sonin.mn

БРИСБЕН. /АР/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг улс руугаа нэвтрэхийг зогсоох шинэ төлөвлөгөөгөө Британийн Ерөнхий Сайд Дэвид Камерон танилцууллаа.

Австралийн Брисбен хотод “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Канберра дахь тус улсын парламентад Камерон үг хэлэхдээ энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

“Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд нэгдсэн, тус бүлэглэлийн ажиллагаанд оролцож байж болзошгүй хэнийг ч Британи руу нэвтрүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээг манай улсын Засгийн газар авна гэж Камерон хэлжээ.

Британи руу нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн компаниуд засгийн газрын жагсаалтад байгаа сэжигтнүүдийг хянах ажлыг хариуцна гэж мөн тэрбээр мэдэгджээ.

Хэрвээ иргэний агаарын тээврийн компани алдаа гаргавал Британи руу нислэг үйлдэх боломжгүй болно.

Өнгөрсөн хэдэн жилд улсынхаа 500 гаруй иргэнийг Сири болон Ирак руу босогчдын бүлэглэлүүдэд нэгдэхээр явсан гэж Британий Засгийн газар сэжиглэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: