sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Оросын хүмүүнлэгийн тусламжийн цуваа Украины зүүн нутаг дахь Донецк болон Луганск мужид хүрлээ гэж Оросын мэдээллийн агентлаг мэдэгдэв.

350 тонн ачаа бүхий 50 ачааны машин Донецкт очсон гэж Оросын Онцгой байдлын яамны Үндэсний хямралыг даван туулах төвийн дэд тэргүүн Олег Воронов мэдэгджээ. Мөн тэрбээр, замын туршид ямар нэг зүйл тохиолдоогүй бөгөөд машинууд хэвийн явж байна гэжээ.

Луганск мужид 20 ачааны тэрэг ням гарагийн өглөө очиж, ачаа тээшийг буулгаж байна. Ачааг буулгаж дуусаад машинууд Оросын Ростов муж руу хөдөлнө гэж Воронов мэдэгдсэнийг “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлжээ.

Хоол хүнс, барилгын материал болон бусад зүйл зэрэг 450 тонн тусламжийг Украины хоёр мужид илгээхээр Орос төлөвлөсөн гэж Воронов мэдэгдэв.

Ростов муж дахь Матвеев Курган болон Донецкийн хилийн хяналтын цэгт цувааг шалгасан бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид, Украины хилийн хамгаалагчид ажигласан байна.

Наймдугаар сараас хойш Оросоос Украины зүүн нутагт илгээж буй долоо дахь хүмүүнлэгийн тусламж энэ ажээ. Хоол хүнс, ус, цахилгаан үүсгэгч, эм мөн хүйтний улирлыг давах хувцас, өвлийн хангамж зэрэг бүх зүйл хүмүүнлэгийн тусламжид багтжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: