sonin.mn

Амины орон сууцны Ипотекийн наймайн хувийн хүүтэй зээлийг орон нутгийн иргэдэд олгох тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарчээ. Тушаал энэ сарын 10-ны өдөр гарсан бөгөөд орон нутагт амины орон сууц авах иргэдэд найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон байна. Энэ талаар Монголбанкны Тамгын газар, Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч Э.Золзаяагаас зарим асуултад хариулт авлаа.

-Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг амины орон сууц авахаар төлөвлөж буй иргэдэд олгохоор болсон байна. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монголбанкнаас “Орон сууцны Ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулсан. Зээлд хамрагдах орон нутгийн амины орон сууц нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтанд орсон, дэд бүтэц нь шийдэгдсэн байхаар журамд заасан байгаа.

Ингэснээр аймаг, суманд ая тухтай амьдрах боломж нөхцөл бүрдэх юм. Гэхдээ зөвхөн аймаг сумдын ерөнхий төлөвлөлт, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний дагуу барих амины сууцанд зээл олгоно. Журмыг баталсан болохоор одоо мөрдөж эхэлсэн гэсэн үг. Харин одоогийн байдлаар арилжааны банкууд журам хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

-Зөвхөн орон нутагт гэхээр Улаанбаатар хотын айл өрх энэ журамд хамаарахгүй гэсэн үг үү?

 -Одоогоор зөвхөн орон нутгийн иргэд хамрагдах боломжтой. Цаашлаад нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргийг судалж үзсэний дараа Улаанбаатар хотын иргэдийн амины орон сууцны зээлд хамруулахаар төлөвлөж байна. Нийслэл хотод энэхүү журам хэрэгжиж эхэлбэл утааны асуудлыг шийдвэрлэхэд томоохон түлхэц болох юм.

-Орон нутгийн хүн амын дийлэнх хувийг малчид эзэлдэг. Тэгэхээр малчид Ипотекийн зээлд хамрагдах боломжтой юу. Энэхүү журамд хамрагдах хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

 -Ер нь орон нутгийн иргэд банкны зээлд хамрагдахад хүндрэл бэрхшээл олон байдаг. Тэр тусмаа малчдад хамгийн хүндрэлтэй байдаг. Учир нь, арилжааны банк барьцаа хөрөнгө шаарддаг. Үүнд, газар, хашаа байшин, бусад үл хөдлөх хөрөнгө ордог. Гэтэл малчдад тэр бүр үл хөдлөх хөрөнгө байдаггүй.

Энэ тал дээр манайх харьцангуй уян хатан хандах нөхцөлийг тавьсан. Ер нь малчид Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй хялбар болсон гэж хэлж болно. Нэг жишээ бол хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 24 айлын орон сууц ашиглалтад орсон. Эдгээр айлын талаас илүү хувь нь найман хувийн зээлд хамрагдсан бөгөөд дийлэнх нь малчид байсан.

Мөн Баруун-Урт суманд 250 айлын амины орон сууц ашиглалтад орлоо. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гээд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн байхад оршин суугчид энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тавих шаардлага гэвэл амины орон сууны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой.

-Амины орон сууцанд ам.метрийн хязгаарлалт байгаа юу?

-Талбайн хэмжээний тухайд хязгаарлалт байхгүй. Зөвхөн нийтийн орон сууцны хувьд 80 ам.метр дотор байх заалтыг хүчин төгөлдөр мөрдөөд явна.

-Амины орон сууц гэхээр газрын асуудал гарч ирнэ. Орон нутгийн иргэд одоо амьдарч буй газраа өмчлөх, эзэмшиж эрхээ аваагүй бол яах вэ. Үүнйг судалж үзсэн үү. Энэ тал дээр хэрхэн зохицуулалт хийх вэ?

-Орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой бөгөөд ингэхдээ эзэмших эрх нь 20 жилээс дээш хугацаатай байхаар журамд тусгасан. Энэ журмын дагуу л ажиллана.

-Эдийн засгийн хямралтай холбогдуулан найман хувийн зээлийг зогсооно гэх яриа гараад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Найман хувийн ипотекийн зээлийг зогсоохгүй. Харин ч амины орон сууцыг хамруулж байгааг та бүхэн харж байна. Уг хөтөлбөрийг зогсоох тухай ямар ч яриа гараагүй, хэвийн үргэлжилнэ.

Эдийн засгийн хүндэл бэрхшээлээс шалтгаалан арилжааны банкууд шалгуураа чангатгасан байхыг үгүйсгэхгүй. Хөтөлбөр үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаашид бүр өргөжүүлэн хамрах хүрээгээ тэлж, Улаанбаатар хотын иргэдийн амины орон сууцыг хамруулах боломжийг Монголбанк Нийслэлийн тамгын газартай хамтран судалж байна.
 
-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

Эх сурвалж: