sonin.mn

Улс төрийн хүрээнд таамаглаж байснаар УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын дарга боллоо. Ирэх сарын 8-нд болох тус намын Их хурлаар намын даргын албан тушаалд түүнийг батламжлах юм байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргынхаа ажлыг өгч буйгаа мэдэгдсэнээр З.Энхболд түүний ажлыг хүлээн авч, “2016 оны сонгуульд намаа ялуулах болно” хэмээн мэдэгдэж  тамгыг нь гардан авчээ.

Ардчилсан намын дарга болоход түүнд нэг ч өрсөлдөгч байсангүй.  АН-ын шинэ дарга удахгүй бүрдэх шинэ Засгийн газрын бүтэц, Ерөнхий сайдын томилгооны талаар ийн байр сууриа илэрхийлэв.

-Танай намын ҮЗХ-ны хурал ямар уур амьсгалд болж өнгөрсөн бэ. Хурал хэвлэлийнхэнд хаалттай болсон учраас энэ тухай мэдээллийг таниас авмаар байна?

-ҮЗХ-ны хуралдаан эрүүл уур амьсгалтай болсон. Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулдаг горимоор хоёр нэр дэвшигчид гишүүд ижил асуулт тавьж хариулт авсан.

Нийт 20 гаруй гишүүн нэр дэвшигчдэд асуулт тавьж тэд гурав, гурван минутаар хариулсан. Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдсөн бөгөөд Ерөнхий сайдаар ажиллавал улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргах төлөвлөгөөтэй ажиллах зорилт тавьсан байсан.

“Хэн ялсан нь үр дүнг хүлээн зөвшөөрнө шүү“ гэж гар бариад, санал асуулгадаа орсон. ҮЗХ-ны гишүүд нэр дэвшигчдийн асуултад хариулсан байдлаас харж, өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгцгөөсөн гэж бодож байна.

-Та намын дарга болсон учраас Ерөнхий сайд болно гэсэн үг үү. Энэ тухай хуулийн заалт байдаг уу?

-Ялсан намын дарга нь Ерөнхий сайд  байна гэсэн заалт Улс төрийн намын тухай хуульд байгаа юм. Гэхдээ энэ хууль, Үндсэн хууль нь бүгд олонхитой намын үед батлагдсан хууль.

Парламентад олонх, цөөнхтэй байна гэж төлөвлөж хийсэн хууль. Тэгэхээр энэ хуулиуд парламентад олонхигүй бол яах вэ гэдэг 33.2 дахь заалтыг 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр хийсэн байгаа юм.

Олонхигүй парламент сүүлийн 24 жилийн дотор хоёр дахь удаагаа тохиолдож байна. Хоёр удаагийн тохиолдолд янз бүрээр шийдсэн. Энэ удаагийн тохиолдолд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох юм бол Засгийн газарт нь улс төрийн намуудын дарга нар орохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Яагаад ингэж болохгүй гэж. Намын дарга нар Засгийн газарт орж ажиллаж болохгүй тухай хууль бий юү?

-Засгийн газар гэдэг бол гүйцэтгэх ажил дээр шуурхай удирдлага хэрэгжүүлдэг байгууллага. Түүн дотор олон намын дарга орчихоод “манай  нам ингэж үзэж байна, танай нам тэгж үзэж байна” гээд сөргөлдөөд байх талбар бол Засгийн газар биш.

Тийм учраас намын дарга нар Засгийн газарт орохгүйгээр үлдсэн хоёр жилд туршаад үзье. Үндсэн хуулийн агуулгад ч нийцнэ гэж бодож байгаа.

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ. Бусад нам, эвслийн бүлэгтэй хэрхэн хамтран ажиллах тухайд намын даргын хувьд ямар саналтай байгаа вэ?

-Ерөнхий сайдыг томилогдоогүй байхад Засгийн газрын бүрэлдэхүүний тухай ярихад эрт байна. Ирэх даваа гаригаас  эхлээд Ерөнхий сайдыг намын бүлгүүдтэй зөвшилцөн томилно. Түүний дараа хамтрах эсэхээ шийднэ.

Үндсэн хуулийн 33.2 дахь заалтын дагуу аль ч нам олонх болоогүй учир хамгийн олон суудал авсан нам буюу Ардчилсан нам Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй яриа хэлэлцээ хийнэ гэсэн үг.

Мягмар гаригт УИХ-ын чуулганыг хуралдуулж Ерөнхий сайдыг баталсны дараа ажлын хэсгүүд гарч Засгийн газарт хамтрах эсэхээ тохирно. Иймд нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн ирээдүйд бүрдэх кабинетын тухай ярихад эрт байна.

-УИХ дахь АН-ын бүлэг Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Бүлгийн 27 гишүүн түүнд санал өгсөн, харин тэд Ч.Сайханбилэгийг дэмжээгүй гэсэн үг. Тэгэхээр нэр дэвшигч УИХ-аас дэмжлэг авч чадах уу?

-Бүлэг дэмжих үү, үгүй юу гэдэг асуулт зүй ёсоор гарах байх гэж бодож байна. Бүлэг бол ҮЗХ-нд нэр дэвшүүлж оруулсан. Одоо бол шинэ нөхцөл байдал үүссэн. Ардчилсан намын бүлэг ҮЗХ-ныхоо шийдвэрийг хүндэтгэх ёстой.

Олуулаа болсон намын дээд байгууллага нь учраас ҮЗХ нэр дэвшүүлж бүлэгтээ оруулна. Эхлээд Ардчилсан намын бүлэгт нэр дэвшигчийг оруулж дэмжүүлнэ. Мөн бусад нам, эвслийн бүлэгт оруулж нэр дэвшигчийг танилцуулна.

Яагаад гэвэл бид 39 гишүүнтэй болж чадаагүй, Ерөнхий сайдаа дангаараа томилох хэмжээний олонх болоогүй. Иймд өөрийн Ерөнхий сайдаа дэмжүүлэх ажлаа хийнэ гэсэн үг.

-Засгийн газрын сайд нарыг шинээр томилохдоо парламентын гаднаас томилохыг чухалчлах уу, эсвэл дотроосоо томилох болов уу. Гаднаас томилж илүү мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэж сүүлийн үед нэлээд ярьдаг болсон шүү дээ?

-Түрүүчийн Ерөнхий сайдыг бид “ингэж, тэгж ч ажилла, давхар дан дээлтэй бай, энэ тэр фракцийн хүнийг сайдаар ав” гэж шахсаар байгаад үндсэндээ хоёр жилийн турш ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. 

Энэ удаагийн Ерөнхий сайдад тэр эрх чөлөө нь байгаа. Хуулиар гаднаас, дотроос ч байж болно. Аль болох олон сайдыг гаднаас авч мэргэжлийн маягийн Засгийн газар бүрдүүлвэл сайн. Гэхдээ энэ бүхнийг шийдэх эрх нь Үндсэн хуулиар Ерөнхий сайдад өөрт нь бий.

Ардчилсан намын гишүүдэд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид ч ийм эрх байхгүй. Засгийн газраа хэрхэн бүрдүүлж авч явах вэ гэдэг нь Ерөнхий сайдын өөрийнх нь эрх бөгөөд үүрэг байгаа.

-Танай нам дотроо олон бүлэг, фракцтай нь нууц биш. Засгийн газрыг унагахад таны удирддаг “Шонхор” фракцийнхан оролцсон гэдэг шүү дээ?

-Ер нь бол тийм зөрчил байгаагүй. Зөрчилтэй юм шиг харагдуулдаг нэг хэсэг байсан. Ер нь фракциуд бий, гэхдээ рам дотроо байх ёстой. “Шонхор” фракц бол миний хувьд бусадтай адилхан хэмжээнд очиж байгаа. Би Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч гэсэн албаасаа албан ёсоор больж байгаа.

Олон фракц байна гэдэг нь нам дотор эрүүл байгаагийн илрэл болохоос биш зөрчлийн эх үүсвэр байх ёсгүй. Фракцийн дээр нам, намын дээр төр байна.  Иймд төрийн ажлыг бид эхэлж чухалчилж явна.

Ийм сэдвийг хэвлэлийнхэн дэврээгээд байх хэрэггүй. Хэн нь хэнтэйгээ яаж тохирсон тухай яриад байх сэдэв ч биш. Анх удаа Ардчилсан нам фракцаа, намаа бодолгүй, төрийн ажлыг бодож эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ л гаргаж байгаа. Тэр нь олонхийн саналаар  Ч.Сайханбилэг болсон.

Түүний хувьд 12 хүний саналаар илүү байсан. Энэ нь Ардчилсан нам дотор олон үзэл бодол эрүүл чөлөөтэй оршиж байгаагийн шинж болохоос биш зөрчил ялгаварлахын шинж биш.

Цаашид АН бодлогоороо, 2012 онд ард түмнээс авсан даалгавараа биелүүлэхийн төлөө ажиллахаас биш доторх фракциуд нь хэнтэйгээ яаж зөрчилдөж байгаа нь сэдэв болох ёсгүй.

-Танай намынхан “Алтангадас” фракцийнхаа удирддаг Засгийн газрыг унгасан шүү дээ. Одоо дахиад тэр фракцийн хүн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ч.Сайханбилэгийн хувьд “Алтангадас”-аас биш, Ардчилсан намаас дэмжигдсэн нэр дэвшигч. Ардчилсан намынхан ҮЗХ-ны хурлаараа фракц гэж талцалгүй улс орон гэсэн хамгийн том эрх ашиг дээрээ нэгдэж ажиллахаар болсон. УИХ-д суудалтай бусад намын бүлгүүдийг ч үлдсэн хоёр жилд нам бус улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэхийг уриална.

-Р.Амаржаргал гишүүнийг бүлгээс нэр дэвшүүлсэн нь ҮЗХ-ны тогтоолыг засварласных, дүрмийн бус байсан гэж Хяналтын ерөнхий хороо мэдээлсэн. Та энэ тухайд тайлбар өгнө үү?

-Бүлэг дээр нэр дэвших, намын дарга нэр дэвшүүлэх нь зөв, буруу гэх маргаанд би цэг тавьчихсан. Тиймээс би намын Гүйцэтгэх зөвлөлд хоёуланг нь оруулаад зөвшилцүүлээд ҮЗХ-ны хуралд оруулж өгсөн.

Төлөвлөгөөгөө яриад хоёулаа сонгуулиа явуулцгаа гэсэн. Хэн нь ч ялсан байсан со­н­гуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой гээд гар бариулсан. Тэ­гээд л ийм үйл явдал боллоо.

-Н.Алтанхуяг даргад цаашид ямар нэгэн ажил, албан тушаал санал болгох уу?

-Н.Алтанхуяг нэг хэсэгтээ УИХ-ын гишүүнээрээ ажиллах бодолтой байгаа гэсэн.

-Түүний удирдсан Засгийн газрыг огц­руу­ла­хад санал өгсөн намынхаа  най­ман гишүүнийг намаас хөөх тухай асуудал нээлттэй хэвээр үлдсэн. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Найман гишүүний асуудлыг хойш тавьж байна. Одоо бид улс орноо бодож, урагшаа харж ажиллана. Эсрэг кноп дарсны төлөө ард түмний сонголтоор гарч ирсэн хүнийг намаас хөөж болохгүй. Бүх намын дүрэмд байдаг “хөөх” тухай заалтыг хасах ёстой. Намаас хөөхөөс өөрөөр дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх мэт хариуцлага тооцох арга бий.

-Намын шинэ дарга бүтцийн өөрчлөлт хийх үү. Тухайлбал, намын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөх үү?

-Одоо өөрчлөгдөөгүй энд байна.

-Н.Алтанхуягийг огцруулахдаа түүний үүргийг Шадар сайдад хариуцуулсан нь хууль зөрчсөн гэсэн маргаан бий болсон. Энэ тухайд тайлбар өгнө үү?

-Хууль зөрчөөгүй. УИХ-ын бүх үйл ажиллагаа болдгоороо болсон.

-Ирэх сарын 8-нд болох Их хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Намын даргыг батламжилна. Мөн намын дүрэмд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болсон. Мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилт, хийсэн ажлаа дүгнэх болно.

М.Ганцэцэг

Эх сурвалж: