sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Баруун Африкийн Бүгд Найрамдах Буркина-Фасо Улсын Ерөнхийлөгч Блэз Компаорег огцорсны дараа шилжилтийн Засгийн газар байгуулах зарчмын баримт бичгийг тус улсын цэргийн командлал болон улс төрийн төлөөлөгчид санал нэгтэй баталжээ.

Пүрэв гарагт болсон хэлэлцээний үеэр баталсан хуулийн төсөлд зааснаар, шилжилтийн Засгийн газрын тэргүүн нь энгийн иргэн байх ёстой гэж Франс Пресс агентлаг мэдээлж байна.

Түүнийг шашны болон омгийн удирдагчид, мөн цэргийн төлөөлөгчид багтсан тусгай зөвлөл сонгоно. Ийм хэлбэрээр томилох нь Ерөнхийлөгчид ирэх сонгуулиудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй ажээ. Гэхдээ тэрбээр энгийн иргэн, мөн цэргийн хүн ч байж болох Ерөнхий сайдыг томилно.

Фуркина-Фасод мөн 90 депутатын бүрэлдэхүүнтэй үндэсний шилжилтийн зөвлөл байгуулах талаар баримт бичигт тусгажээ. Уг зөвлөл хууль тогтоох байгууллагын үүрэг гүйцэтгэнэ. Шилжилтийн үеийн баримт бичгийн чухам хэдийд хэрэгжүүлж эхлэх талаар мэдээлээгүй байна.

Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн өмнөх Ерөнхийлөгч Компаорегийн оролдлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан нийслэл Уагадугу хотод болж, улмаар жагсагчид болон цагдаа нарын хооронд томоохон мөргөлдөөн болж даамжирчээ. Компаоре 27 жил төр барьсныхаа дараа огцорч буйгаа 10 дугаар сарын 31-нд мэдэгдэж, 90 хоногийн дотор сонгууль явуулахыг уриалжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: