sonin.mn

Баянзүрх дүүргийн XIII, XV хорооллын төв замын хашлагыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас сольжээ. Хамгийн гол нь хашлагыг нь шинэчилсэн ч явган хүний зам өмнөхөөсөө нарийн болсон аж. Үүнд иргэд шүүмжлэлтэй байгаа юм байна. Энэ талаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга Д.Энхсайханаас тодрууллаа.

-Нийслэлийн төв замын эвдэрч, хэмхэрсэн автозамын хашлагыг танайхаас хариуцаж, засдаг. Үүнд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Хэдэн төгрөгөөр замын хашлагыг сольсон бэ?

-Ер нь автозамд 30 гаруй төрлийн арчлалт хийдэг. Үүний нэг нь замын хашлагыг солих юм. Энэ жил замын хашлага сольж, засах ажилд 187 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгөөр 5650 метр замын хашлага сольсон.

Тухайлбал, Үйлдвэрчний эвлэл, Дамдинсүрэнгийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний хэсэг, Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооноос МҮОНРТ-ийн зүүн талын замын хашлагыг шинэчилсэн.

-Зам засварын ажил хийх үеэр замын хашлагыг сольсон зүйл харагдаагүй. Дээрх ажлыг хэзээнээс эхэлж хийсэн бэ. Танай нэгтгэлийн зүгээс хийж хэрэгжүүлэх ёстой ажил хэдэн хувьтай байна вэ?

-Манай нэгтгэлийн үр дүнгийн гэрээнд заасан ажлын явц одоогоор 90 хувьтай байна. Замын эвдэрч, хэмхэрсэн хашлагыг засах, солих ажлыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн.

-Энэ удаад зөвхөн төв замын хашлагыг зассан юм байна. Эмтэрч, хэмхэрсэн бусад хашлагыг хэзээ солих вэ?

-Ирэх оны төсөв батлах талаар ярилцаж байна. Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан энд тэнд эвдэрч, хэмхэрсэн хашлагууд их байна. Дахиад үзлэг шалгалт хийж, тэдгээрийг ирэх жил засах боломжтойг нь засч, боломжгүйг нь солино.

-Өвлийн улиралд цас их орсон үед гудамж, талбайд хальтиргаа үүсдэг. Ингэснээр автозамын осол гарах нь ч ихэсдэг. Өвлийн бэлтгэлээ бүрэн хангаж чадсан уу?

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд энэ жил манай нэгтгэл хотын төвийн 300 гаруй километр замыг хальтиргаа гулгаагүй байлгах үүрэг хүлээж ажиллана. Үүний хүрээнд 560 тонн давс, цас арилгаж, давс цацдаг 15 машин, техник бэлтгэсэн.

С.Юмсүрэн

Эх сурвалж: