sonin.mn

ҮЗХ-ны хуралдаан товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэлсэн билээ. Хуралдаан эхэлмэгц  Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг намын даргын  үүрэгт ажлаа өгөхөөр болсноо мэдэгдсэн байна.
Н.Алтанхуяг гаргасан өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.

“Миний бие Норовын Алтанхуяг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 8-р сард, Ардчилсан намынхаа гишүүдийн итгэлийг хүлээн Ардчилсан намын даргаар сонгогдон 6 жил ажиллалаа. Энэ хугацаанд Ардчилсан нам хамтарсан засгийн газарт 4 жил ажиллаж, Ардчилсан намын удирдсан Шинэчлэлийн Засгийн газар 2 жил гаруйн хугацаанд ажиллалаа. Өнгөрсөн 6 жилд Ардчилсан намаас нэр дэвшигч 2 удаа Монгол Улсын Ардчилсан ерөнхийлөгчөөр сонгогдож, Нийслэлийн сонгуульд Ардчилалын 22 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулж, УИХ-д олуулаа болж, 21 аймгаас 16-д нь олонхи болон засаглаж байна. Энэ бүх амжилт бидний хамтдаа зорьж, хамтдаа зүтгэсэн 20 гаруй жилийн маань үр дүн юм.  Өнгөрсөн сонгуулийн ялалтын дараа МАНАН байгуулаад ажиллах нь хамгийн амаршийдэл байсан. Гэвч Монгол төр нэг намаас хэт удаан хараат байж, хүнд суртал, туйлшрал, авилга, шударга бус байдалд идэгдсэн ялзарсан системд зоримог шинэчлэл хийж, ардчилалын салхийг оруулахын тулд эрсдэлээс үл шантран амаргүй замыг сонгон 2 жил ажиллалаа.

Бид ялагдал, урвалт, уй гашуу, бутрал, хуваагдал гээд маш их саад бэрхшээлийг үзсэн, туулсан, давсан хатуужсан. Эв нэгдэл, ялалт, бахархлаа ч хуваалцсан.      Ардчилсан намын түүх бол Ардчилсан Монгол Улсын түүх. Ардчилсан намын гишүүд хэцүү бэрхийг сөрж, хөр цас, аагим халууныг тэвчиж, хавчлага дарамт, занал сүрдүүлгийн доор өөрсдийн бахдам түүхээ бичсэн, цаашид ч бичнэ.  Түүхэн цаг хугацааны мөчлөг доор Ардчилалын төлөө 25 жил зүтгэж, улс төрийн томоохон хүчин, Ардчилсан намын хамт олноо удирдан ухамсарт амьдралынхаа 6 жилийг зориулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

25 жил гэдэг богинохон хугацаа юм. Талийгаач Зориг, Самбараа, Тэнгэр Цолмон, өнөөдөр мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа Элбэгээ, Үүл, Гончигоо, Баабар, Дорлигоо, Да.Ганболд гээд олон мянган журмын нөхдийн маань зорилгоо нэгтгэн нөхөрлөж, тунирхаж, эвлэж, инээлдэж, шатаж тэмцэж явсан өдрүүд өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Та бидэнд, Монголын Ардчилалд том зорилго, алсын хараа бий. Түүнийхээ төлөө хамтдаа зүтгэнэ ээ.

Мөн хүнд цаг үед хийж бүтээх үйлсийн төлөө зорилгоо нэгтгэн зүтгэсэн бүхий л хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа ах дүү болж сэтгэл нэгтэй ажилласан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон, зөвлөхүүд болон намын ар талыг хатан ухаанаар гал цогтой хариуцсан генсек Ц.Оюундариар ахлуулсан намынхаа бүх хамт олонд онцгойлон талархаснаа илэрхийлж байна.  Эх орныхоо хувь заяаг нуруундаа үүрсэн журмын андуудын маань хараа хурц, ухаан саруул, зорилго зөв, үйлс ариун, эв эе нь улам батжих болтугай.  Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье”.

 

Э.Мягмар