sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Хотынхоо засаг захиргааны тэргүүнийг ардчилсан сонгуулиар сонгохыг шаардаж буй Хонконгийн оюутнуудын удирдагч нар, “Бидний төлөөлөл яриа хэлцээ хийхээр энэ бямба гарагт Бээжин рүү явна” гэж мэдэгдлээ.

Бид гурван оюутныг нийслэл Бээжин рүү явуулахаар шийдсэн гэж Хонконгийн оюутнуудын холбооны удирдагч Алекс Чоу мэдэгдсэн байна.

“Бид төв засгийн газартай шууд хэлэлцээ хийхийг хүсч байна. Хонконгийн оршин суугчдын санаа бодлыг хүндэтгэсэн тохиолдолд л “нэг улс, хоёр тогтолцоо” бодлого амжилттай хэрэгжинэ гэдгийг бид тэдэнд ойлгуулахыг хүсч байна”  гэж тэрбээр хэлжээ.

Харин тэрбээр төлөөлөгч оюутнууд хэнтэй уулзахыг дурдаагүй аж.

Ерөнхий сайд Ли Көцян болон Бээжингийн албаны бусад хүнтэй уулзах боломж олгохыг эсэргүүцлээ илэрхийлэгч оюутнууд хүсч байсан юм. Хонконгийн сонгуулийн шинэчлэлийн талаарх төлөвлөгөөгөө Бээжингийн Засгийн газар өөрчилнө гэж тэд найдаж байгаа билээ.

Хятад улсын төв Засгийн газар эсэргүүцлийн ажиллагааг нь “хууль бус” гэж үзэж байгаа учир төлөөлөгч оюутнууд эх газар руу  нэвтэрч чадахгүй байж магадгүй. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон олон оюутан болон иргэнийг эх газар руу явахыг зөвшөөрөхгүй байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: