sonin.mn

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын бүлгээс Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг нэр дэвшүүллээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манай төрийн зүтгэлтнүүдийн дотрос ардчилсан хувьсгалаас эхлээд үзэл бодолдоо үнэнч байж улс орныхоо төлөө зүтгэж яваа хүн бол Р.Амаржаргал. АН-аас түүнийг Ерөнхий сайдад дахин н дэвшүүлж байгаад сэтгэл хангалуун байна.

Монгол Улсад эдийн засаг нийгмийн хүнд байдал үүсээд байна. Энэ бүхнийг АН-ын шувууны буу бариад шийдэж чадахгүй. Тэгэхээр хүнд техник гаргах хэрэгтэй болно. Түүнийгээ л гаргалаа гэж бодож байна.

-Шинэчлэлийн Засгийн газар унах болсон гол шалтгаан таныхаар юу вэ?

-Энэ Засгийн газар байгуулагдаад нийгэмд шинэчлэл гэхээсээ илүүтэй ухралт, төрд ялзрал бий болгосон. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь Монголын улс төр нэг алхам урагшлах үүд хаалгыг нээж байгаа явдал. УИХ-ын 2012 оны сонгуулиар АН-д ард түмэн төрийн эрхийг атгуулсан.

Яг үнэнийг хэлэхэд иргэд маш их зүйл хүлээж байсан шүү. Гэтэл өнгөрсөн хугацаанд төр, засаг том хөрөнгөтнүүдэд үйлчлэх, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, дотроо будилах байдлаар мунгинасаар байгаад цаг хугацаа алдлаа. АН-д одоо ажил хийх хугацаа маш бага үлдсэн. Гэхдээ жил хагаст сайн ажиллах юм бол хандлагыг өөрчлөх суурийг тавьж болно гэж үзэж байна.

Сүүлийн үед засаглалын хямрал үүслээ гэж их ярих боллоо. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ тухай надаас асууж байна. Төрийн тогтолцоо тэр чигээрээ гацахыг засаглалын хямрал нүүрлэлээ гээд байгаа юм.

Гэхдээ Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж байсан Засгийн газрыг огцрууллаа. Зарим хүн нөхцөл байдал улам дордоно гэсэн айдастай байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Харин ч нөхцөл байдал засрах тийшээгээ хандана гэсэн бодолтой байна.

-Шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад нийгэмд тулгамдсан асуудлын зангилааг олох хэрэгтэй. Ингэхийн тулд Засгийн газраа парламентын гаднаас бүрдүүлэх хэрэгтэй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, өндөр боловсролтой хүнийг Засгийн газартаа татаж оруулбал асуудлыг шийдэж боло байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх ёстой.

-Засгийн газрынхаа эсрэг кноп дарсан гишүүдийг зарим нь шүүмжилж “Түгжилүүд” гэж нэрлэж байна. Харин та юу гэж бодож байна вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газар өөрөө "Түгжил" гэдгийг түүхэнд хамгийн сайн нотолсон юм биш үү.

-АН-ын фракциуд шинэ Засгийн газраа дахиад татаж унагахгүй гэх баталгаа алга. Тогтвортой ажиллаж чадах болов уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрыг толгойлж байгаа хүнээс л хамаарна. Засгийн газрыг бүрдүүлэхдээ фракциудад албан тушаалын хуваарилалт хийж дахин алдахгүй байх гэж найдаж байна.

-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засагч хүний хувьд та анхаарч байгаа байх?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өргөн барьсан байхад Засгийн газрын бүтцээ өөрчлөх хуулийн төсөл гаргасныг би гайхаад байгаа юм. Ерөнхий сайд нь огцорч байхад ирэх оны төсвийн төслийг яриад байдаг.

Монгол Улс Засгийн газаргүй олон хонолоо гэж халаглахаас илүүтэй өмнө гаргасан алдаандаа зарчмын дүгнэлт өгөөд дараагийн зам мөрөө тодорхойлж ажиллах нь илүү чухал байх. Монгол орон хүнд байна энэ ачааг бид нуруун дээрээ үүрч гарна. Төр хэмнэлтийн горимд шилжих талаасаа бодох хэрэгтэй.

Өнгөрсөн хоёр жилд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Тийм байхад энэ онд улсын хэмжээнд 120 сумын тэгш ой тохиож, 90 тэрбум төгрөгийг гөвөөд хаячихлаа. Энэ чинь мөнгө шүү дээ. Ер нь Монголын санхүү, мөнгөний нэгдсэн бодлого гэх ойлголт байхгүй болчихлоо.

-Яагаад тэр вэ?

-Монголын санхүүгийн бодлогыг аваад үзэхэд УИХ, Монголбанк, Засгийн газар бүгд өөр өөр зүйл ярьдаг. Гурвуулаа хүн ойлгохгүй зүйл яриад байгаа юм. Саяхан УИХ-аар Мөнгөний бодлого хэлэлцэхийг зурагтаар жаахан харж суулаа.

Тэгсэн төгрөгийн ханшийг чангатгаад 1750 төгрөг болгоно гэж нэг нь ярьж байна. Үүгээр бол 12 хувиар төгрөгийн ханш нэмэгдэх юм байна.

Удалгүй инфляцийг өр нь долоон хувьд барьж чадахгүй нь 10 хувь гээд амлачихвал зүгээр юм биш үү гэх маягийн зүйл ярьж байна. Төгрөгийн ханш чангарч байхад тэр инфляци юунаас үүсч байна вэ гэдгийг илтгэгчээс нэг ч УИХ-ын гишүүн асуухгүй юм.

Манайд нэг нь мэхлэхдээ, нөгөөх нь мэхлүүлэхдээ кайф авдаг сонин журам тогтчихсон бололтой. Мөнгөний бодлогын хувьд төрийн нэгдмэл бодлоготой байх ёстой. Засгийн газар нь мөнгө тарааж өгөхийн төлөө байдаг. Дараагийн сонгуулийн хугацаа хүртэл байгаа мөнгөө тараасан ч чадахаар харагдаж байна.

Монголбанк нь бодлогын хүүгээ дээш, доош нь савчуулж гарна. Нөгөө УИХ нь хачин зүйл яриад суугаад байна. ёстой жинхэнэ тодорхойгүй байдал гэдэг чинь эндээс гарч ирж байна. Зоосыг дээшээ шидэхэд аль нэг талаараа буух буюу 50:50 хувийн магадлалтай, Санхүүгийн хувьд Монгол Улс төсөв гэдэг нэг л шуудайтай байх ёстой.

Гэтэл Хөгжлийн банк, бонд гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу болов оо. Төсвөөсөө илүү мөнгө зарцуулчих шиг боллоо. Дээр нь тогтворжуулалтын сангууд хэдэн их наядаар хуваагаад энэ хэнд хэрэгтэй юм бэ. Бид Үндсэн хуульдаа санхүүгийн засаглалын талаар заалт оруулж чадаагүй.

Бүр бүлгээрээ байхгүй. Хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд санхүүгийн засаглалын талаар хуульдаа оруулсан байдаг. Ийм заалт байхгүй болохоор УИХ-д орж ирсэн бизнесийн бүлэглэлийн сонирхолд хөтлегдеөд яваад байна.

-Монголын банкны тогтолцоонд та шүүмжлэлтэй ханддаг хүний нэг. Манай улс урд херштэй байгуулсан своп хэлэлцээрийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Монголын банкууд эдийн засгийн өсөлтийг урамшуулдаг, үр ашигтай үйл ажиллагааг дэмждэг гэхээсээ илүүтэй мөнгө хүүлэх тогтолцоонд шилжсэн. Сүүлийн үед Хятадын “Ваnk off Сhinа" Монголд салбараа нээх тухай асуудлыг яриад байна.

Хятадад зээлийн жилийн хүү 5.26 хувь, харин Монголд 20 хувь байгаа. Гаднаас банк орж ирэх тухай яриа гарангуут Монголын банкууд Хятадын банкаас зээл авчихаад сууж байна. Мөн л өрөнд орчихсон сууна. Өөр нэг том асуудал нь своп гүйлгээ хийх тухай.

Манайх 10 тэрбумыг аваад идчихсэн. Үүний оронд хятадууд хоёр их наяд төгрөг хураачихаад сууж байгаа. Одоо 15 тэрбумыг авна. Ингэхээр 6.5 их наяд төгрөг Хятадын банкинд байршина гэсэн үг. Урд хөршийнх ханш нь унаж байгаа төгрөг гээд хадгалаад суухгүй нь ойлгомжтой.

Хятадын банкийг Монголд байгуулаад манай аж ахуйн нэгжийн эргэлтэд төгрөгийг оруулна. Эсвэл оронд нь газар, уурхай худалдаж авах, төрийн өмчийн хувьчлалд оролцох санал тавина.

Мөнгө санхүүгийн задгай байдал биднийг хүнд байдалд оруулна шүү. Бид УИХ-аар бондын тухай ярьсаар своп гүйлгээний талаар огт хөндөхгүй байна. Ийм эрсдлийн байдалд орчихоод байна.

-Эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төсөл манай эдийн засагт эерэг нөлөө авчрах уу?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай гэж домогтой хууль яваа. Энэ хуульд их сонин заалтууд байгаа. 2014 оноос өмнөх хөрөнгө орлогын мэдүүлгээ устгана ч гэх шиг. Уг нь Монголын эдийн засаг хүндэрлээ гэхэд хүндийг нь монголчууд нуруундаа үүрч гарах ёстой.

Энэ хямралыг зээлээр эсвэл гадаадын тусламжаар давна гэж байхгүй. Ачаагаа нуруундаа үүрэх зориг гаргавал бид татварын бодлогоо өөрчлөх ёстой. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар энэ бүх боломжийг хаасан. Монголын эдийн засаг нэгдмэл байж чадахгүй задарлаа.

Монголын хуулиар жижиг аж ахуйн нэгжүүдийг зохицуулж байна. 5-30 жилийн баталгаатай том аж ахуйн нэгжүүд Монголын хуулиар хамгаалагдсан. “Оюутолгой” Фрийндланд, “Петрочайна” Хятадын хуулиар явж байна. Ийм нөхцөлд ил тод байдлын тухай хууль гаргаж, хөрөнгө орлогын мэдүүлгээ устгах талаар ярьж байгаа нь үнэхээр харамсалтай.

Ийм ч УИХ-ын гишүүн байж гэж. Төрийн толгойд ийм хүмүүсийг гаргачихаад сууж байх ч гэж дээ хэмээн хааяа шүүрс алдах юм. Харин Өрийн удирдлагын тухай хуулийг байх ёстой гэж бодож байгаа. 2013 оны арваннэгдүгээр сард Монголын нийт өр 12 тэрбум 980 сая ам.доллар байсан.

Саяхан Монголын нийт өр 19 тэрбум 200 сая боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Засгийн газар зөвхөн өөрийнхөө өрийг ярьдаг. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагуудын авсан өр эргээд Монголын экспортын орлогоос төлөгдөнө.

Манай худалдан авалт, мөнгөний бодлогод нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ бүх асуудлаа цэгцлэх цаг нь болсон. Манайхан сайхан яриад эцэст нь хөрөнгө орлогын мэдүүлгээ устгана гэдэг.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: