sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл байгуулах тухай” А/956 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн”-ийг баталлаа.

Тус зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, орлогч даргаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга ажиллана.

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөл нь журмын дагуу Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх стратеги, хөтөлбөрт аялал жуулчлалын чиглэлээр тусгагдсан бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.