sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамны хашаанд сагсан бөмбөг, талбайн теннис, волейболын иж бүрэн талбайг нээх ёслол 2014 оны 11 дүгээр сарын 15-нд болов.

Уг талбайг байгуулахад хөрөнгө мөнгө хандивласан Бурса хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Четин Иылдырым, Кайсери хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Хасан Хаскараман, Самсун хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Мехмет Сүнгүр нарт элчин сайд Б.Батхишиг баяр хүргэж, дурсгалын бичиг гардуулав. Ийнхүү Анкара хотод суралцаж буй Монголын 200 гаруй оюутнууд чөлөөт цагаараа тоглож байх спортын талбайтай боллоо.

Спортын талбайн нээлтийн үеэр Монголын оюутнуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн явуулахад Цагдаагийн академийн оюутны баг тэргүүн байр эзэлж, Анкара ба Гази их сургуулийн оюутны нэгдсэн баг удаалав.

Тус Элчин сайдын яамны атташе, теннисний спортын мастер Т.Оч, Туркийн тамирчин Мурат Хаяруллахоглу нар талбайн теннисний үзүүлэх тоглолт хийв. Мөн саяхан болсон байлдааны самбо бөхийн Туркийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд түрүүлсэн Анкарагийн их сургуулийн оюутан Н.Баяраад мөнгөн шагнал гардуулав.

Тус Элчин сайдын яамныхан өмнө нь ширээний теннис, снукер биллиардын танхим, хүүхдийн тоглоомын талбайг өөрсдийн санаачлага, хөрөнгөөр байгуулжээ.