sonin.mn

Иргэдийн амьжиргааны түвшин буурч байгааг дэлхийн эдийн засгийн хямралтай холбон буруу, зөвөөр хэт мушгиж тайлбарлах мөртлөө хамар доороо болж байгаа өөрчлөлтийг үл тоох юм .  

Дэлхийн эдийн засагт, хүн төрөлхтөний эрүүл мэнд, байгаль орчинд чухал нөлөөлөл үзүүлэх шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарахад бид түүний үр дүн, нөлөөлөлийн талаар бас таг дуугүй дүлийрсээр л байна.

АНУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын Дарга нарын хооронд дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан хүлэмжийн хийг бууруулахаар харилцан үүрэг хүлээсэн чухал амлалт өглөө.  2025 он гэхэд АНУ хүлэмжийн хийн хэмжээг 26%-28% хүртэл бууруулах бол, БНХАУ-ын хувьд 2030 он хүртэл 26%-28% хувь тус тус бууруулахаар гарын үсэг зурлаа.

АНУ-тай  харьцуулахад бид БНХАУ-тай эдийн засаг, улс төрийн хувьдшууд хамааралтай оршдог бөгөөд энэ улсын гаргасан шийдвэр нь бидний амьдралд шууд нөлөөлөх өндөр магадлалтай юм.

Өөрөөр хэлбэл БНХАУ олон улсын түвшинд өөрийн хүлэмжийн хийг 26%-28% хувь хүртэл бууруулах амлалт өгсөн нь энэ төрлийн хийг үйлдвэрлэгч, хэрэглэгч - үйлдвэр, байгууллагыг бууруулах болон илүү байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр солино гэсэн үг.

Урд хөршийн энэ амлалт нь нүүрсний зах зээлд нөлөөлөх үндэслэл болж чадах уу гэдэг асуудал бидний хувьд хамгийн чухал.

Цаг Уурын Өөрчлөлтийн Суурь Гэрээ (1992) болон Кёотогийнпротоколоор (1997) хүлэмжийн хийг бууруулах ажлыг хөгжингүй улсуудаас эхлэхээр тохирсон байдаг.Энэ амлалт 2001 онд Бушийн засаглалын үед алдагдсан ч Обама энэ асуудал дээр илүү нааштай алхам хийж эхэлсэн.

Хятад болон АНУ нь нийт хүлэмжийн хийний 50-аас дээш хувийг дангаараа үйлдвэрлэдэг том тоглогчид юм. Энэ хоёр улс энэ төрлийн амлалт өгөх нь маш том өөрчлөлт авчрах шийдвэр юм.

Түүнчлэн олон улсын дээрх гэрээнүүдээр хүлэмжийн хийнд 6 төрлийн химийн нэгдлийг хамааруулан ойлгохоор заасан байдаг.  Хүлэмжийн хийг үүсгэгч CO2, CH4 болон N2O зэрэг нь хамгийн өндөр хэмжээтэй оршдог гол хиймийн нэгдэлүүд тул эдгээрийн хэмжээг бууруулах нь гол зорилт байдаг.

Дээрх хиймийн нэгдэлүүд нь байгаль дээр нүүрс, байгалийн хий болон байгалийн тосонд хамгийн элбэг байдаг бөгөөд хүн төрөлхтөн эдгээр байгаль дээрх нөөцийг энергийн эх үүсвэр болгон ашигладаг нь хүлэмжийн хийг ялгаруулах үндэс болдог.

Хамгийн гол нь эдгээр байгалийн бүтээгдэхүүнийг ашиглах явцад харилцан адилгүй хэмжээтэй хүлэмжийнхий ялгардаг бөгөөд жишээ нь байгалийн тос байгалийн хийнээс 75% аар илүү хүлэмжийн хий ялгаруулж байхад түүхий нүүр нь байгалийн хийнээс 4-5 дахин их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг байна.

Дээрх шинжлэх ухааны дүгнэлтээс үндэслэн бохир нүүрсийн хэрэглээг багасгах болон энэ хэрэглээнээс татгалзах нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын байгууллагын гол зорилт юм.  Харин урд хөрш энэ амлалтыг өнгөрсөн долоо хоногт өглөө…

Энэ бүгд дээр үндэслэн үзвэл БНХАУ-ын амлалтаас бохир нүүрсний хэрэглээг бууруулах өндөр магадлалыг харж болох юм.  Гэхдээ бохир нүүрсний хэрэглээг 26-28 хувь бууруулах юм байна гэж шууд дүгнэлт хийж, шуугиж  болохгүй.

Дэлхий нийтийн хэмжээнд хүлэмжийн хийг бууруулахын тулд маш олон арга, техинологийг хэрэгжүүлж байгаа. Газар ашиглалтын зөв бодлого, хэмнэлттэй газар тариалан эрхлэлт, цэвэр эрчим хүч болон байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл зэрэг юм. Үүнээс гадна усан сан болон ойн нөөцийг ихэсгэх, хөгжүүлэх нь хүлэмжийн хийг бууруулсанд тооцох үндэслэл болдог байна.

Тиймээс урд хөрш дээрх салбаруудад эрчимтэй өөрчлөлт, дэвшилт гаргах нь 26%-28% хувиар хүлэмжийн хийг бууруулах амлалтын нэг хэсэг байх болов уу? Гэхдээ нүүрсний хэрэглээг багасгах нь гарцаагүй юм.  Учир нь БНХАУ-ын 5 жилийн төлөвлөгөөнд байгальд ээлтэй эрчим хүчний салбарыг хөгжүүлхийг тусгасан бөгөөд энэ ажлын хүрээнд шинээр 20 Атомын Цахилгаан Станц барих ажил явагдаж байгаа юм байна.

Түүнчлэн ОХУ-тай байгуулсан байгалийн хий худалдан авах гэрээ зэргээс харвал БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгах, улмаар татгалзахаар шийджээ. Гэхдээ маш том зах зээл учир энэ ажил маргааш гэхэд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой байх. Тиймдээ ч 2030 он гэхэд хүлэмжийн хийг 26-28% бууруулах амлалт өгсөн.  Энэ амлалтаа хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдээд байгаа…

Харин бидний хувьд хэдэн хувиар нүүрсний хэрэглээг тамнах болон энэ нь манай зах зээлд ямар хэмжээтэй нөлөөлөх нь хамгийн гол асуудал болох байх.Хамгийн гол нь бидний гол худалдан авагч бидний гол бүтээгдэхүүнийг худалдан авах эрэлтээ бууруулах нь тодорхой болж байна. Түүнчлэн ирээдүйд бидний бүтээгдэхүүн үнэ цэнэгүй ч болох аюултай болоод байна.

Харин тэр үед дэлхийн хямралын тухай яриа дахин бүү өрнөөсэй. Маш тодорхой амлалт, түүнийг даагаад гарах чухал өөрчлөлтийг бидэнд тодорхой мэдэгдээд байна шүү!!!

Д.Баяр