sonin.mn

БРИСБЕН. /Voice of Russia/. Австралийн Брисбен хотод болсон хөгжингүй болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан тунхаг бичигт дурдсанаар,  2016 онд тус бүлгийн дээд хэмжээний уулзалт Хятадад болно.

Уг тунхаг бичигт “Бид дэлхийн эдийн засгийн өсөлтийг өргөжүүлж, ажлын байр илүү бий болгож, хөгжлийг хөхүүлэн дэмжиж, дэлхийн дахинд итгэлцэл бий болгохоор дахин зөвшилцлөө. Энэ онд дээд хэмжээний уулзалтыг даргалсан Австралид талархлаа илэрхийлье. 2015 онд уулзалтыг Турк даргална. Бид 2015 оны 11 дүгээр сарын 15-16-нд Анталья хотод ахиц дэвшил гарсан эсэхийг хэлэлцэнэ. Харин бид 2016 онд Хятадад уулзана” гэжээ.

“Их-20” нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн асуудлыг авч хэлэлцдэг олон улсын тэргүүлэх чуулга уулзалтуудын нэг юм. Тус бүлэгт Аргентин, Австрали, Бразил, Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, БНСУ, ОХУ, Саудын Арави, АНУ, Турк, Өмнөд Африк, Япон гэсэн 19 улсаас гадна Европын Холбоо багтдаг билээ.

“Их-20”-ийн гишүүн улсууд нь дэлхийн ДНБ-ий 80 гаруй хувь, худалдааны 80 хувь болон дэлхийн хүн амын гуравны хоёр хувийг бүрдүүлдэг юм.

Г.Доржханд

Эх сурвалж: