sonin.mn

АМСТЕРДАМ. /Reuters/. Украины зүүн нутагт ослын газраас Малайзын нисэх онгоцны хэлтэрхийнүүдийг өнгөрсөн амралтын өдрөөс цуглуулж эхэлсэн гэж Нидерландын аюулгүй байдлын зөвлөл мэдэгдлээ.

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH-17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцны ослоор 298 зорчигч, нисэх онгоцны багийн гишүүд амь эрсэдсэн юм.

Тус нисэх онгоц Нидерландаас Малайз руу явж байсан билээ.

Өнгөрсөн есдүгээр сард гал зогсоохоор зөвшилцсөн ч ослын бүс орчимд Украины засгийн газар болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд үе үе байлдааны ажиллагаа болж байгаа үед онгоцны хэлтэрхийнүүдийг бүрэн цуглуулах ажиллагаа явуулж байгаа нь анх удаа юм.

Энэ ажил олон улсын тусламжийн байгууллагын оролцоотойгоор хэд хоног үргэлжлэх аж.

Тус нисэх онгоцны хэлтэрхийнүүд өргөн талбайд цацагдсан учир бүх хэсгийг цуглуулахад амаргүй харагдаж байна. Ослоос хойш дөрвөн сар өнгөрөөд байхад есөн хүний цогцос яасан нь тодорхойгүй байна.

Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүд тус нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар харван унагаасан гэж АНУ болон Европын улсуудын үзэж байгаа юм. Гэхдээ Оросын Засгийн газар үүнийг эрс үгүйсгэж, осолтой ямар ч холбоогүй гэж байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: