sonin.mn

УИХ ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа баталлаа. Гэвч Ерөнхий сайдгүй,  салбарынх нь ч сайдгүйгээр баталсан нь түүхий төсөв боллоо гэх шүүмжлэлд өртөх гол шалтгаан болж байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Хууль тогтоогчид 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг хугацаанд нь батлахаар хэт яарчих шиг боллоо. Богино хугацаанд баталсан хууль нь хэр үндэслэл, тооцоотой байсан бол?

-Яах вэ, хуулиа баталлаа. Гэхдээ Монголын түүхэнд байгаагүйгээр Ерөнхий сайдгүй, салбар хариуцсан яам нь байхгүй эзэнгүй төсөв батлагдсан гэж болно. УИХ нэгэнт хэлэлцээд эхэлсэн гэдэг утгаараа бараг хүчээр  төсвийн асуудалд хандлаа.

Харин УИХ дахь намын бүлгүүдээс бүрдсэн намуудын ажлын хэсэг сайн ажилласан. Уг нь төсвөө батлахаас өмнө Ерөнхий сайдаа томилсон бол дараа дараагийн асуудлуудад хэрэгтэй байлаа. Төсөв дээр ажилласан ажлын хэсгүүдээс тодорхой саналууд гарсан.

Тухайлбал, эдийн засаг хямралтай байгаа энэ үед улсын төсвийн урсгал санхүүжилтээс тэр дундаа захиргааны зардлаас хасалт хийж танах нь зүйтэй  гэсэн санал оруулж ирсэн. МАН-ын бүлэг өргөн барьсан төсвөөс 250 тэрбум төгрөгийг танах санал оруулсан.

Ялангуяа, төсвийг ерөнхийлөн захирагч нартай холбоотой сүүлийн жилүүдэд төрд тансаглал бий болсон. Үрэлгэн, үргүй зардал ихэссэн. Орон тоо нэмэгдсэн. 2012 оноос хойш нийтдээ 30 гаруй мянган төрийн албан хаагч нэмэгдсэн.

Үүн дотор сул орон тоо нэмэгдэж, тодорхой зорилгогүй олон сантай болсон. Энэ мэт урсгал зардалтай холбоотой зүйлд анхаарал хандуулсан. Өмнөх хоёр жилийн төсөвтэй харьцуулахад харьцангуй урсгал зардлыг бууруулах чиглэлд дорвитой ахиц гарлаа гэх байна.

-Цаг хугацаанд хавчигдаж төсвөө баталсан учир тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж байсан?

-Ирэх оны нэгдүгээр улиралд багтаж төсвийн тодотгол хийх байх. Шинэ Засгийн газар байгуулагдахаар Засгийн газрын үйл ажиллагаа бодлого өөрчлөгдөж таарна. Үүнтэй холбоотой төсөвт зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнээс ч илүү шаардлагагүй хөрөнгө оруулалтыг танах талаар зоригтой алхам хийх боломж бий.

УИХ-ын гишүүн Б.Болор тэргүүтэй гишүүд ирэх оны төсөв дээр сайн ажилласан. Харамсалтай нь, АН-ын бүлгийнхэн төсвийн асуудлыг ярилцсангүй. Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.

-Тодотгол хийхдээ ямар асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй бол?

-Төсөв хэлэлцэж байх үеэр бид хэд хэдэн асуудлыг хөндсөн. Тухайлбал, эргээд эдийн засгийн хувьд үр дүнгээ өгөхгүй байгаа хөрөнгө оруулалтуудыг яах вэ. Үр дүн муутай олон барилгын ажлыг эхлүүлээд орхисноо яах вэ.

Орон нутагт шаардлага багатай газрууд руу зам тавьж байгаа зэрэг асуудлууд бий. Эдгээрийг хөндөх ёстой. Харин хэрэгцээтэй байгаа зүйлдээ хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна гэдэг. Төрөх эмнэлэг, сургууль зэрэг яаралтай хэрэгцээтэй ард иргэдийн амьжиргаанд тустай асуудалд харьцангуй бага мөнгө тусгагдсан байх жишээтэй.

Хэрэгцээгүй албан байгууллагын барилга барих асуудлыг цаашид цэгцлэх ёстой. Тиймээс төсвийн тодотгол дээр үүнийг ярих болно. Бидний зүгээс нэг их наяд төгрөгийг танах санал гарга­сан. Харин явцын дунд урс­гал зардлаас 250 тэрбум төг­рөгийг хасахаар шийдлээ. Үлдсэнийг хөрөнгө оруулалтаас хасах болсон.

-Энэ удаагийн төсвийн гол онцлог нь хямралаас үүдэн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр хассан гэж байгаа. Хэмнэхийн хэрээр цалин, тэтгэвэрт илүү хөрөнгө мөнгө төсөвлөж чадсан болов уу?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж дээр үнэхээр хангалтгүй мөнгө төсөвлөгдсөн. Бид эдийн засгийн хямралаас гарах өөр нэг зам бол иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх юм. Ингэж байж бараа эргэлт нэмэгдэж эдийн засаг өсөх боломжтой болно.

Тэр утгаараа ажлын байрыг хадгалж үлдэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Одоогийн байдлаар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх байтугай тохируулга ч хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, инфляцтай уялдуулан жил бүр цалин нэмэх асуудлыг тавих ёстой байдаг. Гэтэл тэр нь ч яригдаагүй.

Ирэх оны төсөвт 300 тэрбум төгрөгийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл тавьж байгаа. Өмнө нь 500 тэрбум төгрөгийг тавиад дээрээс нь 2.5 дахин нэмнэ гэж байсан ч бүтээгүй. Одоо урсгал зардал болон хөрөнгө оруулалтаас хасагдаж орж ирж байгаа мөнгөөрөө цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх ёстой.

-Ирэх оны төсөв мөнгөний бодлоготойгоо хэр уялдаатай болов?

-Цаашид Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкнаас гар­гаж байгаа мөнгөний бодлоготой уялдуулж төсвийг илүү ойлгомжтой болгох талд анхаарна. Төсвийн төлөвлөлтийг ойлгомжтой болгох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

Энэ удаагийн төсвөөр шийдсэн нэг зүйл бол улсын төсвөөр өмнө нь эхэлсэн олон барилга байгууламж бий. Тэдгээрийг барьж байсан аж ахуйн нэгж, компаниуд цаана нь байгаа.

Тэр барилга байгууламжийг балгас болохоос нь өмнө хөрөнгө оруулалтыг нь шийдье. Хэдий хөрөнгө санхүү муу байгаа ч цэцэрлэг сургуулийн барилгыг ашиглалтад оруулах шийдвэр гаргасан нь сайн хэрэг.

-Тэгэхээр ирэх онд шинээр бүтээн байгуулалт хийгдэхгүй гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар энэ оны төсөв нэг их наядаар тасрах байх. Сангийн яамнаас 880 тэрбум төгрөгөөр тасарна гэж байгаа ч жилийн эцсийн гүйцэтгэлээр нэг их наяд болно. Тиймээс ирэх жил шинээр бүтээн байгуулалт хийхгүй. Түүнд зарцуулах мөнгө төсөвлөгдөөгүй.

Шинэчлэлийн Засгийн газар нэг буруу чиг хандлага тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2015 оны нэгдүгээр сард манай улсын эдийн засаг ямар төвшинд байх бол гэсэн дүр зургаа тодорхойлдоггүй. Энэ оны төсвийн тодотголоо хийгээгүй байж ирэх оныхоо төсвийг яриад эхэлчихдэг.

Ийм байдлаар ирэх оны төлөвлөлт бодитой гарч чаддаггүй. Тухайлбал, энэ оны ажлаа хийж дууссан олон аж ахуй нэгж, компани Сангийн яаманд хийсэн ажлын хөлсөө авах гээд дугаарлаж байна. Тэдний мөнгийг оны эцэст өгч чадах эсэх нь тодорхойгүй. Тодруулбал, тухайн хүмүүсийн мөнгө нэг их наядаар тасарч очих юм.

Ингэж тасарсан мөнгийг ирэх онд яаж суулгах юм.Гэтэл ажлын хөлсөө улсаас авах гээд хүлээж байгаа компаниудын мөнгийг өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс ирэх оны эхэнд энэ оноос ирэх он руу шилжиж очих мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайгаа төсвийн тодотголоор ярина.

Энэ оныхоо төсвийн тодотголоо хийсний дараа ирэх оны төсвийг ярих ёстой. Төсөв дээр яригдаж байгаа тоонуудаасаа эхлээд бүгд худал яваад байна гэдэг нь ийм учиртай юм.

-Энэ оны төсөвт Цэвэр агаар зэрэг сангуудын санхүүжилтийг 50 хувиар бууруулсан. Ингэснээр төсөвт ахиц гарах уу?

-Аялал жуулчлал, Соёл урлагийг хөгжүүлэх, Эрүүл мэндийг дэмжих, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Сургалтын төрийн сан, Байгаль хамгаалах, Цэвэр агаар сан зэрэг улсад маш олон сангууд байдаг.

Эдгээр сан хэрхэн үйл ажиллагаа явуулж байдаг талаар араас нь ямар ч хяналт байдаггүй. Мөнгөө яг ямар асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж байгааг УИХ хянаж чадахгүй байна. Зарим тохиолдолд салбарын сайд өөрийн улс төрийн зорилгоор илүүтэй ашигладаг.

Эсвэл тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж мөнгө хий дэмий үрэгддэг байдлыг цэгцлэх үүднээс эхний ээлжинд энэ сангуудын нийт зардлыг 50 хувиар бууруулсан. Зарим сангуудын санхүүжилтийг 100 хувь зогсоосон. Ингэж байж яг юунд зориулахыг нь тог­тоож эргээд санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ.

-Монголбанкны валютын нөөц дууссан гэх юм. Гэтэл ам.долларыг 1750 төгрөгт барина гээд байгааг хэрхэн зохицуулах вэ?

-Бидэнд өгч байгаа мэдээллээр валют хасах хувьтай байх шиг байна. Товчхондоо Монгол Улсын нийгэм, эдийн засаг маш хүнд магадгүй жолоодлогогүй ангал руу ороход бэлэн байна. Эдийн засгийн томоохон суурь нөхцлүүдээ авч үзэх хэрэгтэй.

Ойрын 5-10 жилд юу хийхээ хэлэлцэх цаг болсон. Эдийн засгийн том төслүүд байна. Үүнийгээ ярихгүйгээр цаашид бид нэг ч алхаж чадахгүй. Ам.долларыг 1750 төгрөгөөр тооцож байгаа. Гэвч энэ нь худал тоо.

Өмнөх жилүүдэд 1384 төгрөгт барина гэж ярьж байсныг бодвол арай дээр. Гэхдээ 1750 төгрөгт хүргэхийн тулд ам. долларын дотогшлох урсгал буюу Монгол руу орох нөхцөл байдлыг сайжруулж, нээж өгөх хэрэгтэй.

Ингэхийн тулд эдийн засгийн хэдэн томоохон төслүүдээ хийж хөрөнгө оруулалтыг татах ёстой. Одоогоор гадаадын хөрөнгө оруулалт хэд дахин буусан байдалтай байгаа. Ядахдаа эхний ээлжинд 2012 оны төвшинд хүрэх ажлыг яаравчлах хэрэгтэй.

Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж: