Зэвсэгт хүчин иргэний үүргийнхээ дагуу цэргийн алба хаахаар ирсэн шижигнэсэн залуусаар байнга сэлбэгдэж, эх орноо батлан хамгаалагчдын эгнээг баяжуулж ирсэн сайхан уламжлалтай. 2014 оны II ээлжийн цэрэг татлага дуусаад сар шахам хугацаа өнгөрч байна. Шинэ дайчдын цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт ямар байгааг сонирхож сургалтын төвөөр очлоо. Өчигдөрхөн л баруун, зүүнээ мэдэхгүй будилж асан шинэ дайчид өнөөдөр цэргийн албанд хэдийнээ дасаж алхаа гишгээ нь жигдэрчээ.
Сургалтын төвийн дарга, дэд хурандаа Ж.Мөнхбадрахтай уулзлаа. Тэрээр, шинэ дайчдын сургалтын төвийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 15-нд эхэлсэн. Цэргийн албанд дасгах сургалт батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Өмнөх сургалтын төвтэй харьцуулахад өдрийн гэрэлтэй цаг багассан учир хичээл сургалтыг шахуу, ачаалалтай явуулах шаардлага тулгарч байгаа. Мөн оройн цагаар соёл хүмүүжлийн ажил явуулахад бага зэрэг хүндрэл тохиолдож байгаа ч бид хичээлийн танхимаа түшиглэн анги хамт олноо сурталчлах зэрэг арга хэмжээг зохион байгуулж ирлээ гэж ярилаа.
Жилийн өмнөхтэй харьцуулахад, Сургалтын төв тохижиж сургалтын корпус, гал тогоо, хооллох заал зэрэг барилга байгууламжууд сүндэрлэн босч хөгжил дэвшлийг илтгэх ажээ. Хичээлийн танхимууд дайчдад онолын хичээл ороход бэлэн гэх шиг саруулхан, тохитой харагдсан. Биднийг очиход дайчид тангарагийн буудлагадаа бэлтгээд гадаа хичээллэж байсан болохоор танхимууд сул чөлөөтэй байв. Гадаа гэсэн ганцхан “танхим”-тай байсан үе улирч үзэг, цаас нийлүүлж суухад амар болжээ.
Шинэ дайчдын сургалтын төв зохион байгуулагдаад 5 дахь удаагаа, 119 дүгээр ангитай айлсаад 4 дэх ээлжийн дайчдаа хүлээж аваад байгаа ажээ. Тохижилтын ажил үргэлжилсээр, ойрын ирээдүйд Ерөнхий зориулалтын цэргийн командлалын харьяа сургалтын нэгдсэн төв болох боломжтой гэсэн үгийг зарим хүний амнаас сонсож явлаа.
Сургалтын төвийн томоохон бүтээн байгуулалтын тоонд 1000 цэргийн гал тогоо зүй ёсоор орно. Бэлтгэлийн төрөлжсөн өрөөнүүд, хоол боловсруулах танхим, хооллох заал жинхэнэ зориулалтаарааалс зайдуу ч гэсэн ая тохь, цэвэр цэмцгэр байдлыг мэдрүүлж байна. Хангалт, үйлчилгээний дарга ахмад Б.Ганжигүүр “Гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нь хоол бэлтгэх, боловсруулах ажиллагаанд хялбар байгаа. Дайчдад өдөр бүр 11, 16 цагт нэмэлт цайгаар үйлчилж байгаа болохоор гадна халуун тогоонд цай чанадаг. Бусад бүхий л ажиллагааг дотор гүйцэтгэж байна. Тогооч бэлтгэгч нар ч ажиллахад урамтай байгаа” гэж танилцуулав.
Шинэ дайчдын сургалтын төвийн ахлах тогоочоор 016 дугаар ангийн ахлах тогооч, ахлах ахлагч Н.Гэрэлтуяа ажилладаг ажээ. Өмнө нь энд ажилласан туршлагатай, Хойд Суданд эмнэлгийн багтай мэргэжлээрээ ажиллаад ирсэн түүнд хүндрэлтэй зүйл нэг их байхгүй гэж байсан. Түүний ахласан багт Зэвсэгт хүчний 013, 014, 015, 119, 120 дугаар ангийн тогооч нар багтжээ. Тэдэнд 119 дүгээр ангийн 15 байлдагч тус дэм болдог ажээ. Эдгээр дайчдыг тогоочийн мэргэжлийн сургалтад хамруулж, давхар мэргэжил эзэмшүүлсний үр шим ийнхүү гарч байгаа аж. Цэрэг дайчдын хоолыг цэрэг тогооч хийж байна гээд бас л сонин содон харагддаг юм билээ. “Гал тогоонд ажилладаг бүрэлдэхүүн нэлээд ачаалалтай ажилладаг” гэж дэд хурандаа Ж.Мөнхбадрах тодотгов. Үнэндээ ч өглөөний 4.30-д босч оройн 24 цаг хүртэл хоол бэлтгэх ажилтай зууралдана гэдэг амар байхгүй нь тодорхой. Энэ бүхэнд түүртэж хойш суудаггүй нь тэдний урам зоригтой ярианаас илт байлаа.
Хичээлийн корпус, гал тогоонд одоогоор халаалт өгөөгүй байгаа аж. Зэвсэгт хүчний 338 дугаар ангийнхан энэ ажлыг эрхэлж байгаатай тааралдаж цөөн хором ярилцлаа. Ангийн захирагч хурандаа Д.Нямсүрэн “Бид нийт 968 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэж байна. Гадна дулааны шугамын газар шорооны ажил дууссан. Одоо сувгийн ажил ид өрнөж байгаа. Хүйтэрч, цаг агаарын хүндрэл тохиолдож байгаа ч 12 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Мөн 119 дүгээр ангийн 8 айлын орон сууцны барилга, засварын ажил 40 хувьтай явагдаж байна. Ирэх сард ашиглалтад өгөхөөр шахуу ажиллаж байгаа” гэж ярилаа.
Цэргийн барилгачид ангийнхаа байнгын байрлалаас хол ажиллаж, амьдарч байгаа ч хийж бүтээх ирмүүн эрмэлзлээр дүүрэн байна. Ангийн удирдлагаас бие бүрэлдэхүүнийхээ ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхэд багагүй анхаарч иржээ. Тухайлбал, үндсэн цалингаас өөр хангамжгүй инженер, техникийн ажилтнуудынхаа цалинг ажлын үр дүнд нь суурилж 200 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Жирийн барилгачид ч халуунд халж, хүйтэнд хөрч ажилладгийн үр шимийг хүртэж, цалин гэхэд 1 саяас буудаггүй гэж захирагч өгүүлнэ лээ.
“Өөрийн хүмүүс болохоор цаана л өөриймсөг ажилладаг юм билээ” гэж дэд хурандаа Ж.Мөнхбадрах бидний ярианд хачир нэмлээ. Өмнө нь гадны нэг компани сургалтын төвд худаг барьж өгсөн нь байсхийгээд эвдэрч үйл ажиллагаанд хүндрэл учруулж иржээ. Ажил хийсэн болж оромдоод хөлсөө аваад арилсан хүмүүс дуудсан бүрд гүйж ирээд байх уу, бараг л үгүй боловуу. Харин Барилгын цэргийнхэн аливаа ажлыг сэтгэлээр хийгээд сурчихсан болохоор гологдол гаргаад байдаггүй аж.
Шинэ дайчдын байраар орлоо. Асар майхнуудын нуруу энэ жилийн I ээлжийн цэрэг татлагаас хойш амаргүй болоод тэрүү зарим нь урагдаж муудсан харагдсан. Хоёр ээлжийн цэрэг дайчид, оюутан цэргүүд, дайчилгаатай сургуулийн бүрэлдэхүүн байрлаж үүргээ зохих ёсоор гүйцэтгэжээ. Цаашдаа цэргийн нэгдсэн байр барих шаардлага байх шиг санагдсан. Цэргүүд оройд зуухаа галладаг болохоор даарч хөрөх асуудал гардаггүй гэж байсан. Жижиг зуух том асрыг бүхэлд нь дулаацуулж чадна гэдэг юу л бол. Гэхдээ энэ жилийн намар харьцангуй дулаан байгаа болохоор сүүлийн хэдэн хоногийн хүйтрэлтийг эс тооцвол цэрэг дайчид нэг их зутраагүй биз ээ.
Ангиудын удирдлага шинэ дайчдаа эргэж, санал хүсэлтийг сонсож байгаа ажээ. Бидний өмнөхөн 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэн дайчидтайгаа уулзаад явсан бол 013 дугаар ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Ж.Жаргалсайхан хөгжмийн салааныхаа бүрэлдэхүүнтэй ирж урлагийн тоглолт хийсэн гээд санаачилга, зүтгэл цөөнгүй сонсогдож байлаа. Ангидаа алба хаах дайчдыг эргэж, анхаарал тавьж байх нь ангиудын удирдлагын үүрэг байлтай. Зарим нэг ангийн удирдлага дайчиддаа бараагаа харуулаагүй сурагтай. Харин дайчид нь захирагчийнхаа нэрийг мэдэж байна лээ. Тангарагийн баяраар нь эрхэдгүй ирэх байлгүй дээ.
Ангиуд шинэ дайчидтайгаа ажиллуулахаар шилдэг тэргүүний офицер, ахлагч нараа томилж явуулжээ. Тэдний дундаас ротын захирагч ахлах дэслэгч Р.Батмөнх, ротын соёл хүмүүжлийн зааварлагч ахмад Н.Наранхүү (326), салааны захирагч дэслэгч С.Ёндонпэрэнлэй (014), ротын ахлагч ахлах ахлагч Ю.Эрдэнэбаатар (016), салааны захирагчийн орлогч дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ (119) нарын нэрийг Сургалтын төвийн удирдлага онцолж байсан. Шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох хөдөлмөрт хичээнгүйлэн шамдаж буй залуу офицер, ахлагч нар олон байгаа нь лавтай. Залуусаас дутахгүй, харин ч тэдэнд түшиг болон ажиллаж байгаа их эмч дэд хурандаа Н.Цэрэндорж нарын ахмадууд нэг бус харагдана лээ. Хээрийн халууны тогоог хариуцаж буй ахлах ахлагч Б.Алтангэрэл, ахлах тогооч ахлах ахлагч Н.Гэрэлтуяа, бэлтгэгч тогооч 119 дүгээр ангийн байлдагч С.Сумхүү нарын нэр ч энд сайчуудын тоонд дурдагдаж байсан.
Бидний очдог өдөр цастай өвөл хаалга тогшиж байгааг сануулах гэсэн мэт шуургатай хүйтэн өдөр байлаа. Энгийн хүмүүс бол халуун гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй байхаар цаг агаарын хүндрүүлсэн нөхцөлд цэрэг дайчид маань гадаа хичээл сургууль хийгээд завгүй байлаа. Өвлийн хувцсаар бүрэн хангагдсан, дээр нь залуу насны халуун цус булигалж байгаа дайчид шороо тавьсан хүйтэн шуургыг үл анзааран хичээллэж байгааг харахад бахдал төрж байлаа. Тангарагийн баяр хаяанд ирсэн болохоор жагсаалын бэлтгэлээ улам жигдрүүлэх, буудлагын дадлага, зэвсэгтэй ажиллагаа гээд ажил ихтэй байгаа харагдсан.
Шуургатай ч сургалт үргэлжилсээр... Хөлчир суусан дайчдын царайд цэргийн албаа нэр төртэй хаах итгэл дүүрэн байна. Эх орон эр цэргүүдээрээ бахархахын нэг шалтгаан үүнд буй.
Сэтгэгдэл0