтэн жилийн турш авч байна. Өөр ямар ч хуулийн саналыг ингэж урт хугацаагаар нээлттэй авч байгаагүй. Манайд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1500 орчим байгууллага бүртгэлтэйгээс идэвхтэй нь 50 бий. Харин үйл ажиллагаа бүх зүйлсэд оролцоод санал солилцоод явдаг нь яг 10 орчим л байгаа. Тэдний санаа бодол гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал гэсэн үг.

Нөгөөтэйгүүр бодлого барьж буй яамдаас хоёр дахь удаагаа санал авч байна. Харин одоо эцсийн байдлаар албан ёсны саналыг авна. Тэгэхээр үүнд бүх түвшнийхний санаа бодол орсон гэж бодож байгаа. АНУ-аас ирсэн зөвлөх хүртэл төслийг уншиж үзээд хэрэгжихэд ямар ч асуудалгүй сайн болж гэсэн.

-Хуульд мэдээж гудамж, зам, талбай, байшин барилгын үүд хаалга, шатны асуудлыг тусгасан болов уу?

-Ер нь бүх л асуудлыг багтаасан. Харин гудамж талбайн хувьд сүүлийн үед “Гудамж” төслийн хүрээнд налуу гарц зэрэг ажлууд хийгдэж байна. Гэхдээ хараагүй хүнд зориулсан дуут дохио, баррель үсэг зэрэг нь байдаггүй. Нийтийн тээвэр гэхэд манайхан яагаад шаттай автобус оруулж ирээд байгааг би ойлгодоггүй.

Уг нь замын хашлагатай тэнцүү өндөртэй шаттай автобус оруулаад ирвэл зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэлтгүй ахмадууд, хүүхдийн тэрэгтэй эхчүүд, хүнд юм өргөсөн хүмүүс хүртэл ороход амар шүү дээ.

Мөн манайд нэг давхарт суудаг дарга гэж бараг байхгүй дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс яаж тэдэнтэй уулзах вэ. Цаашид энэ хууль гараад ирэхээр энэ бүгд шийдэгдэх байх.

-Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны тухайд?

-Ер нь энэ талаар хүмүүс тэдэнд зориулсан орчин яаж бүрдүүлэх вэ. Тэд ажил хийж чадах юм уу гэж их асуудаг. Тухайлбал суумгай хүн суудлын бүхий л ажлыг хийж чадна.

Гол нь тэдэнд ажлын байр руугаа ямар нэг бэрхшээлгүйгээр орох боломжийг олгох хэрэгтэй. Эд бусад шиг ажлын цагаар ийш тийшээ явж сэлгүүцээд байдаггүй. Харин ч бусдаас илүү үр дүнтэй ажиллах боломжтой.

-Хуулийн төслийн боловсруулалт одоо хэдэн хувьтай байгаа вэ?

-Энэ намрын чуулганаар оруулах бодолтой явж байна. Олон хүнээс авсан санаагаа тусгаж чадвал хууль хэрэгжихдээ амар байдаг. Тэгэхээр зөв санаа оруулахын тулд бид их удаан ажиллалаа.

Ингэснээ­рээ хөрсөнд амархан бууж, олны таашаалд нийцэх байх гэж бодож байна. Одоогоор хуулийн ерөнхий загвар нь хайрцаг­­­лагдчих­сан бай­гаа. ЗГХЭГ-аар ороод зөвшөөрөгдсөн ч сайн хууль болжээ гэдэг үг сонслоо.

Мэдээж засаж залруулах санаа оноо сонсоод түүнийгээ засчих­сан. ХАХНХ-ын сай­дын зөвлөл­өөр өнгөрсөн сард ороод батлагдсан. Одоо үр нөлөөний судалгаа, эдийн засгийн судалгаа хоёроо хийж байна.

Дараа нь монгол хэлний хэл найруулгын судалгааны баг ажиллаж засвар хийнэ. Үүний дараа Хууль зүйн яаманд өргөн барьж Хууль зүйн сайдын зөвлөлөөр батлагдаад гараад ирвэл ХАХНХ-ын сайд Хууль зүйн сайд хоёрын хамтарсан тушаал гарч Байнгын хороо руу шилжээд хэлэлцүүлэгт орно.

Түүнээс засвар хэр зэрэг орохоос шалтгаалж УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулна. Ер нь ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжээд явах болов уу гэж бодож байгаа.

М.Санчир

Эх сурвалж: