sonin.mn

Зэвсэг техниктэй орос цэргүүд Украинд орсон гэх мэдээллийн дараа АНУ-ын засаг захиргаанаас Орос улс Украинд гал зогсоох зөвшилцлийг биелүүлэхэд саад болж байгаа гэж бу­руутгасан байна. АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч С.Повер “Орос улс энх тайан байдлыг ярьж байгаа ч Украинд дайн тулааныг өдөөж байна” хэмээжээ.

Харин ОХУ-аас НҮБ-д суугаа орлогч Элчин сайд А.Панкин ухуулга сур­тал­чилгаа шиг нотолгоог ня­цаасан хариулт өгсөн аж. НАТО-гоос Орос улс Украины хилээр цэрэг, их буу, агаараас хамгаалах систем оруулсан гэж мэдээлсний дараа АНУ нь НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлийн ху­рал­даан зарласан байна. Оросын талыг баримтлагч босогчид, Ук­раины зэвсэгт хүчний хоорондын хямралд 4000 гаруй хүн амиа алджээ.

Түүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Украины нэг сая орчим оршин суугч орон гэрээсээ дүрвэсэн юм. Сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сарын эхээр Белорусь улсын нийслэл Минск хотод гал зогсоох зөвшилцөл хийсэн ч буудалцсаар байгаа аж.

Украины хямралаас үүдэн Орос болон барууны орнуудын харилцаа “хүй­тэн дайн”-ы үеэс хойш хамгийн ихээр мууджээ. /ВВС/

Эх сурвалж: