sonin.mn

БРИСБЕН. /ВВС/. Мөнгө болон төсвийн уян хатан бодлогоор дамжуулан эдийн засгаа тогтвортой, тэнцвэртэйгээр өсгөхийг уриалсан тунхаг бичиг гаргаснаар Австралийн Брисбен хотноо хөгжингүй болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.

Хөгжингүй болон хөгжиж буй 20 улсын удирдагч нар ням гарагт дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд эрчим хүчийг үр ашигтай хэрэглэхээс гадна өөр арга хэмжээ авах асуудлыг хэлэлцжээ.

“Их-20”-ийн тунхаг бичигт “Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан, тэнцвэргүй байна” гэсэн байна. Мөн үүнд “Төв банкууд эдийн засгийн өсөлтөө дэмжиж, дифляцийн дарамтыг шийдвэрлэх мөнгөний бодлогуудыг хэрэгжүүлнэ. Ингэснээр улс орон бүрийн эдийн засаг тогтвортой, тэнцвэртэй өснө” гэжээ.

Санхүүгийн байдалдаа анхаарал хандуулахын зэрэгцээ төсвийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг засгийн газруудад уриалсан байна.

Түүнчлэн дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд засгийн газар, хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагууд хоорондоо мэдлэг, туршлагаа хуваалцах шинэ байгууллагыг байгуулахаар “Их-20”-ийн гишүүн улсууд тохиролцжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: