sonin.mn

Өчигдөр 15:00 цагаас зарлагдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 15:40 цаг болж байхад эхлээгүй л байсан. Танхимд Ц.Даваасүрэн дарга хоёр гуравхан гишүүнтэйгээ элд­вийг ярьж, хаалга руу хараачилж харагдсан. Ха­рин үүдэнд Сангийн яамны төлөөллүүд, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар сэтгэл нь түгшсэн бололтой намуухан дуугаар ярилцаж зогссон.

Энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөн­хий газар (ИХШХЕГ)-ын дарга Б.Пүрэвдоржтой уул­заж тус агентлагийн төсөв санхүү, ирэх жилийн төлөв байдлын талаар ярилцсан юм.

-Манай зарим иргэд одоо ч танай агентлагийн нэрийг хууч­наар нь Гадаа­дын иргэн, харьяатын асуу­дал эрхлэх газар гэж андуураад байдаг. Албан ёсоор ИХШХЕГ хэзээ бай­гуу­лагдсан билээ?

-Тэгж андуурах тохиол­дол гардаг юм билээ. Энэ оны дөрөв­дүгээр сарын 1-нээс Хил хамгаалах ерөн­хий газрын Хилийн шалган нэвтрүүлэх алба­ны зарим чиг үүрэг хууч­наар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шил­жиж ирснээр ИХШХЕГ-ыг байгуулсан юм.

Хуучин Гадаадын иргэн, харьяатын алба 200 гаруй албан хаагч­тай ажилладаг байсан бол шинэ чиг үүргийн да­гуу Хилийн цэргээс 400 албан хаагч нэмэгдэн ирж өнөөдөр манай агентлаг 600 гаруй албан хаагчтай албан үүргээ гүйцэтгэж байна.

-Төсвийн байнгын хо­рооны хурлаар агент­ла­гуудын ирэх оны төсөв, сан­хүү­гийн асуудлыг хэ­лэл­цэх байсан ч гишүүдийн ирц бүр­­дэхгүй байна. Ер нь танай байгууллагын төсөв санхүүгийн байдал ямархуу байгаа вэ?

-Манай агентлагийн хувьд УИХ-ын Төсвийн байн­гын хороон дээр урсгал зард­лын асуудлаар л нэлээн яригдаж байгаа. Гэхдээ манай агентлагийн хувьд сүүлийн 2012,2013,2014 онуу­дад улсын төсвийн хөрөнгө оруулалтгүй ажил­ласан.

Монгол Улсын хил, боомтын нүүр царайг илэр­хийлэлцдэг бүхэл бүтэн агентлаг гурван жилийн турш аливаа нэгэн төсөв, хөрөнгө оруулалтгүй ажлаа хэвийн хэмжээнд аваад явж болдгийг манай байгууллага нотлон харуулаад явж бай­на.

Ирэх 2015 онд ч ма­най байгууллага төсөв, хө­рөнгө оруулалтгүй ажил­лана. Өөрөөр хэлбэл шинэч­лэлийн Засгийн газраас батласан журмын дагуу л ажиллаад явж байгаа. Бид­ний зүгээс Сэлэнгэ аймгийн албан конторын барилгыг л санхүүжүүлээч ээ гэдэг санал тавьсан.

Харин энэ удаа Засгийн газраас дарга нар ажлаа явуулах зориулалттай конторын барилгад хөрөнгө оруулахгүйгээр шийдсэн. Бид ч энэ шийдвэрийг нь дэмжиж байгаа. Одоо бидний хамгийн гол хийх ёстой ажил бол Замын-Үүдийн боомт дээр хурууны хээ­гээр хил нэвтрүүлдэг тоног тө­хөөрөмж суурилуулах ажил байгаа юм.

Өнөөдөр Замын-Үүдийн боом­тоор өдөрт дунджаар 8000 зорчигч нааш цааш нэвтэрдэг, ид үедээ энэ тоо нь 11-12 мянга хүрдэг манай улсын хамгийн том боомт. Тэндхийн нэг шалгагч өдөртөө дор хаяж 500 хүнийг шалган нэвтрүүлдэг байх жишээтэй. Энэ бол маш их ачаалалтай ажиллаж байна гэсэн үг.

Энэ асуудлыг орчин үеийн техникийн боломжоор даруйхан шийдэх л ёстой. Бид саяхан “Чингис хаан” Олон улсын нисэх бууд­лыг хурууны хээ мэд­рэгчээр тоноглосон. Хуу­чин нэг шалгагч хоёр минут орчимд нэг зорчигчийг шалган нэвт­рүүлдэг байсан бол шинэ төхөөрөмж тавьснаар дээрх хугацаанд зургаан зорчигчийг нэвтрүүлэх хүчин чадалтай болж байна. Шинэ төхөөрөмж тавьснаар Замын-Үүдийн шалган нэвт­рүүлэхийн ачаалал гурав дахин буурах юм.

-Улсын төсвөөс хөрөнгө оруулалтгүй Иргэний харьяалал, шилжилт хөдөл­гөө­ний ерөнхий газар хэдэн тэрбум төгрөгийн урсгал зардалтай ажиллах бол?

-Манай байгууллага энэ онд долоо орчим тэр­бум төгрөгийн урсгал зардал­тай ажиллаж байгаа. Энэ мөнгөний 75 орчим хувь нь зөвхөн цалингийн фонд, үлдсэн 25 хувь нь төрийн албан хаагчдын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах бусад зардал байгаа.

Ер нь бусад агент­лагуудыг харж байхад нийт урсгал зардлын 50 хувь нь цалингийн фонд, үлдсэн 50 хувь нь бусад зардалд хамаардаг юм билээ. Түүнээс гадна манай агентлаг ажил үүргийн онцлогоосоо шалт­гаалан нэг албан хаагчид гурван ээлжийн хувцас олгодог.

Эндээс харахад Иргэний харьяалал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газар тун бага зардлаар, ихээхэн үр ашигтай ажиллаж байгаа гэж дүгнэж болно.

-Нийт албан хаагчдын тоо нь 600 гаруй гэсэн үү. Ажлын ачаалал нь харилцан адилгүй байдаг байх даа?

-Яг өнөөдрийн байдлаар миний удирдаж байгаа байгууллагад 617 албан хаагч ажиллаж байна. Ажил үүргийн хуваарилалт, онцлогоосоо шалтгаалан ачаалал нь харилцан адил­гүй ч ерөнхийдөө бага хүчээр их ажил амжуулж байгаа гэж ойлгож болно.

Хуучин Хилийн цэрэгт шалган нэвтрүүлэх чиг үүрэг харьяалагддаг байхад 650 орчим албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Сайдаас өгсөн чиг үүргийн дагуу үндсэндээ манай байгууллагын 400 албан хаагч дээрх үүргийг хэвийн хэмжээнд гүйцэтгээд явж байна.

-Танай байгууллагын албан хаагчид бүгд тан­гараг өргөсөн төрийн албан хаагчид уу?

-Манай албан хаагчдын 90 орчим хувь нь төрийн захиргааны албан хаагч, 10 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. УИХ-ын энэ намрын чуулганаар Хууль сахиулагчдын эрх­зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулиар бол манай бай­гуулага нь төрийн тусгай албан хаагчид болно.

Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний цол, тэмдэг хэрэглэх эрхтэй болох юм. Ингэснээр ихэнх нь улсын дархан хил дээр ажилладаг Иргэний харьяа­лал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газрын ши­жиг­нэсэн залуучууд маань төрийн тусгай албан хаагчид болж, цол хэргэм, хилийн нэмэгдэл хүртэх боломжтой болно.

Дээрээс нь тэтгэвэрт гарахад ч цэргийн буюу хууль сахиу­лагчийн тэтгэвэр, тэт­гэмж тогтоолгодог болж амьд­­ралын баталгаа нь ч сайж­рах болно. Тэгээд ч төрийн тусгай албан хааг­чид болсноор урам зориг нь сэргэж, ирээдүйтэй итгэл­тэйгээр Монгол Улсын дархан хил дээр алба хаах нь ойлгомжтой.

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөн­­­хий газар 2014 онд албан хаагчдынхаа алба хаах болон амьдрах орчныг сайж­руулахын тулд ямар дорвитой ажил хийсэн бэ?

-Уг нь энэ онд багтаад 240 айлын орон сууц ашиг­лалтад оруулчих са­наатай нэлээн зүтгэсэн ч амжсангүй. Ойролцоогоор 40-60 метр квадрат хоёр өрөөтэй орон сууцанд албан хаагчдаа оруулах юм.

Бид энэ орон сууцныхаа ажилд улсын төсвөөс мөн л нэг ч төгрөг аваагүй. Манай албан хаагчид 100 хувь мөнгөө төлөөд орон сууцандаа орцгооно. Бидний зүгээс метр квадратыг нь хамгийн хямд буюу сая 200 мянган төг­рөгт багтааж байгаа.

Манай байгууллагын ал­бан хаагчдын ихэнх нь ши­жиг­нэсэн залуучууд байдаг учир тэр хүмүүсээ илүү тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг нь аль болох ший­дэхийн төлөө чадлаараа л ажиллаж байна.

Чад­лаараа шахсан ч эхний 120 айлын орон сууцыг ирэх жилийн эх үрсийн баяраар ашиглалтад оруулах болоод байна. Үлдсэн 120 сууцыг 2015 оны өдийд ашиглалтад оруулсан байна.

-Танай албан хаагчид өнөөдөр дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид дунджаар 495 мян­ган төгрөгийн цалин авч байгаа. Өнөөдөр Монгол Улсын хил дээр Хилийн цэрэг, Гааль, Мэргэжлийн хяналт, манайх гээд дөрвөн байгууллага ажиллаж байгаа. Тэднээс Мэргэжлийн хяналтынхан гэхэд дунджаар 700-800 мянган төгрөгийн цалин авч байгаа.

Бид энэ оноос албан хаагчдадаа илүү цаг, урам­шууллын шагнал маягаар тодорхой хэмжээний мөн­гө төсөв­лөж цалинг нь боломжиндоо таа­руулан нэмж л байгаа. Гэхдээ өнөөд­рийн бараа, үйлчилгээ, амьдралын өртгийг яаж гүйцэх вэ дээ.

Ирэх онд урсгал зардлаас хэмнэж болох зардлыг аль болох дайчлан гаргаж албан хаагчдынхаа цалингийн фондыг боломжийнхоо хэм­жээнд нэмэгдүүлэх талаар 2015 оны эхнээс системтэй, дэс дараатай ажиллахаар төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.

Ямар ч гэсэн Хууль сахиу­­лагчдын эрхзүйн байд­лын тухай хууль бат­лагдсанаар Иргэний харьяа­лал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газарт ажиллаж байгаа нийт албан хаагчид маань ирээдүйтэй итгэлтэй болж, манай бай­гууллагад ажиллах сонир­холтой за­луучуудын тоо ч эрс нэ­мэгдэнэ гэж бодож байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: