sonin.mn

Яг одоо Ардчилсан намын далаад оны даруулгатай залууст ингэж уриалмаар санагдана. Ардчилсан намын сүүлийн хэдэн өдрийн үйл явдлыг харахад эдгээр залуусын орон зай илт үгүйлэгдэж эхэлж байна.

Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байж хөгждөг болохоос өнгөрсөнтэйгээ зууралдаад байвал сүйрэл рүүгээ л улам ойртоно гэсэн үг. Ажлаа муу хийж байгаа хүнд хариуцлага тооцох асуудал байдаг л нэг жишиг.

Харин намаа ялагдалд хүргэсэн, намаасаа урвасан хүмүүсийг ардчиллынхан толгойг нь илсээр байсан нь өнөөдөр ийнхүү намаа дампуурахад хүргээд байна. Аль арав гаруй жилийн өмнө Р.Амаржаргал засаг тэргүүлсэн нь шинэ содон, шинэлэг ажил болж байсан нь үнэн ч өнөөдрийн хувьд өндөгнөөс хэврэг ажил болно.

Ардчилсан намаа сөхрүүлж байсан Р.Амаржаргал өнөөдөр алтаар үнэлэгдэх хүн болтлоо хувирсан нь гайхалтай. Арав гаруй жилийн өмнөх байтугай арав хоногийн өмнөх зүйл хурдацтайгаар өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байгаагийн хувьд Р.Амаржаргалын сонголт арай биш санагдана.

УИХ-ын дарга З.Энхболд ч намын дарга болох санаархалаа олон нийтэд ил тодоор зарласан.  Хэрэв зээ тэр намын дарга болох хүслээ биелүүлж чадвал ердөө сарын дараа л засаг дахин хөмрөх аюултай.

Өнөөдөр шилжилтийн үе шиг засгаа нурааж, буулгаж тоглодог үе хэдийнэ өнгөрсөн. Хүнд төлөвших нас гэж байдаг шиг улс төрд ч төлөвшилт хэрэгтэй. Хотын мэр Э.Бат-Үүл парламентад сууж байхдаа намынхаа эсрэг хамгийн олонтаа сөрж байсан хүн.

Өдгөө хотын дарга болоод ч өөрчлөлт ирсэнгүй.  Хотын парламентад хамгийн олон залуус байдаг ч хуучинсаг үзлийнхээ гайгаар залуусаа дэмжих бус хавчсаар байгаа. Салхи оруулахгүй бол ямар ч зүйл мууддагийн адилаар өнөөдөр улс төрийн “хуучин хурандаа” нараас болж парламент ч, хот ч амьдрал буцалж байдаг газар биш албан тушаалтнуудын хорхойгоо дардаг газар болжээ.

Эдгээр хүмүүс улстөрд олон жил явсан нь үнэн боловч одоогийн улстөрийн оронзайд “цомхтголд” хамгийн түрүүнд орох хүмүүс. Улстөрд буг болтлоо амьдарсан тэд өнөөдөр улс орныг сэвхийтэл өргөнө гэдэг бол үлгэрийн далай.

Хатуухан хэлэхэд, урвагч, Дүлзэн, Түгжилүүдэд улстөрд орон зай байхгүй болсон. Парламентаасаа эхлээд хотыг тэр чигээр нь эзэгнэсэн хуучинсаг үзэлтнүүд, хувийн амбицтангуудаас болж Ардчилсан нам ч, эх орон ч хөгжихөө  болилоо.

Далаад оны даруулгатай залуус хэдий болтол намынхаа фон болж зогсохвэ. Түүний оронд зоригтойгоор хөдөлж, намаа төлөөлөх тэргүүн эгнээнд гарч ирэх цаг нэгэнт болжээ.

Алийн болгон залуус хэмээн дарагдаж явах вэ. Гурван удаа парламентад сонгогдсон Л.Гантөмөрийг залуу, шинэ хүн гэх нь зохисгүй. Хоёр удаа сонгогдож, Хууль зүйн сайдын албыг хашиж буй Х.Тэмүүжинг хүүхэд гэж нэрлэвэл гомдоно. Сайдын албанд хэдэнтээ зүтгэсэн, сур элдүүр нь ханасан Ч.Сайханбилэгийг туршлагагүй гэх нь өрөөсгөл.

Улстөрийн тэмцлийг удаан жил улстөрд бугшсан нь бус урагшаа тэмүүлэх зүрх, зоригтой залуус л хийдэг юм. Эрх баригчид өнөөдөр шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж, шат ахих уу, эсвэл хар үс нь цагаан болтлоо улстөрийн салбарт олон жил бугшсан хууччуулаа дэмжих үү гэдэг хатуухан бөгөөд хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна.

Дахин хэлэхэд, далаад оныхонд даруулга хэрэггүй болжээ. Ачааны хүндийг арал бяр нь жигдэрсэн залуус л үүрдэг болохоос амнаас цаашгүй болсон хөгшчүүл үүрдэггүй билээ.