sonin.mn

Бүгд Найрамдах Чех Улсад үйл ажиллагаа эрхэлж буй “Нико.Ком” ХХК монгол үндэсний бууз, банш үйлдвэрлэх хүнсний тусгай зөвшөөрөл авч үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн Прага хотноо байрлах “Алтай” зоогийн газарт нээлтээ хийжээ.

Энэ үеэр Элчин сайд Д.Зүмбэрэллхам тус компанийн нийт хамт олонд Монголын соёл, ахуй, зан заншлыг Чехийн олон нийтэд таниулах, Чех улсад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ үүсэл санаачилга, үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад болон Монгол, Чехийн олон талт харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж байгаа хувь нэмэрт нь талархал илэрхийлж, компанийн захирал П.Шагдарт талархлын бичиг гардууллаа.
 
БНЧУ-д хүнсний үйлдвэрлэл, борлуулалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Чехийн мэргэжлийн хяналтын газар болон эрүүл ахуйн хяналтын газрын хамтарсан шийдвэрээр олгодог бөгөөд “Нико.Ком” ХХК-ний хамт олон дээрх газруудын тавьдаг шаардлагыг хангаснаар Чех болон нийт Европын зах зээлд үндэснийхээ хүнсний дээрх бүтээгдэхүүнүүдийг европын стандарт, шаардлагад нийцүүлэн ийнхүү нийлүүлж эхлээд байгаа ажээ.