sonin.mn

БРИСБЕН. /ВВС/. Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт албан ёсоор дуусахаас өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нутаг буцлаа. Дээд хэмжээний уулзалт Австралийн Брисбен хотод болж байгаа юм.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр, бямба гарагт Өрнөдийн улсуудын удирдагч нар Украины хямралтай холбогдуулан Путиныг эрс шүүмжилсэн байна. Гэхдээ тэрбээр энэ дээд хэмжээний уулзалтыг “үр ашигтай, ажил хэрэгч уулзалт” гэж тодорхойлжээ.

Уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр дэлхийн удирдагч нар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

2018 он гэхэд эдийн засгаа тооцоолж байгаагаасаа хоёр хувиар илүү өсгөх зорилтыг тэд дэвшүүлэх аж.

“Орос руу олон цаг нисч хүрдгээс гадна би нойр авахыг хүсч байгаа учраас ням гарагт албан ёсны мэдэгдэл хийхээс өмнө нутаг буцлаа” гэж Путин хэлсэн байна.

“Бидний санаа бодол зарим талаар нийлэхгүй байгаа ч дээд хэмжээний уулзалт маш үр ашигтай болж байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн мөн хэлжээ.

Украины байдлыг ОХУ тогтворгүй болгож байгаад нэгдсэн хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр Европын улсуудын удирдагч нартай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уулзахаар товложээ.

Бямба гарагт Канадын Ерөнхий сайд Стефен Харпер, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Британийн Ерөнхий Сайд Дэвид Камерон нар Путиныг эрс шүүмжилсэн байна.

Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч босогчдод туслахаар ОХУ цэрэг болон хүнд зэвсэг илгээж байна гэсэн мэдээллийг Кремлийн ордон үгүйсгэсээр байгаа билээ.

Энэ оны гуравдугаар сард Украины Крымыг улсдаа нэгтгэсэнтэй нь холбогдуулан ОХУ-д АНУ болон Европын улсууд хориг арга хэмжээ авсан юм.

Харин Ерөнхийлөгч Путин бямба гарагт телевизэд ярилцлага өгөхдөө “Хориг арга хэмжээ ОХУ төдийгүй дэлхийн эдийн засагт хохирол учруулна” гэж хэлэн, цуцлахыг уриалжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг